Б.ГАРЬД

 

Энэ долоо хоногийн эхний өдөр Хуульчдын холбооноос зохион байгуулж, ШЕЗ оролцсон нэгэн “хэлэлцүүлэг” Баянзүрх дүүргийн шүүхийн гадаах талбайд болов. “Хуульчдын ажиллах орчин ба эрүүл ахуй, тулгамдаж буй асуудал” сэдэвт уг хэлэлцүүлгээр шүүхүүдийн байрны талаар ярьсан. Үнэндээ Монголын шүүх байгууллага, тэр дундаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүд орон байрны асуудалтай байдаг. Тэр талаар тал талаасаа ярьцгааж, зовлонгоо тоочсон юм. Шүүхийн байрны талаар шүүгчдээс гадна, прокурор, өмгөөлөгч нар очиж үгээ хэлж оролцоно лээ.  Угтаа шүүх, прокурор, өмгөөлөгч бол еэвэнгийн талууд л даа.

Тэгээд ч хэлэлцүүлэг дээр Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл “…Шүүхийн байрны асуудал бол зөвхөн шүүхийнхэнд хамааралтай биш. Бүх хуульч энд ажлынхаа цагийг өнгөрөөдөг. Шүүхийн байрны орчин, нөхцөл бол нийт хуульчдын эрүүл мэндтэй холбоотой асуудал. Шүүх хуралдааны танхимд агаар дутагдсанаас өмгөөлөгч хүчилтөрөгчийн аппараттай шүүх хуралд орж байсан тохиолдол бий. Төрийн албан хаагч найман мкв талбайд үйл ажиллагаа явуулах стандарттай. Харин шүүгч, ажилтнууд нэг мкв талбайд ажиллаж байна. Эндээс стандарт ямар их зөрчигдөж байгааг харж болно. Ажиллах орчныг сайжруулахад ямар гарц гаргалгаа байгааг хэлэлцэх гэж байна. Хуульчдынхаа эрх, ашгийг хамгаалах үүднээс бид энэхүү хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг шийдвэр гаргагч нарт танилцуулаад тодорхой үр дүн гарах байх гэж найдаж байна” гэсэн.

Мөн ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэг “…Шүүх хуралдаан хойшилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагаа удааширч байгаа шалтгаан нөхцөлийн нэн тэргүүнд шүүхийн байрны нөхцөл, шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүй байдал нөлөөлдөг. Үүнээс улбаалаад иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөж байгаа талаар шийдвэр гаргах түвшинд хэлэлцүүлэг, зохион байгуулж, танилцуулга хийж ажилласан. Монгол Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны 116 шүүх үйл ажиллагаа явуулдаг. Шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад шүүхийн 41 Тамгын газар дэмжлэг болж ажилладаг. Үүнээс 36 Тамгын газар өөрийн эзэмшлийн байртай боловч шүүхийн зориулалтын стандартын шаардлага хангасан байртай шүүх байхгүй. Түрээсийн байранд тав, орон нутгийн өмчийн байранд хоёр, прокурорын байгууллагатай нэг байранд байгаа дөрвөн шүүх байна. Шүүхийн тухай хуульд шүүхийн байранд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээс өөр ажиллагаа явуулахыг хориглоно гээд заасан байдаг. Гэвч өнөөдөр энэ хууль хэрэгжихгүй байдалтай, шүүх, прокурорын байгууллагатай нэг дээвэр дор үйл ажиллагаа явуулж байна. Иргэд Үндсэн хуулиар олгогд­сон шударга шүүхээр шүүлгэх орчин нөхцөл бүрдээгүйн улмаас шүүхэд итгэх иргэдийн итгэл буурах үндсэн шалтгаан болж байна” гэж байв.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Ариунжаргал “…Шүүхийн байрны асуудал бол дан ганц шүүгч, ажилтнуудынх биш. Прокурор, өмгөөлөгчид байнгын шүүх хуралдаантай, шүүх дээр өнжиж байна. Шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүйгээс шалтгаалаад шүүхи хурал хойшилдог. Өмнөх хурал дуусахыг хүлээж, товлосон цагаасаа хоцорч эхэлдэг. Шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүй байдлаас шалтгаалж, зөвхөн прокурор, өмгөөлөгчид төдийгүй иргэд, хэргийн оролцогч нарын эрх бас хөндөгдөж байдаг”, өмгөөлөгч П.Эрхэмбяар “…Шүүхийн байр бүх хүнд хүртээмж багатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдэд тусгайлсан үйлчилгээ байхгүй. Стандартын бус, агааржуулалтгүй, цонхгүй, өвөл маш хүйтэн, хэт жижиг танхимтай. Шилэн хананы цаана хэн юу гэж хэлж байгаа нь бараг үүдэнд сууж байгаа хүмүүст сонсогддог. Зөвлөлдөх тасалгаагүй. Цахим хэрэгсэл ашиглахад хүндрэлтэй, бараг нэг ч залгуур байдаггүй. Өмгөөлөгчтэй уулзах өрөө байхгүй. Ганц нэг шүүхэд өмгөөлөгчийн өрөө байдаг ч тэр нь хүрэлцээтэй биш” гэж ярьсан юм.

