Б.ГАРЬД

Энэ жилийн Орон нутгийн сонгууль НИТХ-д нэлээд ширүүн эхэлж байна. МАН, АН-ынхны хэрүүл олны анхаарлыг нэлээд татаж байна. Энэ утгаараа МАН, АН л өрсөлдөөд байгаа мэт боловч өрсөлдөөн МАН, АН, ХҮН намын дунд өрнөж буй юм.

Нэг үгээр хэлбэл, МАН нь АН-ыг, АН нь МАН-ыг, ХҮН намынхан МАН-ыг өрсөлдөгчөө хэмээн үзэж байгаа бололтой. Шидсэн сумнууд иймэрхүү “бай”-тай байгаа юм.

Эндээс МАН, АН буюу Х.Нямбаатар, Х.Баттулга нарын хоорондын зөрчил нэлээд хүндрэх тал руугаа орж байна.

Х.Нямбаатар “...Х.Баттулгын хамаарал бүхий 30 гаруй хүн хотод нэр дэвшсэн.  Туслах, жолоочоос нь эхлээд ах, эгчийнх нь хүүхдүүд, шантааж хийдэг лайвчид гээд нэр бүхий хүмүүс хотод нэр дэвшээд хоёр үндсэн зүйлээр өнөөгийн нийслэлийн удирдлагын багийг харлуулах системтэй арга хэмжээ авч байна. Хоёр зүйлийг онцолж хэлж байгаа. Нэг нь “…Бродюрын бизнес мафи” явж байна. Нөгөөх нь “…Дунд голыг баллачихлаа” гэнэ. “…Ийм хоёр зүйл ярина” гээд самбар дээр төлөвлөсөн тухай сонссон. Ажил хийхэд төлөвлөнө, судална, зургаа зурна, батлуулна, магадлуулна гэдэг олон үе шат байдаг. Өөрөөр хэлбэл, замын бродюрыг замтайгаа хамт сольж шинэчлэх үү гэдгийг мэргэжлийн байгууллагууд шийддэг. Энэ жил 87 замын ажил хийхээс 27 ажил нь бүрэн дууссан. Бусад 60 ажил эхлэх болон эхлэхийн өмнөх шатандаа явж байна. Иймээс 60 замыг хучихгүй орхиод замын төсөв, бродюрын төсөв зах зээлийнхээ жишигт нийцсэн үү гэдгийг АТГ, ҮАГ-аар шалгуулсны эцэст ирэх хавар эхлүүлбэл яасан юм бэ гэдэг санас асуулгыг та бүхэнтэй хамт хийе гэдэг уриалга гаргаж байна. Хоёр сая хүн амтай их хотын ажил амьдралыг шийдэх гэж байгаа учраас санал асуулгад идэвхтэй оролцоосой гэж хүсч байна.

Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь Х.Баттулга, З.Энхболдын бригад бусдыг харлуулдаг. Хий сэдэв босгож ирдэг. Мэдээлэл багатай иргэдийн тархи толгойг эргүүлэхдээ маш сайн байгаа. Энэ хүмүүсийн хийсэн маш их балаг байгаа.

З.Энхболд, Х.Баттулга хоёр нийлж 2008 онд хийх гэж байсан Гашуунсухайт, Ганц модны төмөр замын ажил хил холболтыг зогсоосон.  Үр дүн нь монголчууд 100 гаруй их наяд төгрөг олох боломжоо алдсан.

Төмөр замаар 16 жилийн хугацаанд нүүрсээ тээвэрлэсэн бол монголчуудын амьдрал одоогийнхоос нэг дахин илүү байх байсан. Х.Баттулга гялгар уутанд элс хийж байгаад Монголын баялаг гоожоод алга болно гэж ярьсан. Үр дүнг нь хэн хүртсэн бэ гэхээр энэ нэр дурдсан хоёр хүн хүртсэн. З.Энхболдын хамаарал бүхий нүүрс олборлолтын “Хишиг арвин” компани хөлжиж, түүнийг дагасан тээврийн компаниуд цэцэглэсэн. Энэ хүмүүсийн балгаар маш олон хүн зам тээврийн ослоор амиа алдсан.

