Т.САЙХАН

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны есдүгээр сарын 24-ний өдөр Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг хүлээн авч  уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэс суурь болсон Женевийн конвенцын 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, дэлхий дахинаа өрнөж буй хурцадмал нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшгийн хүнд үед ОУУЗХ-ны манлайлал, шуурхай удирдлага, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийг бодитой, цаг алдалгүй хүргэх зорилт улам бүр чухал болж буйг онцлон хэлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОУУЗХ-ны хамтын ажиллагаа олон жилийн турш өргөжин бэхжиж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ойлголт, ач холбогдлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.

Мөн ОУУЗХ-ны хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Зүүн хойд Ази дахь хангамжийн агуулахыг Монгол Улсад байгуулах, хүмүүнлэгийн тусламжийн бүтээгдэхүүний багцыг нийлүүлэхэд цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д ОУУЗХ-оос төлөөлөгч оролцсоныг тэмдэглэж, ОУУЗХ-ын Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.

Эх сурвалж:www.polit.mn