Төмөрбаатарын БАТСАЙХАН
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар яриагаа эхэлье. АН ялалт байгуулсан цөөхөн тойргийн нэг нь Говь-Алтай аймаг боллоо. Сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Орон нутгийн сонгууль гэдэг орон нутгийн иргэдийн хувьд их чухал. Өдөр тутмын амьдралд тулгамдсан жижиг сажиг асуудлуудыг нь шийдэж болох ийм сонголт байдаг. Тиймээс энэ сонгуульд иргэд маань бараг л УИХ-ын сонгуулиас илүү ач холбогдол өгч оролцдог. Манай Говь-Алтай аймгийн хувьд өнгөрсөн хугацаанд хүний хөгжил гэдэг зүйлээр хамгийн хоцрогдсон аймаг байлаа. Мөн эрүүл мэнд, ялангуяа хорт хавдрын үзүүлэлтээрээ тэргүүлж байсан, нас баралт ч харьцангуй өндөр. Дээр нь дундаж наслалтаараа хамгийн доогуур бичигддэг. Боловсролын чанарын үзүүлэлт бас л муу. Монгол Улсын 21 аймгийн 20 дугаарт эрэмбэлэгддэг байсан. Үүнийгээ дагаад аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр ч сүүл мушгидаг байв.
Ингээд аймгийн Засаг даргын ажлыг аваад манай баг аливаа асуудлын гарц шийдлийг дээрээс харах биш дотор нь орж шийдэх гэж оролдсон. Нэн тэргүүнд эрүүл мэнд, боловсролын асуудалд анхаарсан. Хүн болгоноо 80-аас дээш наслуулах “Говь-Алтай 80+” гэдэг хөтөлбөр хэрэгжүүллээ. Ингэхдээ хорт хавдар, зүрхний шигдээс, даралт зэрэг нас баралтад нөлөөлж байгаа өвчлөлүүдийн үндсэн шалтгаан нөхцлийг тодорхойлж гарц шийдэл эрэлхийлж ажилласан. Ингэсний үр дүнд Говь-Алтай аймагт дундаж наслалт 1.6 -гаар нэмэгдсэн. Хорт хавдрын үзүүлэлт ч буурсан. Хоёрдугаарт, 21 аймгийн 20 дугаарт байсан боловсролын үзүүлэлт дээшилсэн. Монгол Улс даяар болсон олимпиадаас Говь-Алтайн хүүхдүүд медаль аваад эхэлсэн. Элсэлтийн шалгалтын үнэлгээгээрээ бид 20 дээр байсан бол өнгөрсөн жил есдүгээр байрт шалгарсан. Гүйцэтгэлийн үнэлгээгээр 2023 оны үзүүлэлтээр бид Монгол Улсдаа тэргүүлсэн шүү дээ. Тэгэхээр сая болсон орон нутгийн сонгуулиар бид дээрх ажлуудаа үргэлжлүүлж эрчимжүүлнэ гэдэг бодлого дэвшүүлж оролцсон. Говь-Алтай аймгийн АН-ын гол уриа бол хүний хөгжлөөрөө улсдаа тэргүүлэх буюу дундаж наслалтаараа эхний байрт оръё. Мөн боловсролын чанараа дээшлүүлье гэсэн зорилготой оролцсон. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудад маань эерэг үзүүлэлтүүд гараад эхэлсэн учраас иргэд маань бидэнд дахин итгэл хүлээлгэсэн гэж ойлгож байгаа. Аймгийн иргэдийн хурал 29 суудалтай. 18-д нь манай нам квотоо авч чадсан. Гэхдээ энэ ялалт тийм ч амархан ирсэнгүй. Хүндхэн сонгууль болсон. Маш их мөнгө, маш их хүчний эсрэг зогслоо. Ард түмний хувьд мөнгөнөөс илүүтэй хөгжил, эрүүл мэнд, боловсролоо сонгосон.
-Том зургаар харвал АН хангалттай амжилт үзүүлж чадсангүй. Парламентын сонгуульд ч ялгаагүй сөрөг хүчин болсон. Намынхаа дараалсан ялагдлын шалтгаан нөхцлийг та хэрхэн харж байна вэ?
-АН-ын хувьд дараалсан сонгуулиудад таагүй үзүүлэлт үзүүлж байна. Орон нутгийн сонгуулиар гэхэд хүн амын хамгийн их нь төвлөрсөн нийслэлд тавхан суудал авлаа. Зарим дүүрэгт бүр нэг ч суудал байхгүй. Дөрвөн жилийн өмнөх сонгуулийн үзүүлэлтийг АН хамгийн доод шатандаа ирлээ хэмээн дүгнэж байсан. Тэгвэл энэ удаа тэр үзүүлэлтээс нь дахиад хэдэн хувь доошилчихлоо. Ийм арчаагүй сонгууль боллоо. Тэгэхээр АН-ын хувьд энэ уналт уналтын доод цэг байх аа гэж найдаж харж байна. Манай нам иргэдээ яг өөрийн намын бодлогоо танилцуулж чадахгүй байна. Ард иргэдэд ч хүлээн зөвшөөрөгдөхгүй байна.
