Доржийн ОЮУНЧИМЭГ

Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээс ээлжит хэлэлцүүлгээ "Төсөв-2025" сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Энэ удаа “Мега төсөл ба хөрөнгө оруулалт”, “Зам тээврийн салбарын хөрөнгө оруулалт” гэсэн сэдвийн хүрээнд болсон юм. Төсвийн хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн үр өгөөж, төслүүдийн хэрэгцээ шаардлага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих агуулгаар санал солилцов. Ирэх оны төсөв нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжих, хөгжлийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлснээрээ онцлогтой хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн юм. Хэлэлцүүлэгт Засгийн газрын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Монгол Улсын зөвлөх инженер, Авто замын зөвлөлийн дарга Н.Адилбиш, “Арж рөүд” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэ, “Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Д.Оюунбадам, Ложистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд, ШУТИС-ийн багш, доктор Д.Үлэмж болон Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүн сэтгүүлчид, экспертүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр төсвийн хүрээнд бэлтгэсэн дата мэдээлэлд суурилсан илтгэлийг тус клубын гишүүн З.Цэлмэг зочдод танилцуулсан. Тэрээр “Нэгдсэн төсөв, хөрөнгө оруулалтыг харахад 2020-2024 онд нийтдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт байсан бол 2025 онд үүний 38 хувьтай тэнцэх хэмжээний буюу 4.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь Зам тээврийн сайдын багцад хийхээр байгаа юм. Харин гадаадын зээл тусламж газрын тосны салбарт төвлөрөх дүр зураг харагдаж байна” гэлээ.

Үндсэндээ ирэх онд нийт 10.3 их наяд төгрөгийн санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийхээр төлөвлөжээ. Тэр дундаа зам тээврийн салбарт 4.3 их наяд, газын тос боловсруулах үйлдвэрт 1.77 их наядыг зарцуулах нь.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийгдэх мега төсөл нэн ялангуяа “Өөдөө тэмүүлэх Монгол ган татлагат гүүр”, “Хшигийн хөндийн туннел” өндөр дүнтэй байгаа бөгөөд ирэх гурван жилд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Гэхдээ эдгээр төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах мөнгөний эх үүсвэрийг энэ жилийн төсвийн тодотголоор 84 тэрбум төгрөгийг баталж өгсөн. Мэдээж ирэх жилийн төсөвт алдартай 14 мега төслийг хөдөлгөхөөр зэхэж буй. Бүр тодруулбал, ирэх оны байдлаар зургаан төслийг санхүүжүүлэхээр харагдаж байна.

2024 онд шинээр 1134 км зам тавихаар төлөвлөхдөө төсөвт өртөг нь 1.2 их наяд төгрөг байсан. Харин ирэх онд зам барих өртөг төдийлөн нэмэгдээгүй ч 1500 км зам барих төлөвлөгөө гаргажээ. Үүнд 3.3 их наядыг төсөвлөснөөс харвал км тутам нь хоёр орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй болсон харагдаж байгаа юм.

Цахилгааны үнэ ирэх арваннэгдүгээр сараас нэмэгдэх болсон тухай нэлээд яригдаж байгаа. Мэдээж энэ удаагийн сонгуулийн үеэр эрчим хүчний реформыг  шинэчлэх асуудал намуудын гол сэдэв байсан. Тэгвэл энэ салбарт энэ онд 55 төсөл хэрэгжүүлэхээр тусгахдаа нийтдээ 630 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байдаг. Гэтэл ирэх жилийн төсвийн мэдээллээс харвал эрчим хүчний салбарат хэрэгжих төслийн тоо багассан байна. Гэхдээ энэ салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийх болов уу гэсэн хүлээлт нийгэмд байсан. Монгол Улсад эрчим хүчний реформыг хийхэд замын зураг нь гарсан уу гэдэг сонирхол татна.

 

Засгийн газрын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ

 

-Эрчим хүчний хүчин чадлыг нэмэхгүйгээр улсын хөгжил, эдийн засгийн өсөлтийн талаар ярих боломжгүй. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд төрөөс ахиухан төсөв гаргах боломж хомс байдаг. Харин хувийн хэвшилд энэ саналыг тавихаар үнэ, тарифын асуудал зайлшгүй яригддаг юм. Манай улс бүс нутагтаа хамгийн бага тарифаар эрчим хүч хэрэглэдэг. Иймд үнийн тарифыг өөрчлөх нь гарцаагүй. Харин цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг нь хүлээгдэж байгаа. Эрчим хүчний реформ хийхээр Эрчим хүчний хороо байгуулагдсан. Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан энэ хорооны гишүүд болон Дэлхийн банк, бусад донор байгууллага өргөн хүрээний судалгаа хийж байна.

Цаашдаа эрчим хүчний реформ хийгдэнэ, ингэж байж манай улсын үйлдвэрлэлийн салбар өснө. Хамгийн гол нь монголчууд бид эрчим хүчний асуудал дээрээ нэгдмэл, зөв ойлголттой байж, энэ салбарыг босгож ирнэ. Нөгөө талдаа манайхан жижиг зах зээлээ булаацалдаад өнөөдрийг хүртэл таван толгой болон Багануурт дулааны цахилгаан станцыг барьж чадаагүй, төслөө унагааж, шүүх дээр шүүхдэлцээд байж байна. Иймд Засгийн газраас эрчим хүчний зах зээлийг тэлж, экспортлох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зөв гэж харж байгаа

 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх: ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭЭС ӨӨР АРГА ҮЛДЭЭГҮЙ

 

-Үнэ тарифыг нэмэх асуудал нь эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн гол тулгуур нь мөн. Гэхдээ бид үнэ тарифтай зэрэгцүүлээд олон асуудлыг шийдэх ёстой. Тухайлбал, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хангах хэрэгтэй. Мэдээж  хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой. Мэдээж цэвэр ногоон технологид шилжих шилжилтийг эрчимтэй хийж гүйцэтгэх шаардлага бий. Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний салбарыг хүндрэлтэй байдлаас гаргах ажлыг хийхээр тусгасан байгаа. Салбарт тулгамдсан хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд цэвэр ногоон технологид шилжих шилжилтийг зайлшгүй хэрэгтэй. Нийт 41 арга хэмжээ тусгагдсан байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан тооцоогоор 37 орчим их наяд төгрөг хэрэгтэй гэсэн судалгаа, тооцооллыг мэргэжилтнүүд хэлдэг. Ер нь эрчим хүчний салбарын асуудлыг нийгэмд гаргаж тавьж, нэлээд ярьсны үр дүнд олны анхаарал татаж байгаа. Энэ салбар урт хугацаанд санхүүгийн хүндрэлд явсан. Цаашид шинэчлэл хийхээс өөр арга зам үлдээгүй гэдгийг онцлон тэмдэглэе.

 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Энхбаяр: СУДАЛГААГҮЙ ЗОРИЛГО ОНОВЧТОЙ БАЙ БИШ

 

Өнгөрсөн жилүүдэд бидний зарж ирсэн мөнгө зөв байсан уу гэдэг асуудал чухал. Бид судалгаа муутай ганцхан тавьсан зорилго руугаа ямар нэг аргаар хүрнэ гэж зүтгэснээс болж маш их алдаа гардаг. 2020 онд Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Энэ хуульд Монгол Улс улс орны хөгжил бол алсын хараатай байна, дунд хугацааны бодлоготой байна гэдгийг баталчихсан байгаа. Энэ бичиг баримтад хүн ам нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөөтэй байна гэж заасан.

Тэгэхээр одоо яригдаж байгаа дэд бүтэц, эрчим хүч, авто зам, хот байгуулалтын төслүүд урт хугацааны хөгжлийн бодлого хүн ам нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөө дээр суурилах ёстой. Ингэж байж улс орны хөгжлийн бодлого зөв болно. Тэгэхгүй бол өнөө маргаашийг аргацаасан байдлаар судалгаа муутай үндэслэлээр асуудалд хандвал дахиад алдана. Салбарын эрдэмтэн, судлаачдын үгийг сонсох хэрэгтэй. Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхдээ богино зайны тогтлолт оновчгүй гэдгийг харж байна. Үндсэндээ 2030, 2040 онд бид хаа хүрэх юм бэ эрчим хүчний систем нь ямар болох юм бэ гэдэг зураглалаа гаргаж амжилгүй эхлээд хөрөнгө оруулалтаа хийчихсэн. Гэтэл өнөөдөр яаж байна гэхлээр эрчим хүчний системийн шугамын алдагдал маш өндөр. Системийн хэмжээнд бараг бүх үндсэн үүсгэгч үүсвэрүүд маань төвийн бүсээс хамааралтай болсон. Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ орчимдоо хэрэглээ маань 1.6 сая км-т тарамдчихсан. Тэгээд мянган км-ийн цаана хувьсах гүйдлээр цахилгаан дамжуулах шугам явахаар алдагдал их гардаг гэж байгаа юм. Энэ бүх асуудлыг урт хугацаанд төлөвлөж шийдвэрлэх ёстой. Гэтэл Зүүн өмнөд Азийн орнууд яаж шийдэж байна гэхээр тогтмол гүйдэл шилжүүлээд 1, 2 мянган км-т бүр цаашилбал зургаан мянган км-т 680 мянган квт-ын хүчдэлтэй өндөр цахилгаан гүйдлийг Өвөрмонголд байгаа ДЦС-д үйлдвэрлээд өндөр хэрэглээтэй Хятадын муж улсууд руу технологийн шийдэл ашиглан шилжүүлж байна. Аль хэдийн гарчихсан, хэрэгжсэн шийдлийг бид ашиглаж болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 189 (7433)