Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 21-26-ны өдөр Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байгаа билээ. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилсантай холбогдуулан НҮБ ямар байр суурьтай байгаа талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр тайлбарыг өгчээ. Түүний тайлбарыг хүргэж байна.

 

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр манай улсад хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ерөөсөө яригдаагүй.  НҮБ-ын манай улс дахь харилцаа, хандлага яг л хэвээрээ байгаа.  Манай улсын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавиад ОХУ-ын Ерөнхийлөгчийг хүлээн авснаас болж, цуцлагдсан асуудал гараагүй.   Энэхүү чуулган дээр түүнээс илүү том асуудал яригдаж байна.  Улс орнууд энхийн төлөө эв санаагаа нэгтгэж, хөгжлийн хөтөлбөрүүдээ яаж хэрэгжүүлэх үү. 2030 он ойртож буй энэ үед Тогтвортой хөгжлийн зорилтуудаа салбар бүрд хэрхэн биелүүлэх үү зэрэг асуудлыг улс орны төр засгийн тэргүүнүүд хоорондоо ярилцаж хэлэлцсэн ийм чуулган болж байна. Түүнээс биш манай улсыг ямар нэгэн байдлаар шахалтад оруулж, үл итгэсэн, үл тоосон эсвэл харилцаагаа бууруулъя гэсэн хүсэлт ямар ч улсаас гараагүй.  Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцож байгаа улс орнуудыг харж дүгнэхэд харин ч манай улстай уулзъя гэсэн хүсэлт улс орнуудаас олон ирж байна. Манай улсын хувьд энэ удаагийн чуулган дээр идэвхитэй гадаад бодлого яригдаж байна гэсэн үг.  Нөгөөтэйгүүр Манай улс НҮБ-ын чуулган дээр энхийн төлөөх уриагаа дахин илэрхийлнэ. Энэ бол манай гадаад харилцаа, гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн бодлого учраас өмнө нь зөвхөн ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлахад хэлээгүй, ШХАБ-ын уулзалтын үеэр ч илэрхийлж байсан билээ.  Монгол Улс энхийг эрхэмлэсэн олон тулгуурт үйл ажиллагааны зарчимтай гэдгийг манай улсад айлчилж байсан Төрийн тэргүүнүүдэд ч илэрхийлж байсан.  Энэ бол маш чухал мессеж юм.  Монгол Улс энхийг эрхэмлэсэн олон тулгуурт гадаад бодлоготой улсын хувьд НҮБ гэдэг олон улсын механизм, НҮБ төвтэй олон улсын харилцаа буюу олон талт хамтын ажиллагааг эрхэмлэнэ. НҮБ-ын дүрмийг бид дээдлэн хэрэгжүүлнэ.  Гуравдугаарт, аливаа олон улсын үйл хэрэгт НҮБ гол зохицуулагч байх нь зүйтэй гэсэн хөдлөшгүй байр сууриа баталж илэрхийлнэ.  Мөн манай улс шиг ийм гадаад бодлоготой орон аливаа улсын соёл иргэншил, түүх, ёс заншил болон хөгжлийнх нь замналаас үүдэлтэйгээр улбаалж гарч ирсэн олон ургальч үзлийг хүндэтгэн үзээд гадаад харилцаа болон олон улсын харилцааг олон тулгуурт энхийг эрхэмлэсэн замаар цогцлоохыг зорьсон ийм гадаад бодлоготой, гадаад бодлогын зарчимтай  улс гэдгээ олон улсад дахин зарлаж, бусад улс орны төр засгийн тэргүүнүүдэд уриалах болно.  Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож байгаагийн гол ач холбогдол юм” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 186 (7430)