М.Батчимэг гэж боловсролтой эмэгтэйг Тайванийн тагнуул болгосон, Г.Батхүү агсныг тангаргын буг болгож харлуулсан. Х.Баттулгын бузрыг яривал хүрээний бузрыг барахгүй гэдэгтэй яг адилхан. Дандаа худлаа ярина, дандаа бүх ажлыг гацаана, хар масст ихэд хайртай хүн болно. 100 жилээр газар гадаадын хөрөнгө оруулагчдад олгох хууль эрх зүйн орчныг З.Энхболд анх УИХ-аар батлуулсан. Сүүлд Ч.Хүрэлбаатар батлуулсан болоод дайрсаар байгаад өнгөрсөн. Одоо бродюр гэдэг сэдэв дээр массын тархи толгойг эргүүлэх баг ажиллуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. Үүр шөнийн заагаар З.Энхболд очоод чулуун бордюрыг хагалж цохичихоод явж байгаа гэдэг мэдээллийг авсан. Өнөөдөр та бүхэн маш хариуцлагатай шийдвэр гаргаарай. Энэ хоёр хулгайчийн үйлдлийг АТГ-аар шалгуулъя” гэсэн. Хэд хоногийн дараа УИХ-ын дарга асан З.Энхболд гарч ирээд “...Хотын дарга Х.Нямбаатар миний нэртэй холбогдуулан удаа дараа дурдаж гүтгэлээ. Замын бродюр солих ажил дээр нь хэл ам гарсан. Хямдхан бродюрийг үнэтэйгээр шахсан гэх асуудал гарахад намайг хагалсан мэтээр ярьж гүтгэсэн. Х.Нямбаатарын яриад байгаа цаг хугацаанд би Өвөрхангайд мод тариад явж байсан учраас, надад сунадаг алх байдаггүй л юм бол тэндээс бродюр хагалах боломжгүй л дээ. Мөн намайг гаднын тагнуул гэж гүтгэсэн. Өөрийнх нь ярьсан энэ асуудалтай холбогдуулан би “…Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгнө үү” хэмээн харъяа цагдаагийн газрынх нь хоёрдугаар хэлтэст гомдол гаргаж байна. Намайг гадаадын туршуул гэж хэлсэн нь ямар улсын туршуул гэсэн утгаар хэлээд байгааг нь би ойлгоогүй. “Эрдэнэс Тавантолгой”-г хулгайлах гэсэн Монгол, Хятадын хамтарсан бүлэглэлийнхэн “Эм Си Эс” зэрэг нөхдүүд бий дээ.  Х.Нямбаатар тэдний нэг болохоороо “…Өөрсдөд нь өгөөгүй учраас орлогоо алдлаа” гэж гомдсон шиг байгаа юм. Тэр яриад байгаа 100 их наяд төгрөг чинь Хятадын компанийнх болох байсныг би УИХ-ын 40 гишүүний хамтаар зогсоосон юм. Үүнээс болоод намайг туршуул гэж яриад байгаа бололтой. Монголын ард түмэнд “Эрдэнэс Тавантолгой”-г үлдээж, Хятадад өгөөгүйн төлөө л хэрэг хүлээдэггүй юм бол надад өөр хийсэн хэрэг байхгүй. Би энэ яриад байгаа бродюрийн асуудал гарах үед Өвөрхангай аймгийн Уянга сумаас лайв хийж, “…Би энд байна Х.Нямбаатар уучлалт гуй” гэж хэлсэн. Одоо болтол надад хариу өгөөгүй учир би өнөөдөр ирж гомдол гаргалаа. Намайг бродюр хагалсныг, гадаадын туршуул гэдгийг Х.Нямбаатар батлах ёстой. Чадахгүй бол тэгээд ял авна шүү дээ. Сүүлийн найман жил тасралтгүй, үндсэндээ 108 жил Улаанбаатарыг МАН удирдчихаад хотын байгаа царайг хар л даа. Маш их мөнгөтэй болчихоод хотынхоо замыг засахгүй байна. Найман жилд засах ёстой зам шүү дээ. Гэтэл тэр авсан бродюрийг нь хар. Би энэ тал дээр татвар төлөгч иргэний зүгээс байнга шүүмжилсний төлөө намайг бродюр хагалсан гэж гүтгэж байгаа нь өөрөө төрийн өндөр албан тушаал хашдаг хүний хувьд ёс зүйгүй үйлдэл. Анх удаа том дарга нь иргэнээ гүтгэж байна. Сайдын хэмжээний ранктай төрийн албан хаагч байж иргэнээ гүтгэж байгаа бол хэлсэн үгийнхээ хариуцлагыг хүлээ” гэв. Араас нь түүнийг нэгэн жижиг намын дарга АТГ-т өгч байгаа үйл явдал ч өрнөв. Түүнчлэн МАН-ын зарим албан тушаалтнууд Х.Баттулгад хүч нэмж байгаа мэдээлэл ч байна. За иймэрхүү байдлаар сонгууль угтсан “гурвалжин дөрвөлжин” хэрүүл болж хувирав.

Гэхдээ З.Энхболд санаандгүй гарч ирээгүй ажээ. “…Хэрвээ АН хотод ялах юм бол З.Энхболд хотын дарга болно” гэсэн яриа улс төрийн намуудаар яригдаж эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 183 (7427)