Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр гишүүдийн 74 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ.  Энэ удаагийн намрын чуулганы эхэнд 2025 оны улсын төсөв, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг олон чухал хуулиудыг хэлэлцэн батлах юм. 2024 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайд нар, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцлоо.

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн онцолсон эшлэлүүд

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чуулганыг нээж хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

-Намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж, солонгоруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай байна.

-Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хууль нь улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах, их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх дунд хугацааны зорилтыг биелүүлэхэд чиглэгдэж байна.

- УИХ-ын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд болох эрсдэлийг урьдчилан тооцож ул суурьтай хандах шаардлагатай байна.

-Бидний гадаад орчинд, дэлхий дахинаа томоохон хүчнүүдийн геостратегийн өрсөлдөөн өрнөж, олон улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлж байна. Иймд, төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхдээ гадаад хүчин зүйлсээр нөхцөлдүүлсэн эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, сэргэж байгаа эдийн засгийг цаашид тогтвортой хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах учиртай.

-Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг хууль эрх зүйн болон  бодлогын гол бичиг баримтыг үндэс болгон, эх орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн, төр улсын хөгжилд хөтлөх асуудалд илүү няхуур хандах шаардлагатай байна.

-Энэ цаг үед байгуулагдсан таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентыг иргэдийн зүгээс илүү нээлттэй, ил тод байх, Улсын Их Хурлын гишүүний чиг үүрэгтээ ажил хэрэгч, хариуцлагатай хандана гэсэн өндөр хүлээлт нийгэмд үүссэн байна.

-Энэхүү хүлээлтэд хүрч ажиллахыг зорихоос гадна, хуучин сэтгэлгээнээсээ ангижирч, улс орны дотоод, гадаад бодлогыг тодорхойлох төрийн эрх барих дээд байгууллагын хувьд илүү шинэлэг, үр нөлөөтэй ажиллах хэрэгцээ шаардлага нийгмийн хөгжил, техник технологийн дэвшилтэй холбогдон гарч байна.

-Хуулиудын нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, чанар, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшилтэд хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон.

-Хууль бол иргэдийн амьдралд шахалт, дарамт биш харин амьдрал нь өөдөө дээшлэхэд дэмжин туслахад чиглэж байх учиртай. Тиймээс Улсын Их Хурлын даргын хувьд эргэх холбоотой парламентыг төлөвшүүлэх, хүн төвтэй хууль тогтоох ажиллагааг хөгжүүлж хуулийг чанаржуулахад тууштай анхаарч ажиллана.

-Улсын Их Хурлын даргын хувиар хуулиудыг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “Гурван төгөлдөршил”-ийг санаачлан эхлүүлээд байна. Бидний “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжих аваас, нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдлыг үндсээр нь халах болно.

-Улсын Их Хурлын гишүүд ээ, хууль, тогтоол батлах нэг хэрэг. Хууль хэрэгждэггүй бол тэр ердөө л тунхаг болдог. Иймд цаашид хуулийн чанарт онцгой анхаарал хандуулж, батлагдсан хууль тогтоомж хүн бүрд адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой.

-Намрын ээлжит чуулганаар та бүхэндээ УИХ-ын даргын хувьд, илүү мэргэжлийн бүтээлч байж, ил тод, нээлттэй, шинжлэх ухаанч хэлэлцүүлгийн үр дүнд цагаа олсон, бодитой, үр ашигтай бодлогыг дэвшүүлж, хяналт тавьж, дүгнэж чаддаг шинэ цагийн улс төрийн соёлын төлөө хамтран ажиллах цаг үе ирснийг дурдаж байсан.

-Иймд, эвийг эрхэмлэж, эрх ашгийн эрэмбээ санаж, иргэдийнхээ хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн, ажил хэрэгч, үр бүтээлтэй хамтран ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Засгийн газар, бүх шатны төрийн байгууллагууддаа уриалж байна гэлээ.

 

Намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл

-"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-"Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-"Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-"Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэн батлах юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 191 (7435)