Манай намын удирдлагын өнөөдрийн байгаа байдал таалагдахгүй байна. Эрх баригч намын дагуул нам юм уу. Намын удирдлага нь айлын хатавчид очоод суучихсан. Олонх буюу МАН-ын бодлогыг шүүмжлэх эр зориг байхгүй. Ийм л арчаагүй байдалтай болчихлоо. Үүнээс болоод иргэд маань АН-д санал өгсөн өгөөгүй ялгаагүй гэсэн уур амьсгалтай болсон. Тэгэхээр үүнийг бид өөрчлөх ёстой. Ер нь бол өрсөлдөөн байхгүй бол тогтоол ус мууддагтай адил улс эх орны хөгжил урагшаа явдаггүй. Өрсөлдөөн, тэмцэл байсны үндсэн дээр хөгжил гэдэг зүйл ирдэг нь зарчим шүү дээ. Тийм учраас өнөөдрийн АН-ын удирдлагуудын арчаагүй байдлаас болоод л ард түмний итгэл манай намаас цаашаа хазайчихсан байна гэж дүгнэж байна. Үүнийг өөрчлөхөөс өөр аргагүй.
-Эрх баригч намын хувьд өрсөлдөхгүй, зүгээр л хамтраад явах нь зүйтэй гэсэн зарчимтай ажиллаж байна. Гэхдээ та УИХ-ын чуулган дээр намын даргадаа нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Ардчилсан намын дотоод уур амьсгал одоо ямар байгаа юм бэ?
-Өнгөрсөн 2016-2024 он хүртэлх хугацаанд манай улсад нэг нам дангаараа эрх барилаа. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд ч МАН ялалт байгуулсан. Дангаараа бодлогоо боловсруулаад явбал хөгжил гэдэг зүйлд тээглэх юмгүй хүрэх юм байна гэж итгэж өгсөн л дөө. Гэтэл одоо байгаа байдлаа хар л даа. Хамгийн энгийн жишээ гэхэд шат шатанд ямар ч хяналтгүй болсон байна. Хүчтэй сөрөг хүчин алга. Уг нь энэ хоёр байвал эрх баригчдыг шүүмжилдэг, шавхуурддаг, алдааг нь засдаг, ард түмэнтэйгээ нийлээд хяналт тавьж болдог. Гэтэл ийм хяналт байхгүй болсныг 2024 оны сонгуулиар ард түмэн маш соргогоор мэдэрлээ. Тэгж саналаа өгсөн. Гэтэл парламентад суудалтай намууд нь нийлээд явчихлаа. Нөгөө л ард түмний хяналт гэдэг зүйлийг байхгүй болгож байгаа нь харамсалтай. Тэгээд намууд нийлээд том ажил хийх юм байна. Энэ Үндсэн хуулийн болохгүй байгаа заалтуудаа өөрчлөх юм байна. Монгол Улсын хөгжлийг арай өөрөөр харж, зурж явах юм байна даа гэж бодож байсан. Гэвч энэ горьдлого талаар болж байна. Үндсэндээ бие биенийгээ хаацайлсан, суудлаа бөхөлсөн, өнөө маргаашаа аргацаасан зүйлүүд л оруулж ирж байна. Засгийн газраас 2025 онд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Тэр дунд “Тавантолгойн” цахилгаан станц, уран, газрын тос, нефть боловсруулах үйлдвэр гээд чухал шаардлагатай төслүүд байгаа ч ач холбогдолгүй төслүүд бараг тал нь байна. Тэгээд 14 мега төсөл хэрэгжүүлэхдээ 40 орчим тэрбум ам.долларын өр зээл тавих асуудлыг ярьж байгаа нь дэндүү хариуцлагагүй. Монгол Улс 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 35 тэрбум ам.долларын өр тавьсан байна. Гэтэл үүнээс нэг дахин их хэмжээний өрийг тавина гэж оруулж ирж байгаа нь зөв юм уу. Одоо оруулсан хөрөнгө оруулалтаа тодорхой хугацаанд буцаагаад төлчихөж болно. Гэтэл ямар ч үр өгөөжгүй, буцаад нөхөгдөхгүй ийм хөрөнгө оруулалт хийгээд, тэр нь эргээд энэ ард иргэдийн нуруун дээр л ирдэг дээ.
-Үр өгөөжгүй төсөл гэхээр та ямар төслийг нэрлэж байна вэ?
-Богд Уулыг нүхлээд, Засгийн газар нүүнэ гэдэг төслийг би эсэргүүцэж байгаа. Уг нь бол нийслэлийн захын дүүргүүдээ хөгжүүлэх үүднээс Засгийн газар нь захыг дүүрэг рүүгээ нүүсэн нь дээр биз дээ. Гэтэл Богд-Уулыг нүхлэх төслийн зөвхөн зурган дээр гэхэд 500 тэрбум төгрөг баталж байна. Зураг төслийг нь ийм хэмжээнд хийж байгаа юм чинь цаашлаад хэдэн их наяд, хэдэн тэрбум ам.доллараар энэхүү хот тэлэлтийн ажлыг хийх юм байна. Энэ төслийг үнэхээр дэмжихгүй байгаа. Аливаа зүйлийг хийхдээ тооцоо судалгаатай, улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд анхаарсан, иргэдийнхээ бодит амьдралыг өөрчлөх тийм өөрчлөлтүүдийг хийх ёстой болохоос биш. Зүгээр нэг зам тавиад уул нүхлээд хөгжил ирэхгүй нь ойлгомжтой шүү дээ.
-Намууд хоорондоо нэгдээд Засгийн газар байгуулчихлаа. Парламентад танай нам сөрөг хүчин болж чадах уу?
-Гурван нам нэгдээд парламентын 94 хувийг нэг талд нь гаргачихлаа. Би буруу гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн. Олонх нь олонхоороо, цөөнх нь цөөнхөөрөө л явах ёстой. Энэ асуудлыг АН-ын бүлэг анхнаасаа хэлэлцээгүй, улс төрийн хуйвалдааны зарчмаар явсан зүйл. Тийм учраас цаашид АН-ын бүлэг ямар ч хариуцлага хүлээхгүй. Хэрэв өнөөдөр Монгол Улсын төр, Засгийн газар, цаашлаад УИХ нь ингээд хуйвалдааны зарчмаар яваад байх юм уу. Өнгөрсөн гучин жилийн алдаа энэ л байсан. Үүнийг давтаж байна гэж харж байна. Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд МАНАН бүлэглэлээс салах ёстой гэж үзсэн. Тэд хуйвалдааны зарчмаар төр барьснаас болоод Монгол Улс хөгжөөгүй гэж одоо үздэг. Энэ ч үнэн байсан. Гэтэл одоо эргээд дараагийн МАНАН үүсч байна. Нөхцөл байдал ийм л болчихлоо. Уг нь бид яг л парламентынхаа зарчмаараа л явъя гэж үзээд байгаа юм. Үндсэн хуульд зааснаар олонх нь төрийн эрхээ эрхээ бариад яваг. Нөгөө тал нь хяналтаа тавиад сөрөг хүчнээ хийгээд явах ийм зарчим шүү дээ. Гэтэл Засгийн газар нь Үндсэн хуулийн бус аргаар хуйвалдааны зарчмаар байгуулагдчихаад байгаа нь үнэхээр таалагдахгүй байна.
-Парламент удахгүй төсвөө батална. Гишүүд төсөв дээр тойрог ярихгүй, төсвөө тойрогт хуваахгүй гэсэн зарчимтай байгаа гэж сонссон. Та бол Говь-Алтай аймгаа төлөөлж сонгогдсон гишүүн. Төсөвт саналаа өгсөн үү?
-Төсөв дээр тойрогт хуваарилахгүй гэдэг бодлогыг дэмжиж байгаа. Ямар ч байсан улс оронд хэрэгтэй том төсөл барьж авч, хөрөнгө оруулалт хийж, үр дүнгийг нь үзэх нь зөв л дөө. Гэтэл үр өгөөжгүй зүйлүүдэд маш их зүйл зарцуулж байна. Үүнийг шүүмжлэх хэрэгтэй. Заавал тойрогт төсөв тавих ёстой гэдэг талаасаа биш, иргэдэд өгөөж өгөх зүйл дээрх хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Алтайчуудын хувьд сургууль, цэцэрлэг барих зам, дэд бүтцийн шийдэх асуудал бий. Сумаа засмал замтай холбох асуудлыг хамгийн ихээр ярьдаг. МАН-ын мөрийн хөтөлбөрт ч энэ тухай тусгасан. Тэгэхээр эрх баригчид замыг заавал хийх ёстой. Ард иргэддээ худлаа амалж болохгүй. Үүнтэй холбоотой саналаа миний бие холбогдох байгууллагуудад хүргэсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 204 (7448)