Төмөрбаатарын БАТСАЙХАН

Баруун бүс буюу Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймагт өнгөрсөн парламентын сонгууль 10  мандаттай зохион байгуулагдаж,  МАН ганцхан суудлын илүүгээр ялалт байгуулсан.  АН-аас О.Цогтгэрэл, Б.Түвшин, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нар гишүүн болж, МАН-аас Ховд аймгийн Засаг дарга асан Э.Болормаа орж ирсэн нь онцлог байв.   Тэгэхээр орон нутгийн сонгуулиар ч баруун бүс МАН, АН-ын хувьд адил тэнцүү өрсөлдөөн өрнөх магадлалтай гэсэн үг. Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймагт орон нутгийн сонгуулийг гол хоёр намаас хэн хэн удирдан орж байгаа тухай тоймлон хүргэе.

 

Ховд аймгийн ИТХ 41 мандаттай.  Аймгийн МАН-ын даргаар, УИХ-ын гишүүн Э.Болормаа ажиллаж байна.  Тэрээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд багаа удирдан, амжилтаа баталгаажуулахаар ажиллаж байгаа юм.  “Хөгжлийн сонголт-Ялалтын буухиа” уриа дэвшүүлэн, орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа эхлүүлжээ. 

Аймгийн АН-ын даргаар М.Амарсанаа ажилладаг. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд тус аймагт АН наймхан жил засагласан. Энэ удаа олон жил тасарсан засаглалыг эргэн авчрах зорилго тавьжээ. М.Амарсанаагийн хувьд нам дотроо УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн хүн хэмээгддэг.  Тэрээр “Манай нам орон нутагт ялвал нэн тэргүүнд хувийн хэвшлийг дэмжиж ажиллах болно. Одоогийн дарга нар хувийн хэвшлээ нэг гарын үсгэн дээр гацааж зовоож байна. Энэ бүхнийг арилгана” гэжээ.

Говь-Алтай аймгийн АН-ыг аймгийн Засаг дарга Г.Чинбат удирдан сонгуульд оролцож байна.  Тэрээр Засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд О.Амгаланбаатарыг УИХ-ын гишүүн болоход дэвшин ажилласан байдаг.

Тус аймгийн МАН-ыг энэ удаад тун сонирхолтой нэгэн удирдаж байна.  НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Сүхбаатар дөрвөн сарын өмнө Говь-Алтай аймагт очиж, намын удирдлагыг гартаа авсан.  Хотоос илгээлт авч очсон Б.Сүхбаатар даргаас МАН-ынхан мэдээж үнэмлэхүй ялалт хүлээж буй биз ээ. Тэрээр дүүргийн иргэдийн хуралд хоёр удаа, Нийслэлийн иргэдийн хуралд нэг удаа сонгогдож байсан, Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан.

Завхан аймгийн ИТХ 35 мандаттай. Аймгийн МАН-ын хорооны даргаар, Засаг дарга Г.Өнөрбаяр ажилладаг.  Тэрээр орон нутгийн сонгуульд багаа удирдан орж байна.   Г.Өнөрбаяр “Сонгуульд нэр дэвшигчид маань намын үндсэн дүрэм, ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг нягт баримтлана. Ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, зарчимтай, шударга байж, эв нэгдлийг эрхэмлэж, багаар ажиллана. Хамтдаа хичээнэ” гэжээ.

Завхан аймгийн АН-ыг Б.Төрмөнх удирдаж байна. Тэрээр өмнө нь Тосонцэнгэл сумын Засаг дарга, Аймгийн Засаг даргын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байгаад өнгөрсөн 2023 оноос аймгийн АН-ын даргаар сонгогдон ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавын хүн хэмээгддэг нэгэн.

Увсад Засаг дарга асан Д.Цэндсүрэн багаа удирдан сонгуульд оролцож байна.  Тэрээр аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Увсад “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн гэдгээрээ янз бүрээр яригддаг нэгэн.

Увс аймгийн МАН-ын даргаар С.Батжаргал 2022 оны гуравдугаар сараас эхлэн ажиллаж байна.  Тэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалтай нэгэн.  Энэ удаагийн орон нутгийн сонгуульд багаа удирдан оролцож байна.  Түүнийг намын даргаар сонгогдоход Ч.Хүрэлбаатарын бүлэглэл хэмээн нам дотроо ч нэлээд эсэргүүцэж байсан удаатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 189 (7433)