Т.САЙХАН 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр маргааш буюу аравдугаар сарын 11-нд болно.  Сонгуулийн санал хураалтын талаар  иргэдэд зориулан дараах мэдээллийг хүргэж байна.

- Сонгуулийн санал хураалт 2024 оны аравдугаар сарын 11-ны Баасан гарагийн 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.  

-Орон нутгийн сонгуулийн саналын хуудас нь хоёр хэсэгтэй бөгөөд дээд талд нь тухайн аймаг, нийслэлд нэр дэвшигчдийн нэрс, доод хэсэгт нь сум, дүүрэгт нэр дэвшигчдийн нэрс байна. Өөрөөр хэлбэл, нэг саналын хуудсаар хоёр шатны иргэдийн төлөөлөгчийг сонгоно.

- Мөн орон нутгийн сонгуулийн санал хураалтын нэг онцлог нь сонгогч мандатын тооноос илүүгүй нэр дэвшигчийг дугуйлж болно. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг мандатын тоотой тэнцүү тоогоор дугуйлж байж саналын хуудас хүчинтэйд тооцогдож байсан. Харин орон нутгийн сонгуулийн хувьд мандатын тооноос илүүгүй буюу цөөн хүн дугуйлж болох онцлогтой юм. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. Гэвч энэ өдөр ажиллах хувийн хэвшлийн байгууллага олон бий. Тэгвэл орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангах ёстой. Хэрэв чөлөө өгч саналаа өгөх боломжоор хангаагүй бол тухайн ажил олгогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох хүртэл арга хэмжээ авдаг. Түүнчлэн санал авах өдөр олон нийтийг хамарсан урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, зах, худалдааны төвүүд ажиллахыг хориглодог.

Эх сурвалж:www.polit.mn