МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Олон Улсын Монгол судлалын холбоо хамтран “Монголын бурхны шашин судлал” сэдэвт олон улсын хурлыг Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуган, МУИС-ийн Номын санд зохион байгуулж байна.

Монгол нутагт бурхны шашин дэлгэрэхдээ монголчуудын түүх, соёл, төрт ёс, философи сэтгэлгээнд гүнзгий нөлөөлж, сүм хийд, лам хуврага, дэг жаяг, зан үйлийн онцлог бүхий “Монголын бурхны шашин” болж хөгжсөн. Тиймээс монголын бурхны шашин нь шашин судлал, буддын судлал, монгол судлалын хүрээнд тал бүрээр судлагдан хөгжиж буй.

Энэхүү хурлаар Монголын бурхны шашныг судалдаг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сүүлийн үеийн судалгааны үр дүнг хуваалцах, сурталчлан таниулах, эрдэм шинжилгээний солилцоог дэмжих, монголын бурхны шашин судлалын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, салбарт тулгамдаж буй сорилтуудыг хэлэлцэж байна.

Хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ, АНУ, БНПУ, БНСУ, БНУАУ, Швейцарь, Япон, Тайланд зэрэг 11 улсын 60 гаруй эрдэмтэн, судлаач Mонгол дахь буддын мэдлэг ухаан ба эх бичгийн судалгаа, Mонголын бурхны шашны түүх, хутагт хувилгаад, буддын мэргэд, сүм хийд, зан үйлийн судалгаа, Mонголын бурхны шашин ба улс төр, эрх зүй, гадаад харилцааны судалгаа, Монголын бурхны шашны өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын судалгаа гэсэн дөрвөн салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүллээ.

 

Монголд 1708 санваартан бүртгэгдсэнээс 1414 нь хуварга байна

Монголын шашин шүтлэгийг сүүлийн арван жилээр нарийвчилж эрэгтэй, эмэгтэй хүйсийн бүтцээр нь харвал монгол эмэгтэйчүүдийн сүсэг бишрэл эрэгтэйчүүдээс өндөр байна. 2019 онд нийт сүм хийд 453-д хүрсэн нь оргил үе байжээ. Шашны сургууль дацанд суралцагчдын тоо 2010 онд нэлээд олон байсан бол өнөөдөр цөөрч зургаа дахин буурсан үзүүлэлттэй байгаа аж. Үүний цаана шашинд суралцагчдын тоог бүрэн бүртгэж чадаж байгаа юу гэдэг асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, 112-р сургуульд өнөөдөр идэвхтэй сурч буй 106 сурагч байгаа аж. 2023 оны байдлаар Монгол Улсад 132 бурхны шашны сүм хийд байхад, христос шашны 209, ислам шашны 23, бусад шашны долоо сүм хийд нийт 371 сүм хийд байна. 2023 оны байдлаар Монголд нийт 1708 санваартан бүртгэгдсэнээс 1414 нь хуварга аж.

Монголын бурхны шашинтны төвийн Гандантэгчилэн хийдийн гавж С.Гантөмөр Монголын дээдэс лам нарын Цогт Наландарын түүхэн уламжлалд оруулсан хувь нэмэр илтгэлдээ “Бурхан багшийн сургаалын гол зорилго нь гадаад болон дотоод юмс үзэгдлийн наад мөн чанар, үнэмлэхүй буюу цаад туйлын мөн чанарыг бүрэн таних явдал мөн. Тиймээс буддын сургаалыг судлагчид нь урт хугацааны шат дараалсан тун нарийн сургалтын тогтолцоог бий болгосон байдаг.

Монгол оронд Бурханы шашин гурван удаа дэлгэрсэн ч хожуу дэлгэрэлтийн үед сургалтын тогтолцоо нь нийтийг хамран бүрэн цогцлон суурьшиж чадсан. Монгол туургатны олон газар нутагт тэрхүү тогтолцооны дагуу сургалтаа явуулдаг олон хүрээ хийд байсан ч тэдгээрийн дотроос Халх Жэвзүндамбын их хүрээ нь Монголын Бурхны шашинтны гол төв болон мандан бадарч байсан.

