Б.НЯМСҮРЭН

 

Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнгөрсөн баасан гарагт боллоо. Энэ удаагийн сонгуульд аймаг нийслэлийн 570 тойрогт, 1992 нэр дэвшигч, сум, дүүргийн 1825 тойрогт, 15286 нэр дэвшигч өрсөлдөв. Харин сонгогчдын 53 хувийн ирцтэй буюу улсын хэмжээнд 2.107.290 сонгогчдын 1.119.881 нь сонгуулийн санал хураалтад оролцжээ.  Нийслэлийн Иргэдийн хурлын нийт  45 мандатын 40-ийг МАН, тавыг АН авсан бол ХҮН-аас нэг ч нэр дэвшигч сонгогдсонгүй.  

 

Аймгуудад дахин санал хураана

 

Нийслэлийн сонгуулийн урьдчилсан дүн хэдий нь танилцуулагдсан бол аймаг орон нутагт нэмэлт санал хураалт явуулахаар болсон. СЕХ-ноос нийт 19 аймгийн 78 сумын 87 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болсныг мэдээлэв. Сумын сонгуулийн хороодын шийдвэрээр өчигдөр 74 сумын 81 хэсэгт санал хураалт явуулаад байгаа бол аравдугаар сарын 19-ний өдөр дөрвөн сумын зургаан хэсэгт нэмэлт санал хураалт болно.

Аймаг, нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө.

 

Залуучууд АН,  ХҮН-д аль алинд нь дүн тавьсан уу

 

Энэ удаагийн сонгуульд нийт 2.1 сая сонгогчдын дөнгөж 53 хувь нь оролцсон гэсэн дүнг СЕХ-ноос мэдээлсэн. Ялангуяа залуучуудын оролцоо бага, өөрсдийнхөө төлөө саналаа ч очоод өгч чаддаггүй гэсэн шүүмж их байгаа. Үнэхээр ч нийслэлд гэхэд 18-25 насныхны оролцоо 40 хувьд хүрэлгүй сонгуулийг өндөрлүүлсэн. Уг нь орон нутгийн сонгууль гэдэг хууль тогтоох Их хурлын сонгуулиас илүү ач холбогдолтой ч иргэд үүнийг төдийлөн ойлгохгүй, Их хурлын сонгууль шиг ирц бүрдүүлж чадахгүй байгаа нь харамсалтай. Амьдрах орчноо сайжруулах, өдөр тутмын амьдралаас авч буй стесс бухимдлаа бага ч гэсэн бууруулах, бодит ажил хийх нөхцөлийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрдүүлдэг. Гэвч улсын хэмжээнд сонгогчдын дөнгөж 50 гаруй хувь оролцсоны, дийлэнх олонх нь 60-аас дээш насныхан байгаа нь нөгөө л өвөө эмээ нар сонгуулийн дүнг шийдчихлээ гэх “гомдол” сошиал хуудсаар ч хөвөрсөөр байна. Гэвч нөгөө талаас харвал Их хурлын сонгуулиар итгэл хүлээлгэсэн улс төрийн хүчнүүдэд иргэд дүнгээ тавьж байгаа хэрэг ч гэж дүгнэх хэсэг байна. Учир нь Их хурлын сонгуульд сөрөг хүчин байх үүрэг хүлээсэн Ардчилсан нам, ХҮН намынхан аль аль нь сайдын суудалд тухалснаар сонгогчдын итгэлийг хөсөр хаясан гэж хэлж болно. Тиймээс ч шинэ үеийн залуучууд орон нутгийн сонгуулиар дүнг нь тавьж, идэвх оролцоо сул байлаа хэмээн дүгнэх нэг нь ч бий. Ямартай ч орон даяар үргэлжилсэн Орон нутгийн сонгууль хараахан эцэслээгүй, аймаг сумдын дахин санал хураалтын товтой үргэлжилж байна.

 

Хан-Уул дүүрэг 8-р тойрог:

•А.Амартүвшин (МАН) 27,155 санал

•Ж.Энхжаргалан (МАН) 25,889 санал

•Л.Хосбаяр  (МАН) 23,999 санал

•Г.Батсайхан (МАН) 22,448 санал

•О.Зундуйдорж (АН) 21,845 санал

•Б.Мягмар (МАН) 21,269 санал

 

Сонгинохайрхан дүүрэг 5-р тойрог:

•Ц.Төрхүү (МАН) 23,453 санал,

•Г.Батзориг (МАН) 22,624 санал,

•Ц.Баттөр (МАН) 22,309 санал,

•Э.Хулан (МАН) 21,332 санал,

•Б.Сэргэлэнбаатар (МАН) 19,521 санал,

 

Сонгинохайрхан дүүрэг 6-р тойрог:

•Х.Нямбаатар (МАН) 24,941 санал,

•Д.Ундармаа (МАН) 22,050 санал,

•Ж.Сандагсүрэн (МАН) 21,037 санал,

•Б.Хуягбаатар (МАН) 20,269 санал,

•Г.Батбаяр (МАН) 19,599 санал,

 

Баянзүрх дүүрэг 2-р тойрог:

•Г. Ууганбаяр (МАН) 13,523 санал,

•Ч.Батзориг (МАН) 12,869 санал,

•Т.Батцогт (АН) 11,872 санал,

 

Баянзүрх дүүрэг 3-р тойрог:

•А.Баяр – (МАН) 13,583 санал,

•Б.Мөнхбаатар – (МАН) 12,819 санал,

•Э.Одонтуяа – (МАН) 12,481 санал,

 

Баянзүрх дүүрэг 4-р тойрог:

•Г.Жаргалсайхан (МАН) 17,905 санал,

•Ү.Оюунзул – (МАН) 16,626 санал,

•Т.Даваадалай (МАН) 16,577 санал,

•Д.Жавхлан (МАН) 16,526 санал,

 

Багануур дүүргийн 10 дугаар тойрог:

•С.Даваасүрэн (МАН) 4,618 санал,

•Т.Отгонболд (МАН) 4,418 санал,

 

Баянгол дүүрэг 1-р тойрог:

•Ө.Сумъяабаатар (МАН) 27,595 санал

•Ж.Батбаясгалан (МАН) 25,571 санал

•Б.Сэмжидмаа (МАН) 24,137 санал

•Д.Ихбаяр (МАН) 23,592 санал

•Ч.Мэндбаяр (МАН) 23,483 санал

•Э.Энхтөр (МАН) 22,001 санал

 

Сүхбаатар дүүрэг 7-р тойрог:

•Д.Бадарсан (АН) 16,780 санал,

•Б.Ану-Үжин (МАН) 16,325 санал,

•Б.Дөлгөөн (МАН) 16,230 санал,

•Б.Эрдэнэсүх (АН) 15,787 санал,

 

Чингэлтэй дүүрэг 9-р тойрог:

•Н.Мандуул (МАН) 19,862 санал,

•Б.Мөнхбат (МАН) 17,831 санал,

•Л.Ариунтуяа (МАН) 16,400 санал,

•З.Төмөртөмөө (МАН) 15,715 санал,

 

Баганхангай дүүрэг 11-р тойрог:

•Б.Золтуяа (АН) 979 санал,

 

Налайх дүүрэг 12-р тойрог:

•Д.Наянбаяр (МАН),

•Д.Отгонсүрэн (МАН)

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 198 (7442)