Доржийн ОЮУНЧИМЭГ
Яаралтай горимоор баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль нэлээдгүй хэл ам дагуулж байгаа. Гэхдээ энэ хууль батлагдсанаар стратегийн ордын үр өгөөжийг хүртэх үндсэн хуваарилалтын зарчмыг тодорхойлж байгаа хэмээн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлж байсан юм. Тэрээр “Хамгийн гол нь үндсэн асуудлаа хөндсөн учраас эхний ээлжид нэгдсэн журмаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Тэгэхээр Ирээдүй өв сангийн хууль 2030 он хүртэл хүчин төгөлдөр байна. Гэхдээ хуулийн зарим заалт хэрэгжээгүй. Учир нь Ирээдүй өв санд нэлээдгүй хөрөнгө хуримтлагдаж байж олон улсын санхүүгийн зах зээлд удирдах боломжтой болно. Түүнчлэн хөрөнгийг удирдах институт өндөр түвшний олон улсын санхүүгийн зах зээл дээр ажилладаг, хөрөнгийн удирдлагаар мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэсэн байх шаардлагатай. Түүнээс гадна компани өөрөө төлөвшиж засаглалын сайн жишгийг тогтоох учиртай. Энэ бүхэн бодит байдалд нийцэхгүй байсан учраас 2030 он хүртэл хойшлуулсан юм” гэж онцолсон. Харин газрын хэвлийн баялаг нийт ард түмний өмч. Энэ өмчөөс иргэн бүр тэгш хүртэх эрхтэй. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болж, баялгийн сантай болсон хэрэг. Нөгөөтээгүүр газрын хэвлийд орших эрдэс, түүхий эдийг хөрөнгө, мөнгө зарж олборлолт явуулж, экспортолж байж л баялгийн жинхэнэ үнэ цэн бий болно.
Тэгвэл энэ удаагийн Монголын эдийн засгийн 11 дэх удаагийн чуулганаар Баялгийн сан, олон улсын тэргүүн туршлага хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хэлэлцүүлэгт оролцогчид ямар байр суурь илэрхийлснийг энд сийрүүлье.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГ АМИЛУУЛСНААР БАЯЛГИЙН ШУДАРГА ХУВААРИЛАЛТЫГ ТОДООР ХАРУУЛНА
Хүмүүс байгалийн баялгийн ашиг нь надад хуваарилагдахгүй байна гэдэг. Тэгэхээр баялгийн ашгийг нэг удаагийн ногдол ашиг байдлаар авахаас илүүтэй хүний хөгжил рүү чиглэсэн бодлогоор зохицуулалт хийх нь зүйтэй гэж үздэг. Тэр дундаа байгалийн баялгаас олсон ашиг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулагдах ёстой. Түүнчлэн орон сууцжуулахад зарцуулах нь зүйтэй юм. Тиймээс эдгээрт чиглэсэн үйл ажиллагааг бий болгохын тулд хуульд тусгасан хүрээнд бодит утгаар нь хэрэгжүүлэх боломжтой. Ямартай ч хуулиа баталсан. Олон талаас нь ярилцах зүйлүүд бий. Жишээлбэл, Засгийн газар оролцогч талуудыг журмаар баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр хэн орлого бүрдүүлэх гэдгээс эхлээд орлого бүрдүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг гаргах ёстой.
Үндэсний баялгийн сан бусад орнуудын сайн жишгийг Монголын хөрсөнд буулгах ажил бидний өмнө байна. Хэрэв бид энэ санг амилуулж чадвал байгалийн баялаг хувь хүнд хүрч байгааг тодоор харуулна. Нөгөөтээгүүр Үндэсний баялгийн санг зөв голдирлоор нь хөгжүүлж авч явбал хүн бүрийн хэлдэг Байгалийн хараал биш Байгалийн ерөөл болох учиртай юм. Үүний тулд хуваарилалтын механизмыг зөв хийх шаардлага бий. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэхийн тулд энэ парламентийн хугацаанд Засгийн газартай илүү ойр хамтран ажиллах ёстой гэж үзэж байгаа.
