Д.ОЮУНЧИМЭГ
Энэ жил 17 аймгийн 102 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нутаг усаа зорих хүмүүсийн цуваа хөдөө тийш хүлгийн жолоо залж буй. Баяр наадам тэмдэглэх нь сайхан хэдий ч түүнд зарцуулах мөнгөний асуудал хэн хүнийг шаналгана. Д.Дашзэвэг Баянзүрх дүүргийн иргэн. Эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг. Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн тэрээр нийслэлийн унаган хүүхэд. Түүний аав, ээж Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул. Эцэг эхийнхээ нутгийн 100 жилийг зорих бэлтгэлээ өнгөрсөн цагаан сараас хойш базааж эхэлсэн тухайгаа тэрээр ярьж байна. “Би цагаан сарын дараагаас цалингаасаа сар бүр 500 мянган төгрөг хадгалж байсан юм. Аав, ээжийнхээ нутагт элбэг дэлбэг очихсон л гэж бодсон юм. Гэхдээ ингэж хадгалах амар байгаагүй ээ. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн зардал гээд манайх ч ам бүлийнхээ тоогоор зардал ихтэй байдаг юм. Би хөдөө ажилладаг. Цалин гайгүй авч байгаа ч эхнэр ажил хийдэггүй болохоор илүү гаргаж хуримтлал үүсгэж чадахгүй л байна” гэсэн юм. Д.Дашзэвэгийнх сард 4.7 сая төгрөгийн орлоготой. Цахилгаандаа сар бүр 30-40 мянган төгрөг зарцуулдаг бол хүнсэндээ 1.5 – 2 сая төгрөг зарцуулдаг байна. Айлын хашаа түрээсэлж амьдардаг бөгөөд хагас жилээр тооцоог нь хийдэг ажээ. Үүнд сар бүр 150 хагас жилээр нь төлбөрөө төлөхөд 900 мянган төгрөг зарцуулна. Үндсэндээ Д.Дашзэвэгийнх сар бүр тогтмол 2.5 сая төгрөгийг ахуйн хэрэглээ, хоол хүнс, хашааны түрээсэнд зарцуулдаг ажээ. Хэдийгээр түүнд 2.2 сая төгрөг үлдэх боломжтой боловч төлөвлөөгүй зардал хүүхдүүдийн сургалтын төлбөр гээд асуудал дуусдаггүй хэмээн ярьж байлаа.
Тэгвэл статистикчдийн судалгаагаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны эхний улирлын байдлаар 2283.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 452.9 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 48.3 мянган төгрөгөөр нэмэгджээ. Аж ахуйн нэгж байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2024 оны эхний улиралд 2020 оноос 87.1 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 32.4 хувиар өссөн байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.7 сая төгрөг, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна. Бодит цалингийн индексийг салбараар өмнөх оны мөн үетэй харьцуулж харвал хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын бодит цалингийн өсөлт хамгийн их хувьтай байна. Харин олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын бодит цалин өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байна.
Тэгэхээр өнгөрсөн онуудтай харьцуулахад цалин өссөн үзүүлэлттэй байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны эхний улирлын байдлаар нийт 50.2 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 753.4 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеэс 924-өөр өсөж, өмнөх улирлаас 861-ээр буурсан бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 16.6 мянгаар өсөж, өмнөх улирлаас 17.7 мянгаар буурчээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн 14.9 хувь нь боловсролын салбарынх, 9.6 хувь нь боловсруулах үйл ажиллагааны салбарынх, 6.9 хувь нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбар, 6.4 хувь нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 5.7 хувь нь уул уурхай, олборлолтын салбарынх байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны эхний улирлын тайланд хамрагдсан 753.4 мянган ажиллагчдын сарын голч цалин 1798.7 мянган төгрөг байв. Энэ нь өмнөх улирлаас 17.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн ажээ.
Өнгөрсөн сард цагийн болон өдөр өдөрт нь цалинг нь өгдөг ажил эрэлттэй байсан тухай ажил олгогч Ц.Батбаяр ярьж байна. Тэрээр барилгын компаниудтай туслан гүйцэтгэгчээр хамтарч ажиллаад 15 жил болж байгаа аж. “Ажил хийх хүн олдохгүй хэцүү байдаг. Харин энэ жил харьцангүй гайгүй байсан. Учир нь нутгийнхаа 100 жилд явахаар төлөвлөж байгаа учраас цалингаа долоо хоногоор нь авах сонирхол их байсан. Цаашид хүмүүсийг ажиллуулахдаа долоо хоногоор цалинг нь өгч байх нь ажил урагшлахад илүү дөхөм юм байна гэж харсан” гэлээ.
Ямартай ч статистикчдийн өссөн гэж харуулсан үзүүлэлт бодит амьдралд нийцэх бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 139 (7383)