Т.САЙХАН

УИХ-ын намрын чуулган маргааш нээнэ. Энэ удаагийн намрын чуулганаар  2025 оны улсын төсөв, засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг олон чухал хуулиудыг хэлэлцэн батлах юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганы талаар “Бидний хувьд “Гурван төгөлдөршил”-ийн бодлого хэрэгжүүлэхээр стратеги боловсруулж байна. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин нь 21 дүгээр зууны философийг агуулсан байх. Хоёрдугаарт, хуулийн цаг хугацааны хоцрогдлыг арилгахаас гадна цаашдаа ч арилгадаг механмзмыг бүрдүүлнэ. Гуравдугаарт, хууль эрх зүйн орчинд байгаа хүнд суртал, авлигал, тэгш бус байдлыг бий болгож байгаа зүйлсийг таслан зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй.Нэг ёсондоо ес дэх удаагийн парламент хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бий болгох замаар хүнд сурталтай, авлигатай, тэгш бус байдлыг бий болгож байгаа учир шалтгаануудтай тэмцэнэ. Тиймээс энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын түүхэнд чухал үүрэгтэй чуулган болно гэж үзэж байна. “Шинэ үеийн парламент 2.0 “-ийг албан ёсоор эхлүүлж байна” гэж мэдэгдсэн юм.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр баталсан хуулийн тов дарааллыг танилцуулж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  2. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;
  3. "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  4. "Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  6. "Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  7. "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д тус тус үүрэг болгосугай гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn