Т.БАТСАЙХАН
Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд хууль санаачлагч ажлын хэсгийнхнээс асуулт асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Жороор олгох эмийн жагсаалтыг хэрхэн шинэчлэх вэ. Эмч дээр очихоос илүү эмийн сан ороод дураараа эм авчихдаг асуудал буруу гэдгийг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна. Гэхдээ зарим эмүүд үйлдвэрлэгчээсээ хамаараад жороор олгох эсэхийг шийдэж байгаа нь шударга бус байдал, үл ойлголцлыг бий болгоод байна. Үүнийг засахын тулд ямар ажил хийж байна вэ?
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Манай улсад бүртгэлтэй 4000 гаруй төрлийн эм байна. Түүнээс 1100 орчим нь жоргүй олгогдох эмийн жагсаалтад ордог. Орц найрлага нь адилхан хэр нь жортой, жоргүй төрлөөр ялгаатай олгодог 160 орчим эм байна. Хүний эмийн зөвлөл хуралдаад энэ ялгааг арилгах, зарим эмийг жоргүй болгох шийдвэр гаргаж, эм ханган нийлүүлэх байгууллагууд руу хүсэлт өгсөн. Ирэх долоо хоногт Хүний эмийг зөвлөл дахин хуралдана. Хуралдаанаар эцсийн шийдвэрүүд гарч, эмийн бүртгэлд өөрчлөлт хийнэ. Ирэх долоо хоног гэхэд ижил найрлагатай эмүүд, зарим нь жортой, жоргүй олгодог ялгаатай байдал арилна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Е-Монголиад цахим жор системийг нээсэн. Түүнийг ашиглаж байгаа юу.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Цахим жорыг е-монголиагаар явуулж давхардал үүсгэх шаардлагагүй. Өнөөдөр манай улсад 2500 орчим эмийн сан эм олгож байгаа. Тэдгээрийн 1400 орчим нь эрүүл мэндийн даатгалаас, хөнгөлөлттэй эм олгодог. Тэдгээр эмийн сангууд руу цахим жор шууд холбогдох боломжтой.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-Ирээдүй өв сан болон хуримтлалын санг энэ онд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх юм байна. Эдгээр санд одоо үлдэгдэл хэд байгаа вэ, үүн дээр 2.3 их наядыг нэмээд хэд болох вэ. Үүнд тооцох өгөөжийг хаана, яаж бүртгэж байна вэ. Энэ сангийн мөнгөнүүдээс хаана, ямар өгөөжтэй хөрөнгө оруулалт хийсэн талаар мэдээлэл өгөөч?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Мөнгө 100 хувь Төвбанканд байгаа гэж ойлгох нь зөв. Энд өгөөжгүй хадгалаад байна гэж ярьж байгаад өндөр өгөөж амласан банкнуудад аваачиж байршуулаад юун өгөөж манатай алдсан гашуун түүх бидэнд бий. Тиймээс сүүлийн таван жилийн хугацаанд эрсдэлтэй банкнуудад мөнгө байршуулах ажлыг бүрэн зогсоосон. Ингээд Төвбанканд байршуулж байна. Төсвийн мөнгөөр бүрдэж байгаа сангууд найдвартай бас хөрвөх чадвартай байх ёстой. Энэ хоёр биелж байвал дараа нь өгөөж хайж болно. Найдвартай л хадгалж байвал өгөөж хайхгүй ч байсан болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 207 (7451)