Т.САЙХАН

ХҮН намаас орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар өнөөдөр /10.14/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн П.Ганзориг "ХҮН нам 2024 оны орон нутгийн сонгуулиар аймаг, нийслэл, сум, дүүрэгт 400 орчим төлөөллийг нэр дэвшүүлсэн. Эдгээр төлөөлөл маань давхардсан тоогоор 310000 орчим саналыг авсан.

Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр ХҮН намаас гурван аймагт буюу Архангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн Иргэдийн Хурал (ИХ)-д төлөөллүүд сонгогдсон. Мөн Улаанбаатар хотын Багануур, Хан-Уул дүүргийн ИХ-д төлөөллүүд сонгогдсон байгаа.

Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар намын зүгээс олон талын санал дүгнэлтүүдийг гаргахаар ажиллаж байна.

Сонгуулийн үр дүнд тов тодорхой хэд хэдэн зүйл байгааг тодотгож хэлье. Нийслэлд 45 төлөөлөл сонгогдохоор нэр дэвшсэн. Үүнээс МАН нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан боловч 45 төлөөллийн 90 хувь нь сонгогдсон байна. Энэ бол мажоритар тогтолцооны гажуудал.

Цаашдаа орон нутгийн сонгуулийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгааг энэ удаагийн сонгуулийн үр дүн харууллаа.

Ирц түүхэндээ байхгүй хамгийн бага хувьтай байлаа. Улаанбаатар хотод ирц 42 хувьтай буюу нийт сонгогчдын 60 хувь нь ирж саналаа өгсөнгүй.

Сонгуулийн ирц дахиад гурав орчим хувиар буурсан бол НИТХ-д МАН 45 суудлыг дангаараа бүрдүүлэх нөхцөл байдал ч үүсэхээр эрсдэлтэй байсан. Энэ бол ардчилсан сонгуульд байж болшгүй үзэгдэл.

100 хувь мажоритар тогтолцоогоор явж байгаагийн гажуудал. Үүнийг засах цаг нь одоо болсон. Цаашид орон нутгийн сонгуульд пропорционал тогтолцоо оруулж явуулахад манлайлж ажиллана" хэмээв. 

Эх сурвалж:www.polit.mn