Лхагвасүрэнгийн ОТГОНДҮҮ
Түм түжигнэж, бум бужигнасан газруудын нэг нь Нарантуул олон улсын худалдааны төв. Баяр наадмын үеэр түмний хөлд дарагдсан Нарантуулынхан өдгөө ч олны хөл тасарсангүй. Учир нь энэ жил Монгол Улсын хэмжээнд 13 аймгийн 102 сум 100 жилийн ойгоо тэмдэглэж буй юм. Өмнөх жилүүдэд долоодугаар сарын эхээр наадмын бэлтгэл базаадаг байсан бол энэ жилийн онцлогийг дагаад Нарантуул зах дээр монгол дээл, хувцас, малгайны худалдаачид эрэлт ихтэй байгаа ажээ. Монголчууд баяр, наадмын өмнө бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж “уралддаг” бол гаднынхан бодит хямдралаар өрсөлддөг. Гэхдээ энэ жил өмнөх жилүүдийг бодоход монгол дээл хувцасны үнэ төдийлөн хөөсрөөгүй бололтой. Нарантуул захад худалдаа эрхлэгч Н.Батболд “Энэ жил наадам болох үеэс эхлээд одоог хүртэл дээлийн борлуулалт сайн байна. Энэ ч сумдын 100 жилийн ой болж байгаатай холбоотой байх. Үнийн хувьд эрэгтэй дан дээл 280-350 мянган төгрөг. Харин эмэгтэй дан дээл 150-280 мянгаар борлуулагдаж байгаа. Бас эрэгтэй малгай 25-60 мянга байгаа бол эмэгтэй нь 40 мянган төгрөгөөр зарагдаж байна” гэсэн юм.
О.Чимэгээ нутгийнхаа ойд явахаар бэлтгэл базааж яваа ажээ. Тэрээр “Нутгийн маань 100 жилийн ой болж байгаа. Гэр бүлээрээ явах болохоор дээл, хувцас бас хамаатны ганц нэг айлаар орох учраас бага сага бэлэг бэлдэх хэрэгтэй. Санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа ч 2.2 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар болсон” гэв. О.Чимэг ам бүл зургуулаа. Нөхөр, хүүхдүүддээ монгол цамц авсан байна. Мөн айлуудаар орохдоо өгөх чихэр печень ч авчээ. Энэ бүхэнд 1.2 сая төгрөг зарцуулсан бол замын хүнс, шатахуунд нэг сая орчим төгрөгт багтахаар төлөвлөснөө ярьсан. Тэрээр Улаанбаатар хотод суурьшсан Төв аймгийн гаралтай гэдгээ бидэнд хэллээ.
“Нарантуул” захын худалдаа эрхлэгч Б.Туяа “Зургаадугаар сараас эхлээд баяр наадмын бэлтгэл базаасан хүмүүс их байсан. Өмнөх жилүүдээс энэ жил илүү хөл хөдөлгөөн ихтэй байна. Одоо тэгээд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил эхлэх хугацаа болж байгаа учраас борлуулалт буурахгүй байх гэж бодож байна” гэсэн юм.
Статистикчдийн гаргасан судалгаагаар өрхийн орлого дунджаар 2.4 сая төгрөг. Харин сарын дундаж цалин 2.2 сая төгрөг байгаа юм. Тэгвэл монголчууд баяр наадамд орлогоосоо давсан хэрэглээтэй болдог нь бичигдээгүй хууль. Нэг удаагийн баярт зарцуулсан мөнгө өрхийн сарын орлоготой дүйцэхээр хэрэглээ болон бусад зардлаа хэрхэн төлөх вэ гэдэг асуулт гарна. Эдийн засагч Л.Оюун “Өрхийн хэрэглээнээс давсан зардал гаргана гэдэг нь өр үүсэх, хуримтлагдах эрсдэл үүсгэдэг. Тэгэхээр санхүүгийн сахилга батыг сахих шаардлагатай. Үүний тулд бага боловсролоос нь эхлээд санхүүгийн мэдлэг олгох хэрэгтэй” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 147 (7391)