Нийслэлийн Сонгуулийн хорооноос 12 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатын төлөө 476 нэр дэвшигч, есөн дүүргийн 313 мандатын төлөө 1,081 нэр дэвшигч өрсөлдөж байна. НСХ-ны нарийн бичгийн дарга Ц.Осорваань “Сонгогчдын санал хураалт хэвийн үргэлжилж байна. Хотын хэмжээнд 5,367 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ өгснөөс 5,055 иргэний саналыг өчигдөр авч, өнөөдөр өглөө саналыг машинд уншууллаа” гэсэн юм. Нийслэлийн хэмжээнд 1.1 сая сонгогч саналаа өгнө. 12:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 157,213 сонгогч саналаа өгсөн нь 15.7 хувийн ирцтэй байна. Сонгогчдын ирцийг насаар нь авч үзвэл 20-24 насныхан хамгийн бага буюу 5,7 хувьтай байгаа бол 70-аас дээш насныхан хамгийн өндөр, 39.9 хувийн ирцтэйбайна.

Нийслэлийн хэмжээнд нийт 515 хэсгийн хорооны байранд нам, эвслээс 5,417 ажиглагч сонгуулийг ажиглаж байгаа бөгөөд гадаадын долоон ажиглагч ажиллаж байгаа аж.