Э.Дөлгөөнтамир

 

ДЭМБ сармагчны цэцэг өвчний дэгдэлттэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт шуурхай хуралдаж,  дэлхийн хэмжээнд онц байдал зарласан. Сармагчны цэцэг өвчин Африкийн орнуудаас гадна Европ тивд бүртгэгдсэн юм.  Тэгвэл Тайланд, Филиппинд мөн халдварын тохиолдол бүртгэгдэж, Азийн орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж магадгүй байна.  Тайландын тохиолдол нь Африкийн улсад аялаад ирсэн 66 настай европ эрэгтэйгээс илэрчээ. Харин Филиппиний тохиолдол нь 33 настай филиппин эрэгтэй байжээ. Тухайн эрэгтэй нь өөр улсад аялсан түүхгүй бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ДЭМБ энэ долоо хоногийн Мягмар гаригт мэдэгдэл хийхдээ "Сармагчны цэцэг бол шинэ Covid-19 биш. Өвчний тархалтаас үл хамааран эрх баригчид үүнийг хэрхэн хянахаа мэднэ" гэж онцолсон юм.

ДЭМБ онц байдал зарласны дараа олон оронд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Индонез улс хилийн нэвтрэх цэгүүдэд хяналт шалгалтаа чангатгажээ. Индонезид нэвтэрч буй гадаадын иргэд эрүүл мэндийн байдал, сүүлийн үеийн аяллын түүхийг тодорхойлсон маягт бөглөнө. Малайз улс ч мөн ижил арга хэмжээ авахын зэрэгцээ тохиолдол бүртгэгдсэн улс орнуудаас ирсэн бол 21 хоног эрүүл мэндээ хянахыг иргэдэд зөвлөж байна. Ижил төстэй арга хэмжээүүдийг Сингапур, Вьетнам, Хятад, Япон улсууд авч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 163 (7407)