Б.СОЛОНГО

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн онд нийт 145.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 133,8 сая ширхэг үнэт цаас арил­жаал­жээ. 2012 онд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд томоохон өөрчлөлт авчирсан, бас багагүй шүүмжлэл, хэл ам дагуул­сан нь “Mиллениум Ай Ти” систем юм. Лондоны хөрөнгийн биржтэй гэрээ байгуулж, олон улсад сайн гэж үнэлэгдсэн цоо шинэ системээр үйл ажиллагаа­гаа явуулж эхэлсэн. Ту­хайн үедээ брокер дилле­рийн компаниудын бага­гүй эсэргүүцэлтэй тул­гарч, нэг ч төгрөгийн арилжаа хийлгүй өнжсөн үе байсан ч шинэ сис­темийг амжилттай нэвт­рүүлж чадсанаа оны эцэст дүгнэжээ. 2012 оны нийт арилжааны хэмжээг өм­нөх оныхтой харьцуулахад 35.6 тэрбум төгрөг буюу 32.6 хувиар арилжааны үнийн дүн өссөн нь үүнийг гэрчилж байна. Одоо Хөрөнгийн биржид өдөрт дунджаар 579 сая төгрөгийн гүйлгээ хийг­дэж байна. Өнгөрсөн онд арилжигдсан тоо ширхэ­гээрээ цахиур хагалж, нэгдүгээр байрт орсон үнэт цаас бол “Женко тур бюро”. Энэхүү хувьцаа нь одоо ч идэвхтэй арилжаа­лагдаж, топ 20 индексэд бичигдсээр байгаа юм. Ханш нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд бараг хэлбэлзэлгүй буюу тогтмол 90 төгрөг байгаа юм. Харин үнийн дүнгээрээ оны тэргүүлэх үнэт цаа­саар тодорсон нь “Шарын гол”. Нийт 54 тэрбум 338 сая төгрөгийн арилжаа хийгдсэн нь нийт арил­жааны 30 хувийг дангаа­раа эзэлж байгаа хэрэг. Хамгийн сүүлд хаалтын ханш нь 9495 төгрөг бай­сан. Харин өнгөрсөн оны долдугаар сарын 25-нд 10400 төгрөг хүрч байсан нь тухайн жилдээ хам­гийн өндөр үзүүлэлт аж. “Шарын гол” компанийн удирдлагуудыг сольсны дараа ч үнэт цаасных нь ханшид өөрчлөлт ороогүй. Сүүлийн хэдэн сарын турш “Шарын гол” үнэт цаасны хувьцаа хамгийн тогтвортой байгаа бөгөөд топ 20 индексээс нэр нь гарсангүй. Арилжааны үнийн дүнгээрээ хоёрду­гаар байрт 26.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн “Бэрх уул” үнэт цаас ор­жээ. Өнгөрсөн оны дун­дуур “Бэрх-Уул” хувьцаат компани Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших жоншны ордынхоо нөөцийг батлуулсан. Ашигт малтмалын газар тус ордын ашигтай нөө­цийг 2.13 сая тонн гэж баталсан нь тус компа­нийн хувьцааг тэр дор нь дээш татаж чадсан юм. 2500 төгрөгөөс дээш гарах­гүй байсан “Бэрх уул” хувьцаа хоёрхон сарын дотор 6000 төгрөгт хүрсэн. Одоо ханш нь 6300 төгрөгт тогтмол байна. Харин “Шивээ-Овоо” ком­па­нийн үнэт цаас 9.7 тэрбум төгрөгийн арилжаанд орж, гуравдугаарт жагсчээ.

Бүтэн жилийн хуга­цаанд ханш нь хамгийн их өссөн үнэт цаасаар “Өн­дөр­хаан” тодорлоо. 2011 оны төгсгөлд ердөө 180 төгрөгийн ханштай байсан тус үнэт цаас 2012 оны төгсгөлд 6600 төгрөгт хүрсэн юм. Мөн “Цагаан толгой” хувьцааны ханш 213 төгрөгөөс 7800 төгрөгт хүрч огцом нэмэгджээ. Тэгвэл ханш нь хамгийн их буурсан 20 үнэт цаасыг Монголын хөрөнгийн бирж мөн нэрлэсэн байна. Энэ жагсаалтын тэргүүнд “Хэрэглээ импекс” 12928 төгрөгөөс 3870 төгрөг болж буурснаараа оржээ. Харин хоёрдугаарт орсон “Адуун­чулуун” төслийн хувьцаа 6000 төгрөгөөс 1803 төгрөгт хүрч буурсан байна.

Өнгөрсөн оны тухай зургаа болон наймдугаар сард хувьцааны арилжаа хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байлаа. Хамгийн өндөр зах зээлийн үнэл­гээ­­тэй 30 компанийн жаг­саалтыг “Тавантолгой”, “АПУ, “Шивээ-Овоо” гэсэн гурван үнэт цаас тэргүүлжээ.