Ц.МЯГМАРБАЯР
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Ногоон технологи-2024”-ийг энэ жил НЗДТГ-тай хамтран ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ногоон бизнес эрхлэгчдийг өргөн хүрээнд хамруулан зохион байгуулав. Тус үзэсгэлэнд олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, ногоон зээл олгодог банк болон ногоон технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагын нийт 70 гаруй төлөөлөл оролцож байна.
Энэ үеэр “Нүүдэлчин эко ресурс” ХХК-ийн бүтээсэн “Нүүдэлчин” зуухыг иргэд ихээр сонирхож байгаатай таарсан юм. Тус компани утааг дахин шатаах, давхар шаталтат зуух бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэн зах зээлд нийлүүлж буй юм. Дулаанаа удаан хугацаагаар хадгалах зориулалттай, галлах явцад гарсан утаагаа дахин шатаах технологи дээр үндэслэн монгол хүний ур ухаанаар зохион бүтээжээ. Уг зуухыг зохион бүтээгч, тус компанийн захирал Ц.Мөнхбаатар “Зуухны дотор хэсэгт хоёр дахь агаараар хөгжсөн утааг давхар шаталт үүсгэх зохион байгуулалтыг хийсэн. Өөрөөр хэлбэл, шатах явцад утаа, агаар хоёр эсэлдэж , гал хөгжөөх байдлаар утааг яндангаар дээш явуулахгүйгээр зуухандаа шатаадаг гэсэн үг. Үүний давуу тал нь утаанд угаартахаас 90 хүртэл хувиар сэргээлнэ. Мөн дулаан хадгалалтын хугацааг уртасгаж нүүрсний хэрэглээ багасна” гэв. Тус зуух нь шаталтаас үүсэх хий, утааг дахин шатаадаг онцлогтой тул агаарын хийнд хордох эрсдэлээс хамгаалдаг.Үүнийг Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн туршилтын үр дүнгээр баталгаажсан ажээ. Түлшний зарцуулалтыг хамгийн багадаа 20-30 хувь бууруулж буй нь тэр хэмжээний нүүрс шаталтаас үүсэх утааг багасгах юм байна. Түүнчлэн утааг 90 хувиас дээш багасгана гэж Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын шинжилгээний хариу нотолсон байна.
“Ногоон технологи” арга хэмжээг 2013 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Монгол Улсын Засгийн газраас бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлж, дэлхий нийтийн чиг хандлагын хүрээнд хандлагаа өөрчилж, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нөөцийн хэмнэлттэй, орчны бохирдол, хог хаягдлыг багасгах, бууруулах ногоон технологи инновац нутагшуулах чиглэлээр анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд өмнө нь хэрэгжүүлж ирсэн ногоон технологийг дэмжих эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгохыг зорьж буй.
Түүнчлэн эдийн засгийн хөшүүрэг болох татварын хөнгөлөлтийг өргөжүүлэн ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд, бизнесийн салбарынхны хүртэх санхүүгийн бодит дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бохир ус цэвэрлэх байгууламж, хог хаягдал бүрэн шатаах зуух, эрчим хүчний хэмнэлттэй лед гэрэл зэрэг 59 тоног төхөөрөмжийг, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, агаар цэвэршүүлэгч зэрэг 14 тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ. Үүнийг өргөжүүлж хог хаягдлын зохистой менежментийг сайжруулах чиглэлийн тоног төхөөрөмжүүдийг нэмж тусгахаар судалгаа хийж эхлээд байна.
Ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 1.5 тэрбум төгрөг төлөвлөжээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн татаас олгох ажлыг 2019 оноос хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, гэр, байшингийн дулаалга, эко ариун цэврийн байгууламж зэрэг 34 нэр төрлийн “ногоон” бүтээгдэхүүнийг худалдан авахад зориулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад жилд 8.0 хүртэлх хувийн хүүтэй ногоон зээлийн үйлчилгээг Хас банк, Хаан банк, Төрийн банктай хамтран зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 183 (7427)