Ингэж тал талаасаа хавсайдаж шүүхийн байрны хүрэлцээ хангамж муу, шүүгч нарын ажиллах орчны нөхцөл боломж тааруу байгааг хэлэлцсэн зорилго нь 2025 оны төсөвт шүүхийн байрны асуудлыг шийдэх хэмжээний хөрөнгө мөнгийг тусгуулахад байгааг тэнд очсон ШЕЗ-ийнхэн хэлж байв.

Тэгвэл маргааш нь буюу 2024 оны аравдугаар сарын 9-нд Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нэгэн маргаан хэлэлцжээ. Тэр нь Өмгөөлөгчдийн холбооны байртай холбоотой байв. Тодруулбал, Өмгөөлөгчдийн холбоо 2007 оноос гэрээлж, 2010 оноос “амьдарч” иржээ. Баруун дөрвөн замын Гранд оффис цогцолборыг “Жигүүр гранд” компани барьсан. Өмгөөлөгчдийн холбоо 2007 оны есдүгээр сард тус компанитай Барилгад хөрөнгө оруулалт хийх, 190 мкв, бас118 мкв-тай нийтдээ 308 мкв талбайтай оффис худалдаж авах гэрээ байгуулж, гэрээний эхний төлбөр болох 50 сая төгрөгийг төлжээ. Үүнээс сарын дараа “Жигүүр гранд” ХХК руу бичиг явуулж, түүндээ “…Бид дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаатай болгох, тухайн хөрөнгөө өөрийн болгож авах үүднээс “Монгол даатгал” ХК-тай тодорхой хэлцэл хийсний дагуу тус компани нь танайд төлөх ёстой гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Тиймээс Өмгөөлөгчдийн холбоотой байгуулсан гэрээг цуцалж, “Монгол даатгал” ХХК-ийг танай компанитай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулахыг зөвшөөрнө үү” гэжээ. “Монгол даатгал” ХК-ийн тухайд хувьцааг нь Ринчиндоржийн Ариунболд, Дашцэрэнгийн Бадамдорж нар ИБУИНВУ-ын “Миллениум секюритис менежмент” гэх хуу­лийн этгээдийн хамт эзэмшдэг. Тус ком­панийн гүйцэтгэх захирлаар Лхагважавын Төр-Од бүртгэлтэй байна.

Энэ дагуу “Жигүүр гранд” ХХК-иас барилгад хөрөнгө оруулагчийг өөрчилж “Монгол даатгал” ХК болгожээ. Үүнээс хойш тус компани руу “Монгол даатгал” ХК-иас графикт төлбөр төлөгдөх болсон байна. Харин үүний цаана юу болсон гэхээр Өмгөөлөгчдийн холбоо Барилгад хөрөнгө оруулах гэрээг “Монгол даатгал” ХК-д шилжүүлэхдээ, 2008 онд үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг төлөх санхүүгийн хэрэгцээгээ хангуулах буюу сарын нэг хувийн хүүтэй 120 сарын хугацаатай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, Өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг “Монгол даатгал” ХК-иар хийлгэх зэрэг агуулга бүхий хэлцлүүдийг Иргэний хуулийн дагуу байгуулжээ.

