Б.ТҮШИГ

 

Их Британийн “ВВС” агентлаг ийм нийтлэл гаргажээ.

 

Олон улсын эрүүгийн шүүхээс мэдэгдэхдээ, Монгол Улс тус байгууллагын тавьсан шаардлагуудын дагуу хамтран ажиллах үүрэгтэй гэжээ. Тэдгээр шаардлагуудад есдүгээр сарын 3-нд тус улсад айлчлахаар төлөвлөж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг баривчлах тушаал ч мөн багтсан байна.

Олон улсын эрүүгийн шүүх 2023 оны гуравдугаар сард ОХУ-ын төрийн тэргүүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш тус шүүхийн гишүүн улсад хийх гэж буй В.Путины анхны айлчлал болох гэж байгаа нь энэ.

Украин руу бүрэн хэмжээний түрэмгийлэл үйлдсэний дараа украин хүүхдүүдийг ОХУ руу хууль бусаар албадан гаргахад В.Путин хариуцлага хүлээх ёстой гэж тус шүүх үзсэн билээ.

Хэдий тийм ч Кремль удахгүй болох айлчлалын талаар санаа зовних зүйл ер байхгүй гэж мэдэгдсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Бид Монголын түншүүдтэйгээ маш сайн харилцаатай. Мэдээжийн хэрэг, Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой бүх асуудлыг сайтар бэлтгэж боловсруулсан" гэжээ.

Тэгвэл Олон улсын эрүүгийн шүүхийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга, доктор Фади Эль-Абдалла “BBC” агентлагт ярихдаа, “Тус шүүхийн гишүүн орнууд Ромын хэлэлцээрийн IX бүлгийн дагуу хамтран ажиллах үүрэгтэй" гэсэн юм.

Гэхдээ энэхүү хэлэлцээрт, гишүүн орнууд өөр улсын өмнө хүлээсэн урьдын гэрээний үүргээ зөрчих, гуравдагч улсын төлөөлөгчид болон эд хөрөнгийн дипломат халдашгүй эрхийг зөрчихөд хүргэх тохиолдолд үүрэг хариуцлагаасаа чөлөөлөгдөж болно гэсэн заалт байдаг ажээ.

Фади Эль-Абдалла түүнчлэн, хэлэлцээрт гарын үсэг зурсан улс орнууд хамтран ажиллахаас татгалзсан тохиолдлуудыг нарийвчлан судалж, улмаар бүх гишүүн орноос бүрддэг Ассамблейгаар авч хэлэлцэн зөрчил гаргачдын эсрэг шаардлагатай бүх арга хэмжээг авч болдог тухай мөн дуулгасан юм.

Олон улсын эрүүгийн шүүх нь өөрийн гэсэн хууль хяналтын хүчний байгууллагагүй аж. Сэжигтнүүдийг тус шүүхийн гишүүн орнууд нутаг дэвсгэртээ баривчилдаг бөгөөд үүнд тэдгээр улсын эрх баригчдын зохих хүсэл зориг шаардагддаг байна.

Украины Гадаад хэргийн яам Монголын эрх баригчид В.Путиныг дайны гэмт хэрэгтэн гэдгийг ухамсарлана гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, ОХУ-ын төрийн тэргүүнийг баривчлан Гаагийн прокуроруудад шилжүүлэхийг уриалжээ.

Урьд нь Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан баривчлах тушаалыг биелүүлээгүй тохиолдол гарч байлаа. Жишээ нь, 2015 онд Суданы тухайн үеийн Ерөнхийлөгч Омар Башир тус шүүхийн хүчинтэй тушаалыг үл харгалзан Өмнөд Африкийг саадгүй орхиж гарсан юм.

Харин В.Путин өнгөрсөн жил Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг баривчлах тушаал гарсны дараахан Өмнөд Африкт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцох шийдвэрээ цуцалжээ.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафосагийн хэлснээр, ОХУ-ын удирдагч БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад зайнаас оролцохоор харилцан тохиролцсон байна. 

Украинд бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойш В.Путин гадаадад цөөн айлчлах болж, баривчлах тушаал гарснаас хойш очсон улс орнууд нь бүгд Олон улсын эрүүгийн шүүхийн харьяанд байдаггүй ажээ. Тэдгээрээс ялгаатай нь Монгол Улс тус шүүхийн гишүүн болох үйл явцыг 2002 онд дуусгасан юм.

Монгол түүнчлэн дэлхийд ардчилсан улс гэдгээрээ нэр хүндтэй (жишээ нь, “Freedom House” байгууллага тус улсыг эрх чөлөөт орнуудын ангилалд багтаадаг бол ОХУ-ыг эрх чөлөөт бус орон гэж үздэг тул Москва “Freedom House”-ыг “хүсэмгүй байгууллага” гэж зарлажээ).

Хэдий тийм ч Монгол Улс далайд гарцгүй, зөвхөн ОХУ, БНХАУ-тай хиллэдэг тул В.Путиныг баривчлан Гаагийн шүүхэд шилжүүлж өгнө гэдэг тун хүндрэлтэй биз ээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 169 (7413)