Их хүрээний сургалт нь лекц болон мэтгэлцээнд суурилан явагдах бөгөөд гол судлагдахуунууд ба судлах арга барил тэргүүтнүүд нь бүгд Цогт Наландарын хийдийн бандида нарын зохиол бүтээлд үндэслэгдсэн байна. Тиймээс уг сургалтын Тогтолцоо нь Цогт Наландарын хийдээс уламжлалтай хэмээн үзэх боломжтой. 129 Наландарын бандида нарын дээрх үндсэн зохиол бүтээлүүдийн хүрээнд хамрах 80 гаруй ламын нэгээс дээш бүтээлүүд байгаа нь багагүй үзүүлэлт гэж үзэж байна. Мөн эдгээрийг үзэж судалдаг Буддын гун ухааны дацан их бага нийт мянга гаруй байжээ. Тэдгээрт үлэмж хэмжээний лам нар суралцаж байсан нь бас тодорхой.

Тэдний дотроос зөвхөн Их хүрээний хоёр дацанд Буддын гүн ухааны дээд цол болох Гавжийн миндаг хүртсэн хүмүүсийн тоог судлахаар бид хичээж байна. Бидний дээдэс лам нар Бурханы шашныг зүгээр нэг шүтсэн төдийгүй өөрсдийн оюун ухааны онцлогийг шингээсэн олон гайхамшигт бүтээлүүдээр баяжуулж иржээ. Тиймээс монголчуудын цогт Наландарын түүхэн уламжлалыг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг нь үнэлж баршгүй хэмээн бахархан үзэж байна” гэдгийг онцоллоо.

 

Эрдэмтэд монголчуудын шашин шүтлэг, буддын шашныг түлхүү судалдаг

 

Олон улсын монголч эрдэмтдийн сонирхдог гол сэдэв нь монголчуудын шашин шүтлэг, буддын шашныг голчилж судалдаг. Гадаадын 20 гаруй эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач Монголын бурхан шашны түүх, Монголын хутагт хувилгаадын талаар илтгэлээ хэлэлцүүлж байна. Мөн монголчуудын уул овоо байгалиа шүтэх ёс заншлыг судалдаг эрдэмтэд хүрэлцэн ирсэн. Далай лам Монголын X Богдын талаар хэлэлцэж байгаагаараа онцлогтойг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор С.Дэмбэрэл хэлж байлаа.

 Тайланд лам Т.Чанвит 

Энэхүү олон улсын хуралд орол­цож буй Тайланд лам Т.Чанвит Монгол Улсын их сургуулийг шашин судлалаар бакалаврын түвшинд суралцаж төгсөөд, үргэлжлүүлэн магистрт суралцаж байгаа аж. Тэрээр Тайландад байхаасаа Монголын түүх, тэр тусмаа шашин соёлыг сонирхон судалж, өөр улсын хэлнээс орчуулан уншдаг байжээ. Түүний хэлснээр тодорхой, үнэн мэдээлэл ховор тул өөрийн биеэр суралцахаар ирсэн гэв. Мөн тэрээр суралцахын хажуугаар олон хүнд бясалгалын ач тусыг түгээж яваа нэгэн. Мөн Монгол оронд сурсан мэдсэн мэдлэг, мэдээллээ өөрийн улсад болон өөр орны сүсэгтэн олонд түгээдэг аж.  Бурхан багшийн сургаалд “Өөрөө өөртөө гэрэл бол” гэж үг бий. Тэр өөрөө эхлээд гэрэл асаагаад түүнийгээ бусдад түгээж яваа нэгэн аж.

Нийслэлийн ерөнхий боловс­ролын 112 дугаар сургуулийн багш, доктор Г.Жалсрайжамц 
 

Нийслэлийн ерөнхий боловс­ролын 112 дугаар сургуулийн багш, доктор Г.Жалсрайжамц “Хутагт хувил­гаадыг тодруулах уламжлал 1990 онд дахин сэргэсэн байдаг. Монгол Улс нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор 1992 оны Үндсэн хуулиар шашин шүтэх эрхийг нээсэн. Түүнээс өмнө шашин шүтэх эрх хаалттай нийгэмд амьдарч байлаа. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль, 1993 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хуулийн зарим зүйлд бурхны шашны асуудлыг хөндөж тавьсан боловч хутагт хувилгаадын тодруулах асуудлыг орхигдуулсан нь нэг талаасаа бурхан шашны эрх зүйн зохицуулалт, төрийн эрх зүйн зохицуулалтгүй байсан нь хутаг  хувилгаадын хэрхэн тодруулав, өнөөдрийн хүртэл ямар ямар хувилгаад тодров. Эргээд энэ эрх зүйн зохицуулалт хэрхэн бий болсон талаар илтгэлээ. Монгол судлалын салшгүй нэг хэсэг нь монголын бурхны шашин. Бид ямар шашин шүтээд байна. Шүтэхдээ шүтэгчийн мөн чанараар шүтээд байна уу, тогтсон уламжлал, хэв маяг, хэрэглээ гэсэн талаас нь хараад байна уу гэдгийг хэлэлцлээ. Бид буддизмыг түүхэн уламжлалаасаа хэрхэн харах, соёлын биет болон биет бус өв, цаашид бурхны шашнаа хэрхэн авч явах, XXI зууны буддист байхын тулд ямар байх ёстой вэ гэсэн чиг хандлагад анхаарсан нь энэхүү хурлын томоохон ач холбогдол” гэлээ.

Унгар улсын Будапешт хотын бурхны шашны дээд сургуульд багшилдаг Жужа Майяр Монголд 10 дахь удаагаа ирж байгаа аж. Тэрээр “Миний хувьд монголын бурхны шашныг дагнаж судалдаг. Олон гадаад судлаач Монгол судлаачид цуглаж байгаа нь сайхан байна. Америк, Орос, Англи, Европын хуучин соёлт орнуудад хүнийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх энэ талаа бодоод хэдий бээр шинжлэх ухааныг үнэлж үздэг болсон ч шашнаа хаялгүйгээр хамт аваад яваа харагддаг. Яагаад гэвэл хүний сүсэг бишрэл гэдэг аугаа зүйл юм. Түүнийг харгис, хүнд хөнөөлтэй биш л бол бүх нөхцөлд хүлээн зөвшөөрдөг. Шашин нь дээд зэргийн ёс суртахуун, энэрэл, нигүүлсэл, эх орноо хайрлах хайр, өөр бусдыг хайрлах хайр, ёс зүй гэх мэтчилэн тогтоож өгдөг үүн дээр суурилсан шинжлэх ухаан” гэв.

Энэхүү олон улсын хурлыг МУИС-аас тогтмол хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг аж. 2000 гаруй жилийн хугацаанд монголд хөгжсөн шашны түүхийн үечлэлийн асуудал Монголын Бурхны шашин судлалын үндсэн судалгааны асуудлуудын нэг. Үндэсний ухамсар үзэл санааг сэргээх зорилгоор бурхны шашинд манай ард иргэд түлхүү хандаж байна хэмээн дүгнэж хэлж болно.

Бурхны шашин мандан буурлын үеийг дамжиж өнөөдрийг хүртэл оршин тогтнож эхлэхдээ монголчуудын соёлын хөрсөнд бат суурьшсан.  Улс төрийн санаа сэдлээр бурхны шашныг монголд хөгжүүлж байсан Юань гүрний үед төрд зориулж бичиг үсэг зохиосон байдаг. Тэрхүү бичиг үсгээр бурхны шашны зарим ном зохиолууд хэвлэгдэж байсныг цохон тэмдэглэж байна. Монголчуудын шашин шүтлэг үзэл санааг нэгтгэх хүч боловсролын тогтолцоо хэмээн талархаж хүлээн авсан бурхны шашин зарим талаар монголын нийгмийн бүтцэд нөлөөлж ирсэн талаар  МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор С.Янжинсүрэн илтгэлдээ дурдлаа.

1918 оны хүн амын тооллогод үндэслэсэн судалгаагаар 600 мянга хүрэхгүй монголчуудын 42.8 мянга буюу 21 хувь нь лам байсан гэх тоо судалгаанд гарчээ. Энэ үед нийгэмд эргэлт гарч гаднын ятгалга, дотоодын хямралаас шалтгаалан уламжлалт шашин соёлыг буруушаах үзэгдэл хүчтэй өрнөсөн байна. Үүний нөлөөгөөр 1000 орчим сүм хийдийг нурааж, 30 орчим мянган ламыг хэлмэгдүүлсэн зэрэг нь бид соёлдоо нэлээд хор хохирол учруулсан явдал билээ. 1990 оны ардчилсан хувьсгалаар монголчуудын түүх соёлд хандах хандлага эрс өөрчлөгдсөн ялангуяа далд байсан уламжлалт шашин шүтлэг сэргэжээ. Бурхны шашин монгол соёлтой сүлэлдэж, өөриймссөн учир ард иргэд илт элгэмсүү ханддаг билээ. 

Монгол бурхны шашныг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан анхны байгууллага нь Судар бичгийн хүрээлэн аж. Хамгийн анх номын сантай, архивтай болох үйл ажиллагааг бий болгосон байдаг. Үндэсний төв номын санд хадгалагдаж байгаа монголчуудын хамгийн анх хийсэн ном зүйн бүртгэл болох Ганжуур Данжуур хадгалагдаж буй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 165 (7409)