Ингэснээр “Монгол даатгал” ХК нь Өмгөөлөгчдийн холбооны оффисын байрны үлдэгдэл төлбөрийг “Жигүүр гранд” ХХК-д төлөхөөр болсон байна. Хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөрийг “Монгол даатгал” ХК төлж, улмаар Өмгөөлөгчдийн холбоо ч “Монгол даатгал” ХК-д үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж, мөн өмгөөлөгчдийн даатгалыг ч хийлгэжээ.

Гэтэл “Монгол даатгал” ХК нь 2008 оны тавдугаар сард байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээ, 2016 оны Эвлэрлийн гэрээ зэргээс татгалзаж, Өмгөөлөгчдийн холбооны 118, 190 мкв бүхий хоёр, нийт 308 мкв талбайтай оффисыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг Өмгөөлөгчдийн холбоонд даалгуулах,  дээрх гэрээнүүдээс татгалзсантай холбоотойгоор Өмгөөлөгчдийн холбооноос хохирол хэмээн 925 сая, үл хөдлөх эд хөрөнгө ашиглаж, элэгдэл хорогдол гаргасны 255 сая  сая гаруй төгрөг нэхсэн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Харин анхан шатны шүүх үүнийг “Монгол даатгал” ХК нь Өмгөөлөгчдийн холбоотой 2008 оны тавдугаар сард байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээгээр Өмгөөлөгчдийн холбооны оффисыг үнэлж, тухайн мөнгийг сард нэг хувийн хүүтэй, 120 сарын хугацаанд Өмгөөлөгчдийн холбоо нь “Монгол даатгал” ХК-д төлж барагдуулснаар “Монгол даатгал” ХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан аьах гэрээний харилцаа юм.

Өмгөөлөгчдийн холбооноос хохирол хэмээн 925 сая, үл хөдлөх эд хөрөнгө ашиглаж, элэгдэл хорогдол гаргасны 255 сая гаруй төгрөг нэхсэн. Гэвч Өмгөөлөгчдийн холбооны оффисын үлдэгдэл төлбөрийг төлөх хэрэгцээгээ хангуулах хүсэл зоригийг “Монгол даатгал” ХК хүлээн зөвшөөрч, Өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг “Монгол даатгал” ХК-иар хийлгэх хүсэл зоригийг Өмгөөлөгчдийн холбоо хүлээн зөвшөөрч, Санхүүгийн түрээсийн гэрээ, Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан боловч Иргэний хуулийн 56.1.1, 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. “Монгол даатгал” ХК нь Хамтын ажиллагааны болон Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлж өгөөгүй, “Жигүүр гранд” ХХК шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгүүдийг 2012 оны зургадугаар сёарын 22-нд өөрийн өмчлөлд бүртгүүлсэн. Өмгөөлөгчдийн холбоо 2009 оны есдүгээр сараас эхлэн тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшилдээ авч, ашиглаж байгаа… зэрэг үндэслэлээр “Монгол даатгал” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Өмгөөлөгчдийн холбоог дээрх хоёр хэсэг, нийт 3008 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоож, зохих бүртгэл хийхийг Улсын бүртгэлтийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ч мөн ийм шийдвэр гаргасан байна.

Харин өмнөх өдөр нь Хуульчдын холбоо, ШЕЗ, прокурор, өмгөөлөгч нар оролцсон “...Байргүй” гээд зовлон тоочиж байсан шүүх маргааш нь буюу 2024 оны аравдугаар сарын 8-нд Дээд шүүх энэ асуудлыг хянан хэлэлцэв. Ингэхдээ “Монгол даатгал” ХК-ийн нэхэмжлэлийг биелүүлж, Өмгөөлөгчдийн холбооны байрыг “хураах” шийдвэр гаргав. Шүүхийн шийдвэр үүгээр эцэслэгдэж буй ч 17 жил “амьдарсан” оффисоо алдсан өмгөөлөгч нар ингэж хохирчихоод зүгээр суухгүй юм байна. Юутай ч, тэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр, “еэвэнгийн талууд”-ын хооронд үүнийг дагасан үйл явдал өрнөх л бололтой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 197 (7441)