Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Ээлжит хуралдаанд 126 УИХ-ын гишүүнээс 66 гишүүн буюу 52.4 хувийн ирцтэйгээр оролцож байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаа суухгүй, ирэхгүй байгаа гишүүдэд сануулга өгөв.

Тэрээр "Тамгын газар хуралдаантай өдөр цагтаа ирээгүй УИХ-ын гишүүдийг тэр даруйд нь хэвлэлд мэдээлж байх үүргийг өгч байна. УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод долоо хоногийн хоёрхон өдөр чуулгантай байхад цагтаа ирж чадахгүй байгаа гишүүдийн асуудлаар тойргийн иргэдэд байнга мэдээлэл өгч байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна" гэсэн юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 2024 оны аравдугаар сарын 11-ний Баасан гарагт зохион байгуулахаар товлосон. Сонгуулийн сурталчилгааны өдрүүд үргэлжилж буй энэ өдрүүдэд цөөнгүй УИХ-ын гишүүн хуралдаа суухгүй, чөлөө хүсч байгаа аж. Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаас 20 гишүүн чөлөө хүссэн боловч УИХ-ын дарга чөлөө өгөхгүй гэдгийг мэдэгдэж байв.

Эх сурвалж:www.polit.mn