Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслийг чуулганд  Шадар сайд Л.Гантөмөр танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.  

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:- Ээлжит бус чуулганы дараа тойрогтоо ажиллаж, ард иргэдтэйгээ уулзаж явсан. Төрийн цэргийн байгууллагын тэтгэвэрт гарсан алба хаагчдын талаар холбогдох яамнаас тодруулъя. Төрийн цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хэд хэдэн тохиолдлоос бид асууж тодруулсан.  Нэгдүгээрт буяны ажилд зориулж төрөөс олгогддог мөнгө олддоггүй. Хоёрдугаарт бурхан болсны дараа үлдэж буй хань ижилд нь тэтгэврийг өвлүүлэх асуудал хязгаарлагдмал, болохгүй гэх зүйл заалттай байдаг юм байна. Энэ чиглэлээр төсөв төлөвлөгөөнд туссан зүйл байна уу, цаашдаа яах талаар тодорхой хариулт өгнө үү. 

Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: -Нэгдүгээрт оршуулгын зардал олдохгүй, авах ёстой хүмүүс авч чадахгүй байна гэх зүйл гарсан юм шиг байна. Яагаад ийм асуудал үүссэн талаар тухайн хүний мэдээллийг надад өгнө үү. Бид хуулиар энэ тэтгэмжийг өгөх ёстой.  Өнгөрсөн жил нийгмийн даатгалын тухай багц хуулийн шинэчлэлийг хийсэн. Хэрэв гэр бүлийн нэг гишүүн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд авч байсан тэтгэврийн 20 хувийг нөгөө гишүүн нь тэтгэвэр дээрээ нэмж авах зохицуулалттай болж, хэрэгжээд эхэлсэн.  Тэтгэвэр өвлүүлэх асуудлыг хуулиар нээсэн. Гэхдээ бүтэн тэтгэврийг өвлүүлэх тухай асуудал биш. Гэр бүлийнхээ хүний авч байсан тэтгэврийн 20 хувийг гэр бүлийн гишүүдэд нь нэмж өгдөг хуулийн зохицуулалттай. 

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: -Яагаад болохгүй байгаа вэ гэвэл нийгмийн даатгалыг нь төрөөс хариуцдаг учраас оршуулгын зардал, хань ижлийнх нь тэтгэвэр, тэтгэмжийг өвлөх асуудал хаалттай байгаа юм байна. Үүнд тодорхой ямар зохицуулж хийж болох вэ. 

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: -Цэргийн алба хаагчийн тэтгэвэр авагч нас барвал оршуулгын тэтгэмж олгодог. Энэ асуудал цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагддаг.  Хуулийн хэрэгжилттэй холбоотой хүн бүрд олгогдох асуудал бус тодорхой хуулиар тавьсан шалгуурууд бий. Ханилж суусан хугацаа, нийгмийн даатгалыг тасралтгүй төлсөн гэх мэт шаардлагатай холбоотой асуудал үүссэн юм болов уу" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn