Б.БАЯРЖАВХЛАН
Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны дэлхийн жендэрийн зөрүүтэй байдлын үзүүлэлтээр Монгол Улс 0.704 оноотойгоор 146 орноос 80 дугаар байрт жагссан. Арван байр ухрахад эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо нөлөө үзүүлсэн юм. Тус үзүүлэлтийг дөрвөн үндсэн хэмжигдэхүүн болох эдийн засгийн оролцоо ба боломж, боловсролын түвшин эрүүл мэнд, эсэн мэнд амьдрах чадвар, улс төрийн эрх мэдэл хоорондын жендэрт суурилсан ялгааны хувьслыг харьцуулан гаргадаг. Тэгвэл энэ жил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж Азидаа тэргүүлэх болсон. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхгүй байгаа юм. Тиймээс орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, асуудал болон шийдлээ ярилцахаар “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” чуулганыг есдүгээр сарын 16-ны өдөр Ховд аймагт зохион байгуулсан билээ. Тус форумд Төв болон Дундговь, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Ховд аймгийн нийт 500 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд юу чухал байгааг хэлэлцсэн юм .
Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг Ерөнхий Сайдын зөвлөх, Жендэрийн үндэсний хорооны гишүүн Ч.Болортуяа хүргэсэн юм. Тэрээр “Эрхэм хүндэт эмэгтэйчүүд ээ. Монгол Алтайн үзэсгэлэнт нутаг бол Ховд аймаг билээ. Юуны өмнө жендэр, хүний эрхийн нэгэн цул болж урилга хүлээн авч, хамтран ажиллаж буй та нартаа талархал илэрхийлж байна. Та бүхэн НҮБ-ийн Ерөнхий ассамбалейн “Тогтвортой хөгжийн зорилт 2030” хөтөлбөрийн хүрээнд дэлхий нийтийн зорилго, хүчин чармайлтыг тууштай дэмжиж, үүрэг хариуцлагаа ухамсарлан оролцож байгаа билээ. Улс үндэстний эв нэгдэл хөгжил цэцэглэлт, амар тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад даян дэлхийн өнцөг булан бүрд эмэгтэйчүүд оролцоо манлайллаа харуулсаар ирсэн. Гэвч охид эмэгтэйчүүдэд нас хүйс, үндэс угсаа, тогтолцооны тэгш бус байдал нийгэм соёлын ялгаатай байдлаас хамааран тэгш бус байдал бодитой оршсоор байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөөр байна. Монгол Улсын хувьд жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр 2023 онд 146 улсаас 80-д буюу арван байр ухрахад эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо их нөлөөлсөн. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2024 оны УИХ-ын сонгуульд 32 эмэгтэй гишүүн сонгогдож Монгол Улсын парламентын сонгууль дахь хамгийн өндөр үзүүлэлт болсон. Энэ нь Азийн дундаж 21.2 хувиас давж, дэлхийн дундаж болох 27 хувь руу дөхсөн үзүүлэлт болсон. Энэ нь өмнөх сонгуулиас даруй 8.8 хувиар өссөн үзүүлэлт юм. 2023 онд шинэчлэн баталсан улс төрийн намын тухай хуулиар Жендэрийн үндэсний хороонд удирдах дээд байгууллагын удирдах түвшний хүмүүсийн тайланг төрөөс олгох санхүүжилттэй уялдуулахаар болсон. Үүний үр дүнд улс төрийн намын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн тэнцвэртэй байдлын бодлого, цаашлаад улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх суурь болж байгаа юм. Жендэрийн үндэсний хорооны даргын хувьд миний бие Засгийн газрын түвшинд эмэгтэйчүүддээ итгэл үзүүлэх, албан тушаалд томилох, хамтран ажиллах чиглэлээр тогтмол хүчин чадал гарган ажиллаж байна. Цаашид ч эмэгтэйчүүдийн оролцоотойгоор олон асуудлын шийдлийг олох эрмэлзэлтэй байна. 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт жендэрийн тэгш байдлыг хангах, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бүх нийтийн жендэрийн боловсрол олгох үндэстний тогтолцоог хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн тухай хуулийн гол онцлог орон нутгийн хөгжил, бүсчилсэн хөгжилд реформ хийхэд зориулагдаж буй” гэсэн юм.