ЕСБХБ-ны тэргүүн Ханнес Такач: ХУУЛИЙН ҮЗЭЛ САНААГ ХУВАААЛЦАХ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЧУХАЛ БАЙНА
Үндэсний баялгийн сан улс орны хөгжилд чухал ач холбогдолтой. Монголчуудын хувьд шинээр батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үндэслэл, агуулга, ач холбогдлыг олон нийтэд таниулах шаардлагатай. Мөн гаднын хөрөнгө оруулагчдад энэ хуулийн талаарх мэдээллийг хүргэхийн тулд хуулийг бүрэн эхээр нь англи хэл дээр хөрвүүлэх нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд нийгэм болоод хөрөнгө оруулагчдад мэдээллийг хүргэх ажлыг түргэвчлэх учиртай. Ялангуяа хөрөнгө оруулагчид шинээр батлагдсан хуулийн хэрэгжилтийг харахын зэрэгцээ хөрөнгө оруулалттай холбоотой ямар жишээ байна вэ гэдгийг чухалчилдаг. Тэгэхээр хууль батлагдахын сацуу хуулийн зохицуулалтын талаарх мэдээллийг сайтар түгээх хэрэгцээ шаардлага үүсч байгаа гэсэн үг л дээ. Хэрэв хуулийн зохицуулалт тухайн хөрөнгө оруулагчийн эрсдэлийг бууруулах нөхцөлтэй бол эргэлзээгүйгээр хөрөнгө оруулалт хийх болно. Мэдээж тухайн хууль ямар ч орон зайд, ямар ч цаг хугацаа, хэн тайлбарлаж байгаа вэ гэдгээс үл хамааран агуулга нь нэг л “шугам” дээр байх ёстой. Тэгэхээр шинээр батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг сурталчлах, хүмүүст хүргэх, үзэл санааг нь нээлттэйгээр хувааалцах нь хөрөнгө оруулагчдад чухал байна.
АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт: МЕНЕЖМЕНТИЙГ НЬ 2030 ОНООС ОЛОН УЛСЫН АРГАЧЛАЛААР ХИЙГЭЭД ЯВНА ГЭЖ ХАРЖ БАЙГАА
Уул уурхайн баялгийн сангийн талаар Монголын үе үеийн Засгийн газар тодорхой оролдлогуудыг хийж байсан. Энэ бол 2024 онд батлагдсан хууль бол тав дахь нь. 2006 онд төсөв анх удаа ашигтай гарч Монгол Улсын хөгжлийн санг бий болгосон байдаг юм. Энэ санд зарим бүтээгдэхүүний үний өсөлтийн албан татварын орлогыг хуваарилж эхэлсэн. Гэхдээ үүнийг хадгалж чадаагүй, шууд хэрэглэсэн. Ингээд 2009 онд Монгол Улсын хөгжлийн сангийн хуулийг хүчингүй болгож Хүний хөгжлийн санг бий болгосон. Ингэхдээ мэдээж тус сангийн орлогоор хүмүүст амалсан мөнгөө бэлэн ба бэлэн бусаар өгсөн шүү дээ. Үүний үр дүнд ахмад настан, оюутнууд нэг сая төгрөгөө авсан бол бусад хүмүүс Эрдэнэс тавантолгой компанийн 1072 хувьцааг эзэмшиж эхэлсэн. Энэ бол хоёр дахь оролдлого. 2011 онд төсвийн шинэчлэл хийн Төсвийн тогтворжуулалтын санг бий болгосон. Энэ сан төсвийн тэнцвэржүүлсэн орлогын давсан орлогыг хадгалдаг анхны Ирээдүйд хадгалдаг сан бий болсон. 2016 онд Ирээдүй өв сангийн хуулийг баталж АМНАТ-ын 65 хувийг тус санд түгжиж 2030 он хүртэл ашиглахгүй. Ингээд 2030 оноос баялгийн сангийн менежментийн корпорацийг бий болгож ирээдүйдээ зориулан хадгална гэсэн зорилготой байсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийсэн. Хүнд шууд өгсөн. Ирээдүйд зориулж хадгалсан гээд одоо ярьж байгаа бүгдийг хийхээр оролдож байсан юм. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр анх удаа баялгийг тэгш хуваарилах, Үндэсний баялгийн сангийн ойлголтыг суулгаж өгсөн. Нэлээдгүй хугацааны дараа хууль батлагдсан. Энэ нь гурван үндсэн сантай. Нэгдүгээрт Ирээдүй өв сан. Энэ санд АМНАТ-ын орлогын 65 хувийг төвлөрүүлж байгаа. Менежментийг 2030 он хүртэл Монголбанк хийнэ. Хоёрдугаарт, Хуримтлалын сан. Энд Эрдэнэс Монгол буюу манай стратегийн ордын нийт орлогын 34 хувийг цуглуулж боловсрол, эрүүл мэнд, орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах юм. Гуравдугаарт Хөгжлийн санг тогтворжуулалтын сантай уялдуулсан. Тэнцвэржүүлсэн тэнцлийн орлогын давсан орлогын 50 хувийг Хөгжлийн сандаа төвлөрүүлж, үүгээр тодорхой мега төслийг санхүүжүүлэх байдлаар явах юм. Хэдийгээр хууль богинохон боловч зохицуулах механизм нь Засгийн газарт бий. Менежментийг нь 2030 оноос олон улсын аргачлалаар хийгээд явна гэж харж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 142 (7386)