Б.ИРЭЭДҮЙ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа такси үйлчилгээний 16 компанийн захиралтай уулзаж  тулгамдсан асуудлаар санал солилцов. Тус газрын зүгээс таксины өнгө өөр байгаа нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа учраас үүнийг цэгцэлж нэг өнгөтэй болгох боломжийн талаар ярилцсан юм. Харин такси үйлчилгээ үзүүлдэг компаниуд таксины өнгийг солиход хөрөнгө мөнгө их шаардах учраас саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийллээ. Мөн нийслэл хотод явж байгаа такси ачааллаа дийлэхгүй байгаа тухай учирлаж байв. Энэ удаагийн уулзалтаар төрийн зүгээс такси үйлчилгээнд тавьж байгаа шаардлагыг хүлээж авах, өөрсдийн компанийн зүгээс хэрэглэгчийн эрхийг дээдлэн санал гомдлыг барагдуулж ажиллахаа амаллаа.