Баатарын НЯМСҮРЭН

 

Гадаад харилцааны яамнаас “Монгол Улс-АНУ хоорондын эрчим хүчний яриа хэлэлцээ” форумыг зохион байгууллаа. Үүний зорилго нь  Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах, цэвэр эрчим хүчний хүртээмжийг өргөжүүлэх хамтын шийдлүүдийг боловсруулах юм. Түншлэлийн хүрээнд  эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлнэ. Мөн цахилгаан эрчим хүчний сүлжээ болон бусад эрчим хүчний дэд бүтцийг  шинэчлэх, Монгол Улсын эрдэс баялгийн тогтвортой хөгжил өргөтгөлийг дэмжихэд чиглэж байна.  Эдгээр гол чиглэлээр хамтран ажиллах замаар сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү хөрөнгө оруулалт хийх зорилгоор нийтийн аж ахуй менежментийг сайжруулах юм.

Энэ үеэр АНУ-ын Төрийн департаментын Эрчим хүчний нөөцийн товчооны Эрчим хүчний дипломат харилцааны асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтон “Би анх удаа Монголд ирсэн. Мөн АНУ хоёр дахь удаагаа эрчим хүчний төсөлд ажиллах гэж байгаа. Энэ удаагийнх АНУ-аас хийгдсэн өндөр түвшний айлчлалын үргэлжлэл. Америкийн Нэгдсэн улсын дэд сайд хүрэлцэн ирсэн. Ингээд ашигт малтмалын салбарт хамтран ажиллах санамж бичиг зурлаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Вашингтонд айлчлах үеэр Монгол Улсад эрчим хүчний яриа хэлэлцээ хийнэ гэсэн шийдэлд хүрсэн.  Яриа хэлэлцээрийн үеэр Монгол Улсад цэвэр эрчим хүчний салбарт хэрхэн хөрөнгө оруулалтыг татах асуудлаар хэлэлцэнэ. Монгол Улс нарны болон салхины эрчим хүчний нөөцтэй. Үүнээс гадна ашигт малтмалын салбарт яриа хэлэлцээ хийгдэнэ. Өнгөрсөн жил зурагдсан санамж бичгийн хүрээнд ярина. АНУ-ын зүгээс техникийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэж байгаа. Тиймээс чухал ашигт малтмалын нөөцийг тодорхойлох чиглэлд техникийн туслалцаа үзүүлнэ. Саяхан Оюу толгойн уурхайд очих завшаан тохиосон. Өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг томоохон уурхай гэдгийг нь ойлгосон. Дэлхийд зэсийг нийлүүлж байгаа. Зэс нь олон зүйлд ашиглагддаг. Хүрээлэн буй орчны хувьд тогтвортой өндөр түвшний стандартыг нэвтрүүлж байна. Мөн олон хүнийг ажлын байраар хангаж байгаа уурхай гэдгийг нь харсан. Энэ удаа 20 гаруй төрлийн яриа хэлэлцээр хийсэн байдаг. Хоёр төрлөөр хэлэлцээ хийдэг. Хувийн байгууллагатай уулзаж, эрчим хүчний хөрөнгө оруулалт хийх талаар ярилцсан. Хоёр дахь нь төрийн байгууллагатай уулзаад цэвэр эрчим хүчний талаар хэлэлцээ хэрхэн хийх,  хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг асуудлыг ярилцдаг. Үүнээс гадна эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийг хамарсан арга хэмжээ явуулдаг. Тиймдээ ч эрчим хүчний салбарын эмэгтэйчүүдтэй уулзана. Эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх талаар уулзана гэж төлөвлөсөн. Монгол улсад эрчим хүчний боломжууд нь байгаа гэж харж байна. Дэлхийд хоёрдугаарт  орох салхины эрчим хүчний нөөцтэй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын ард иргэд хувийн хэвшилтэйгээ нийлээд шийднэ” гэлээ.

Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр “Хоёр улсын хооронд яригдаж байгаа асуудал ашигт малтмалд хамтарч ажиллах боломж нээгдэж байна. Монгол Улс энэ чиглэлийн хэтийн төлөв нь сайнд тооцогддог. Хоёр улс ойлголцож чадвал энэ салбарт хамтарч ажиллах бүрэн бололцоотой. Бид одоогоор тухайлчилсан чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Франц улсад айлчлах үеэр эрчим хүчний чиглэлээр ярилцсан” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 191 (7435)