С.УРТНАСАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /10.17/ 10.00 цагаас эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Төрөөс 2025 онд баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: - Хэд хэдэн зүйлийг мөнгөний бодлоготойгоо уялдуулж тодорхойлох зайлшгүй шаардлага байна. Ипотекийн зээлийн үндэсний тогтолцоог урт хугацаанд бий болгоход Монголбанк уриалж манлайлан оролцох ёстой гэж би ойлгож байгаа. Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарч болохгүй. Нэг жилд 20 мянган айлын орон сууц худалдаалагдаж байгаа. Үүнээс 30 гаруй хувь нь арилжааны банкны зээлээр, дахиад 30 хувь нь 6 болон 8 хувийн ипотекийн зээлээр, үлдсэн нь 30 хувиа төлчхөөд 2-3 жил хүлээж байна. Тэгэхээр ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэх, зорилтот бүлэг рүүгээ хандуулахад зайлшгүй мөнгөний бодлого гол үүрэгтэй байх ёстой. Энэ асуудлыг 2025 оны мөнгөний бодлого дээрээ тусгаж байна уу. Дараагийн нэг зүйл нь зээлийн хүүг бууруулах тухай асуудлыг олон жил ярьж байна. Та нар тал еэвэнгийн үлгэр шиг л хариулт өгөөд сурчихсан. Өмнө нь УИХ-ын даргатай Монголбанк дээр очиж ажиллахад зээлийн хүүг бууруулах хэд хэдэн боломжийг олж харсан. Зээлийн хүүг бууруулахад макро эдийн засгийн үзүүлэлтүүд чухал. Энэ асуудал дээр бид нар ерөнхий байдлаар асууж, та нар ерөнхий байдлаар хариулаад сурчихсан. Ингэж молигодсон маягаар хариулт өгөөд суумааргүй байна. Тодорхой шийдвэр хэрэгтэй.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -2019 онд Төвбанкны тухай хуульд өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтөөр Монголбанкийг тухайлсан иргэн, аж ахуй нэгж, тухайлсан салбарт зээл гаргах үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон. 2013 оноос хэрэгжүүлж байсан ипотекийн зээлийг Монголбанк хууль эрх зүйн хувьд хэрэгжүүлэх боломжгүй болсон. 2020 онд цар тахлын үед түр хууль батлаад ипотекийн зээл олгоод явж байгаа. Өнгөрсөн онд УИХ-аас баталсан төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл дотор Засгийн газарт шилжүүлтлээ ипотекийн хөтөлбөрийн Монголбанк хэрэгжүүлээд явна гэсэн байгаа. 1.2 их наяд төгрөгийн зээлийг энэ онд гаргахаар төлөвлөсөн. Орон сууцжуулалтын тухай хууль батлагдаад Үндэсний орон сууцны корпораци байгуулагдвал хөтөлбөр өөрөө Засгийн газарт шилжинэ. Монголбанк үйл ажиллагаанаас бүрэн гарах тухай асуудал биш. Монголбанкны оролцоо эх үүсвэр өөрөө эргэлтийн сан болоод банк хоорондын хяналт шалгалтыг хийгээд явж байгаа учраас. Бүх ажил хийгдээд явна. Зээлийн хүүтэй холбоотой асуудал дээр Монголбанк зээлийн хүү ямар юмнаас бүтдэг, зээлийн хүү өндөр байгаагийн шалтгааныг судалгаагаараа танилцуулж байсан гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn