Б.ЖАВХЛАН

 

Бангладеш улсад ням гарагт цагдаа нар болон Засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болсны улмаас 90 гаруй хүн амиа алджээ. Оюутны хөдөлгөөний удирдагчид Ерөнхий сайд Шейх Хасинаг огцрохыг шаардаж эсэргүүцэл зарласны дараа эмх замбараагүй байдал үүссэн байна. Сиражганж дүүргийн цагдаагийн хэлтэс рүү олон мянган хүн халдсаны улмаас 13 цагдаа амиа алджээ.

Оюутны жагсаал өнгөрсөн сард төрийн албаны ажлын байрны квотыг цуцлах шаардлагаар эхэлсэн бол одоо Засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй хөдөлгөөн болон хувирсан байна. Цагдаа нар, эрх баригч намын зарим дэмжигчид Засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчид руу гал нээж буй нь харагджээ. Мөн цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна. Долоодугаар сард эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш нийт амиа алдсан хүний тоо 280-аас давжээ. Орон даяар 18 цагаас хойш хөл хорио тогтоогоод байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк Бангладешийн улс төрчид, аюулгүй байдлын хүчнийхэнд хандан “нүд халтирам хүчирхийллийг” зогсоож, хүлээц тэвчээртэй байхыг уриалжээ. Түүнчлэн даваа гарагт Дака хотод зохион байгуулахаар төлөвлөж буй олон нийтийг хамарсан жагсаалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд “цаашид хүний амь эрсдэх” эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. “Эсэргүүцлийн хөдөлгөөнд тайван замаар оролцож буй хүмүүсийг онилохоо зогсоож, баривчлагдсан хүмүүсийг нэн даруй суллаж, интернэтийн сүлжээг сэргээж, яриа хэлэлцээ хийх нөхцөлийг засгийн газар бүрдүүлэх ёстой” гэж Ф.Тюрк нэмж хэлжээ.

Ерөнхий сайд Ш.Хасинагийн хувьд огцрох шаардлагыг үл тоомсорлосоор байна. Тэрээр аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дарга нартай уулзсаныхаа дараа жагсагчид бол “оюутнууд биш, харин улс орныг тогтворгүй болгох зорилготой террористууд” гэжээ. “Эрх баригчид “тэвчээртэй” байна. Хэрэв бид тэвчээртэй хандаагүй бол цус урсах байсан. Бидний тэвчээрт хязгаар бий гэж бодож байна” хэмээн Хууль зүйн сайд Анисул Хук BBC телевизэд ням гарагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.Нийслэл Дака хотод гар утсаар интернэтэд нэвтрэх боломжийг түр хязгаарлажээ. Түүнчлэн хүмүүс амиа алдсан, шархадсан тохиолдлууд хойд нутгийн Богра, Пабна, Рангпур дүүрэгт бүртгэгдсэн байна. Нэрээ нууцалсан нэгэн цагдаа Франс Пресс агентлагт мэдээлэхдээ, хот бүхэлдээ тулааны талбар болон хувирсан гэжээ. Түүний хэлснээр, олон мянган жагсагч эмнэлгийн гадаа байсан автомашин, мотоциклиудыг шатаасан байна.

Иргэний эсэргүүцлийг удирдагч Асиф Махмуд жагсагчдад хандан, даваа гарагт Дакад жагсахыг уриалжээ. Тэрээр "Эцсийн эсэргүүцлээ илэрхийлэх цаг ирсэн" хэмээн хэлсэн байна. Засгийн газрын эсрэг жагсаалыг зохион байгуулж буй “Ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг оюутнууд”-ын бүлгээс татвар, төрийн үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байхыг ард иргэдэд уриалжээ. Мөн бүх үйлдвэрийн үйл ажиллагаа, нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоохыг уриалсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 150 (7394)