Ц.МЯГМАРБАЯР
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний найман сарын статистик мэдээллийг танилцууллаа. Инфляц 6.5 хувьтай гарахад 2.1 нэгж буюу 32.4 хувиар импортын барааны үнэ гол нөлөөг үзүүлсэн байна. Импортын бараа, үйлчилгээний үнийн өсөлт инфляц хоёр нэгжээр өсөхөд голлон нөлөөлжээ.
Манай улс энэ хугацаанд 150 оронтой худалдаа хийж нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрч 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Задалбал, экспортын орлогоос 10.6 тэрбум ам.доллар олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 620 сая, импорт 1.6 тэрбум ам доллароор илүү буюу нийт 26.2 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Харин экспорт энэ наймдугаар сард өмнөх сараас 21.3 сая ам.доллароор буурсан бол импорт 27.3 сая ам.доллароор өсжээ. БНХАУ- тай 12.8 тэрбум төгрөгийн худалдаа хийсэн нь нийт бараа эргэлтийн 70.5 хувийг эзэлж байна.
Экспорт 620 сая ам.доллароор өсөхөд нүүрсний экспорт 12.8 сая тонноор өсөж 55.4 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оноос 6.2 хувиар өссөн. Харин зэсийн баяжмал 16.8 мянган тонн, алт өмнөх оны мөн үеэс 1.2 тонноор, төмрийн хүдэр болон баяжмал 112.5 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт экспортын 23.3 хувийг уул уурхай,6.7 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Экспортын 1.9 хувийг БНХАУ, 4.4 хувийг Швейцар улстай хийсэн байна.
Суудлын авто машины импорт 52.6 хувиар өсжээ
Харин эргүүлээд импортоор 7.5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авчээ. Импортын 1.6 ам.долларын өсөлтөд суудлын автомашины худалдан авалт эзэлж байна. Тодруулбал, 232.3 сая ам доллароор 34800 ширхэг суудлын авто машин худалдан авсан байна. Энэ нийт импортын 52.6 хувийг харин 6.2 мянган ширхэг ачааны авто машиныг 112 сая ам.доллароор худалдан авсан нь өмнөх оноос даруй 78 орчим хувиар өсжээ. Энэ нь монголчууд агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд нэрмээс болсон худалдан авалтыг илүү ихээр хийсэн нь харагдаж байна. Үүнийг дагаад дизелийн түлш 144.5 мянган тонноор, том оврын тээврийн хэрэгслийн импорт 118.2 сая ам.доллароор буюу өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн аж. Цахилгаан шуудан, утасны холбооны аппарат 60.2 хувиар өссөн нь нийт импортод голлон нөлөөлжээ. ОХУ-тай хийсэн импортын бүтээгдэхүүний 70 хувийг дизелийн түлш, Япон улсынх суудлын автомашины эзэлж байна. Харин Хятад улстай ачааны машины худалдан авалт дийлэнхийг эзэлж байна. Бусдыг нь Солонгос,АНУ, Герман улстай хийжээ.
Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 537 мянгаар нэмэгдэв
Нэг ажилтны сарын дундаж цалин 2.5 сая төгрөг бол голч цалин хоёр сая төгрөг байна. Уул уурхайн салбарын нэг ажилтны цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг бол хамгийн доод цалин зочид буудал, зоогийн газрын ажилтны цалин 1.5 сая төгрөг байна. Дундаж цалингийн нэрлэсэн индекс 2020 оноос хоёр дахин нэмэгдсэн байна. Эдгээр статистик мэдээллийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 51.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 775.7 мянган ажилчдыг хамруулж цалингийн дундаж нэрлэсэн индекс буюу бодит худалдан авах чадвар 39.5 хувиар нэмэгдсэн аж. Харин нийгмийн даатгалын сангийн орлого нэг их наяд төгрөгөөр нэмэгдэж зарлага 3.3 их наяд төгрөг болж 770 тэрбумаар өссөн. Тус сангаас тэтгэвэр авагчдын тоо 507.2 мянгаар буюу 16.1 хувиар,нийгмийн халамжийн тэтгэвэр авагчдын тоо 28.5 мянган хүнээр нэмэгдэж 1.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оноос 139.2 тэрбумаар өсжээ. 2024 оны эхний найман сард шинээр 37.7 мянган хүүхэд мэндэлсэн ч өмнөх оныхоос 11 хувь буюу долоон мянгаар буурсан байна. Харин замын хөдөлгөөн, тээврийн хэрэгслээс үүдэлтэй ослоос 141 хүн нас барсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 181 (7425)