Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

Ардчилсан үзэл баримтлалын амин сүнс нь бүх иргэний санал хураалт буюу сонгууль юм. Өнгөрсөн зууны тэргүүлэх улстөрч хэмээн түүхийн хуудаснаа үлдсэн Уинстон Черчилль “Ардчилал бол хамгийн муу засаглал, гэхдээ хүн төрөлхтний олсон хамгийн сайн засаглал” хэмээн тодорхойлсон байдаг. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын хамгийн үнэт зүйл нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхийг хангахад оршдог билээ. Барууны орнууд эрт үеэс төрт ёсны сонгодог жишгийг хадгалсаар ирсэн. Харин цар тахлын хорио цээрийн цаг хугацаа өнгөрсний дараагаар эдгээр орны улс төрийн эргэлтийн цэг 2024 онд үүсэж буй бололтой.

Ардчилсан улсын сонгуулийн эрх барих хугацаа дөрвөн жилээр тогтож ард түмний итгэлийг олж ялалт байгуулсан эрх баригчид, улс орны хөгжлийн бодлогыг өөрсдөө тодорхойлдог. Олон улсын ажиглагчид энэ жилийн улс орнуудын сонгуулийн дүнд ихэд анхаарал хандуулж байна. Тухайлбал, Евро парламентын сонгуулиар барууны үзэлтнүүд харьцангуй олон суудал авсан нь эрх баригчдын тогтвортой байдлыг бий болгож байна. Үүний нэг жишээ бол Франц улс билээ.

 

ФРАНЦЫН ХЭТ БАРУУНЫ ҮЗЭЛТЭЙ НАМ 20 ГАРУЙ ХУВИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛЭВ

 

Өнгөрсөн сард Евро парламентын сонгуультай цуг Францын парламент болох үндэсний ассамблейн сонгууль өрнөсөн. Гэвч сонгуулийн дүнгээр хэт барууны үзэлтнүүд ялалт байгуулсан юм. Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, ээлжит бус сонгуулийг зарласан билээ. Тийнхүү өнгөрсөн амралтын өдрүүдээр Францын үндэсний ассамблейн ээлжит бус сонгууль боллоо. Тэрээр дахин сонгуулиар төвийн болон зүүний үзэлтэй улс төрийн намууд эрх баригч болох боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байсан ч эцсийн дүн эсрэгээрээ байв. Тодруулбал, нийт 577 суудалтай үндэсний ассамблейн 143 суудлыг хэт барууны үзэлтэй нам болох Үндэсний Ралли авчээ.

Хачирхалтай нь хоёр дахь удаагийн ээлжит бус сонгуулийн ирц 67 хувийн үзүүлэлттэй байсан нь тус улсын түүхэнд 1997 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Судлаачдын үзэж буйгаар энэ жилийн сонгуулийн дүнгээр Үндэсний Ралли нам 2022 оны сонгуулийн дүнгээс 46 хувийн өсөлттэй гарсан байна. Евро парламентын дүнгээр барууны үзэлтнүүд олонх болсон нь өнөөгийн Эммануэль Макрон тэргүүтэй төвийг сахисан удирдагчдын хувьд том сорилт болж буй юм. Тэр ч утгаараа Германы канцлер Олаф Шольц төрийн өндөр албан тушаалтнууд Францын сонгуулийн талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Францчууд хэт барууны үзэлтнүүдээс сэргийлэх хэрэгтэй” гэсэн юм. Улс төрийн үзэл баримтлалын хувьд хүчний тэнцвэрийг хадгалах нь чухал ач холбогдолтой. Тиймээс бүс нутгийн тэргүүлэгч улсын нэг болох Францын дотоод улс төрийн сонгуулиар дээрх тэнцвэрийг хангах шаардлага үүсэж байна. Гэвч дахин сонгуулийн дүнгээр аль ч нам үнэмлэхүй олонх болж чадаагүй. Улс төрийн нөхцөл байдлаас үүдэн эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй хэмээн ажиглагчид үзэж байна. Хэдхэн хоногийн дараа болох олимпын наадам Парис-2024 аюулгүй байдлын асуудалтай тулгарч болзошгүй байна. Үүнээс гадна энэхүү сонгуулийн дүн нь ерөнхийлөгч Эммануэль Макроны байр суурь ганхах эрсдэлийг мөн дагуулж байна.

Харин нөгөө талд хамтын нийгэмлэгийн орнууд Их Британийн парламентад саналаа өгч энэтхэг гаралтай улстөрч Риши Сунак албан тушаалаа өглөө.

 

АНГЛИЙН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСГИЙН СОРИЛТУУДТАЙ ТУЛГАРЧ БАЙНА ГЭВ

 

Өнгөрсөн пүрэв гарагт Английн парламентын сонгууль өрнөж Хөдөлмөрийн үндэсний нам үнэмлэхүй ялалт байгуулж Кейр Стармер ерөнхий сайдын албан тушаалд томилогдов. Өдгөө 61 настай Кейр Стармер дөрвөн жилийн турш сөрөг хүчний удирдагч байсан юм. Тэрээр өөрийн ялалтыг 14 жилийн турш консервативчуудын ноёрхлын дараах Их Британийн Засгийн газарт нэн хэрэгтэй байсан шинэчлэл хэмээн тодорхойлоод байна. Хөдөлмөрийн үндэсний нам сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд сонгогч олон нийтэд “Эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлын төлөө шинэчлэлийг хийнэ” хэмээн амласан юм. Дээр дурдсанчлан тэрээр 2010 оноос хойш анхны консерватив бус ерөнхий сайд болж байна.

Харин Лондонгийн хатан хаан Мэригийн нэрэмжит их сургуулийн улс төр судлаач Тим Бэйл тэргүүтэй олон улсын ажиглагчид түүний шинэ Засгийн газрыг эдийн засгийн сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх тухай хүлээлт үүсгээд байна. Судлаач Тим Бейл “Асуулт бол шинэ засгийн газар мөнгийг хаанаас, хэр хурдан олох вэ гэдэг л байна. Манай улсад тулгарч буй асуудлын нэг бол орон сууц, үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулж, хялбаршуулах зорилт бүхий төлөвлөлтийг либералчлах шаардлагатай. Тиймээс Засгийн газраас эдгээр томоохон төслийг дэмжих, төрийн үйлчилгээний татварын орлогыг нэмэгдүүлнэ гэж найдаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Олон нийтийн хүлээлтийг хангахын тулд эдгээр хөрөнгө оруулалтыг цаг тухай бүрд нь хийх нэн шаардлага үүсэж байгаа ажээ.

Кейр Стармерын Засгийн газар шилдэг нэн тэргүүний ажлын байруудыг зарлаж, улсын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсноор ажлын гараагаа эхлүүлэв. Тэрээр албан тушаалаа хүлээн авсны дараагаар олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ “Биднийг өмнө тулгарч буй зам амаргүй, хэцүү сонголтууд бидний хүлээж байна. Бид инфляцыг тогтворжуулах, амьдралын өртгийг буруулахад нэн тэргүүнд анхаарч ажиллах болно” гэсэн юм. Их Британийн хувьд дэлхийн бусад орны адилаар цар тахлын нөхцөл байдлын хүнд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулж, амьжиргааны зардал, инфляцын өсөлтийг тогтворжуулах нь эрх баригчдын нэн тэргүүний асуудал болсон. Түүнчлэн Укриан дахь цэргийн тусгай ажиллагааны дүнд тус улсын нөхцөл байдал цагаачлал, бүс нутгийн асуудлуудтай тулгарсны улмаас улс төрийн сонголт ийнхүү эргэсэн хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 134 (7378)