Өнгөрсөн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явж эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж чадсан. Гэвч орон нутгийн сонгууль нь хуучин сонгуулийн тухай хуулиар явагдаж байгаа. Тэгвэл үүнийг эмэгтэйчүүд буруу гэж үзэж байгаа юм. Энэ тухай Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр “УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Сонгуулийн системийг өөрчлөхөөс гадна эмэгтэйчүүдийн квотыг 20-30 хувьд хүргэж чадсан. 2028 онд 40 хувьд хүргэхээр хуульчилсан. Гэтэл орон нутгийн сонгуульд энэ хууль ороогүй. Тухайлбал, хуучин сонгуулийн хуулиар зохион байгуулагдаж байна. Энэ нь орон нутагт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхгүй байх шалтгаан болж байна” гэсэн юм.
Чуулганы оролцогч УИХ-ын гишүүн Э.Болормаа “Эмэгтэйчүүдийн парламентад эзлэх хувь нэмэгдсэн түүхэн чухал цаг үед бид чуулж байна.3 2 эмэгтэй гишүүний зургаа нь энд ирсэн байна. Нийгмийн 50 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл төрийн алба эсвэл бусад салбарт оролцоо сайтай байгаа ч удирдах шатанд хангалттай биш байна. Тодруулбал, удирдах шатанд эмэгтэйчүүдийн оролцоо буурсаар байна. Тиймээс бид удирдах шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ямар боломж байгааг хэлэлцэж уриалга гаргахаар болж байна” гэж байр сууриа хүргэлээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Жендэрийн Үндэсний хороо, Ховд аймгийн засаг захиргаа хамтран үндэсний хэмжээний арга хэмжээ зохион байгуулж байна. Цаг, үеэ олсон арга хэмжээ болж байна. Аймгуудын төлөөлөл болон орон нутагт нэр дэвших эмэгтэйчүүд оролцож байгаа нь ач холбогдолтой санагдаж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх асуудал олон жил яригдаж байна. Улс төрийн намууд болон олон улсын байгууллагуудын оролцоо олон талын дэмжлэгтэйгээр ахиц дэвшил гарч байна. Өнгөрсөн хоёр жилд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийг холимог тогтолцоотой болгож чадсан. Жагсаалтын 48 нэр дэвшигчийг сөөлжилж байршуулснаар парламентад 24 эмэгтэй, тойргоос найман эмэгтэй сонгогдсон. Энэ тоог өмнөх үетэй харьцуулахад ахиц дэвшил боловч цаашид хийх олон зүйл байна. Холимог тогтолцоог нэмэгдүүлэх, сонгуулийн тойргийн эрсдэлийг бууруулж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн асуудлыг бууруулах, улс төрийн намууд дотроо эмэгтэйчүүдийн чадавх, урам зоригийг нэмэгдүүлэх олон ажлыг хийх хэрэгтэй байна. Улс төр гэдэг хатуу салбар байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн хувь хүнээс шалтгаалдаггүй. Нам болон хууль, гэр бүлийн дэмжлэг, нийгмийн дэмжлэг, сонгогчийн дэмжлэг ойлголцол хэрэг болдог. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлэг шиг бодит алхам хийх хэрэгтэй байна. Өнөөдрийн форумын үр дүнг ашиглаж, мэдлэг мэдээлэл хуримтлуулж, сонгуулийн ажилдаа ашиглаарай хэмээн уриалж байна” гэдгийг хэллээ.
УИХ-ын тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа “Ховд аймаг баруун бүсийн тулгуур төв. Тиймээс “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” Үндэсний форумыг орон нутгийн сонгуулийн өмнө зохион байгууллаа. Жендэрийн тэгш байдлыг хангах хуулийг Монгол Улс 2011 онд баталж байсан. Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр бид Азид дээгүүр орох эмэгтэйчүүдийн оролцоотой улс боллоо. Тэгвэл одоо орон нутагт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж мөн Азид дээгүүрт орох компанит ажлыг бид хийж байна. Энэ нь эмэгтэйчүүд дарга болох удирдагч болох гээд байгаа юм биш. Орон нутгийн хөгжлийн асуудалд бодлого тодорхойлоход, төсөв батлахад иргэдийнхээ өмнөөс эрх тэгш оролцоотой байх хэрэгтэй. Учир нь эмэгтэйчүүд боловсрол, эрүүл мэндийн асуудал буюу иргэдийн амьдралыг хамгийн мэдрэг хүлээж авдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн оролцоо байх шаардлагатай байна” гэж онцолж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 190 (7434)