Б.БОЛОР

 

Сүүлийн хоёр жил наадмын өмнөх өдрүүдэд зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулган “Өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia” уриан дор амжилттай зохион байгуулагдав. Хоёр өдрийн турш үргэлжилсэн Монголын эдийн засгийн чуулган нь дөрвөн нэгдсэн хуралдаан, 14 салбар хуралдаанаас бүрдэх юм. Чуулганы арга хэмжээ гурван байршилд нэгэн зэрэг үргэлжлэн зохион байгуулагдах бөгөөд нийт 2000 гаруй гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, төр, хувийн хэвшлийнхэн оролцлоо.

Эхний өдрийн чуулганаар Бүсчилсэн хөгжлийн бодлого-Хөрөнгө оруулалт, Хөдөөгийн хөгжил ба хоршоо, Эрчимжсэн мал аж ахуй, Тээврийн дэд бүтэц, Аялал жуулчлал, Хотын хөгжил ба Ухаалаг хот, Уул уурхай ба чухал ашигт малтмал-Өнөөгийн нөхцөл байдал, Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл буюу эвлэрүүлэн зуучлах сэдэвт салбар хуралдаан өрнөх юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөлөл Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлдэг Монгол эдийн засгийн чуулган энэ жил Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу төрийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд зохион байгуулсан сонгуулийн үр дүнд шинээр сонгогдсон 126 гишүүн бүхий парламентыг бүрдүүлсэн цаг үед болж байгаагаараа онцлог. Шинэ парламент, Засгийн газраас хувийн хэвшил, бизнесийн орчин, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлэх, эрхзүйн томоохон шинэчлэл хийх, хөгжлийн мега төслүүдийг хэрэгжүүлэх талаар бодлогын түвшинд дэвшил гаргаж, Бүсчилсэн хөгжлийн реформд төвлөрч ажиллана” хэмээн чуулганы ач холбогдлыг онцолсон юм.

2024 оныг Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталж, эдийн засгийн бүсүүд болон орон нутгийн хөгжлийн төвүүдийг тогтоосон. Үүнтэй уялдуулан УИХ-ын ээлжит сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар анх удаа зохион байгуулсан билээ. “Бүсчилсэн хөгжлийн бодлого-Хөрөнгө оруулалт” сэдэвт салбар хуралдаанаар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажиллаж амьдрах, ажил эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, бүс, орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлж, хөгжүүлэх цаашид баримтлах хөрөнгө оруулалт, татвар, санхүүгийн бодлого, хэрэгжүүлж буй онцлох ажлууд болон тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм.

“Аялал жуулчлалын боломж, сорилт” салбар хуралдаанаар Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласныг олон улсад дахин сурталчлах, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах боломжийг гадаад, дотоодын оролцогчдод таниулах юм. Энэ хүрээнд виз олголт, аялал жуулчлалын сурталчилгаа, аялал жуулчлалын маршрут дагуу хатуу болон зөөлөн дэд бүтэц, цахим хаягжилт зэрэг асуудлыг хөндөж, гарц шийдлийг хэлэлцлээ. Манай улс өнгөрсөн жил 594 мянган жуулчин хүлээн авсан. National Geographic тэргүүтэй олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд зочлоход тохиромжтой орны нэгээр Монгол Улсыг нэрлэж, үүнтэй холбоотойгоор манай улс руу чиглэсэн жуулчлалын урсгал эрс нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс тус салбар дахь дэд бүтцийг нэмэгдүүлж, жуулчдын аялах таатай орчныг бүрдүүлэх замаар эдийн засгаа дэмжих нөөц, боломжийг эрэлхийлнэ. Энэ өдөр экспортын орлогын 80 хувь, төсвийн орлогын 25 хувийг дангаар бүрдүүлэх уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, дэлхий нийтийн шинэ чиг хандлага болж буй чухал ашигт малтмалыг онцолсон. Эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал бол газрын ховор элемент. Тус зах зээл 2022 онд 2.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол 2028 онд дөрвөн ам.тэрбум долларт хүрч өсөн нэмэгдэхээр байна.

Эрчим хүчний шилжилтийн гол түүхий эд болж буй газрын ховор элемент нь манай улсын геологи, хайгуулын салбарыг эрчимжүүлэх, үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болохоор байна. Монголын Эдийн Засгийн Чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг “Монголчууд бид наадмын дараа намар гэж ярьдаг. Сонгуулийн үр дүнд эмхлэгдэн байгуулагдах шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, дараа жилийн төсөв, төлөвлөгөөг батлах шинээр сонгогдсон Их Хурлын чуулганы өмнө манай Форум болж байгаа нь бидэнд том боломжийг олгож байгаа гэж харж байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалт татах, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх талаар гаргасан сонгуулийн амлалтад гарц гаргалгаа, шийдэл олохыг хамтдаа эрэлхийлэх болно. 2024 оны Монголын эдийн засгийн чуулган ирэх он жилүүдэд биеллээ олох хөгжлийн бодлогыг эрэмбэлж, УИХ-ын сонгуулийн дараах улс орны тогтвортой хөгжлийг бодитой харж, шийдэлтэй хэлэлцүүлгүүд өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Чуулган нь хөрөнгө оруулагчдад танилцах, итгэлцэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнесийн өргөн боломжийг олгодог” хэмээн чуулганыг цар хүрээг тодорхойллоо.

Монголын эдийн засаг 2023 онд эдийн засаг долоон хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ 68.9 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 5,875 ам.долларт хүрсэн төдийгүй гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар давж, гадаад худалдааны нийт эргэлт 24.4 тэрбум ам.доллар, экспортын орлого 15.2 тэрбум ам.доллар болсон билээ. Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдаан Хөрөнгө санхүүгийн зах зээл, Банкны салбарын хөрөнгө оруулалт, Дижитал засаглал ба дижитал эдийн засаг, Үндэсний баялгийн сан, Чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг сэдвээр үргэлжилж өндөрлөлөө.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 135, 136 (7379, 7380)