Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Монголын эдийн засгийн чуулган өчигдөр эхлэв. Хоёр өдөр үргэлжлэх тус чуулган “Go Mongolia” уриан дор болж буй. Энэ удаагийн чуулганд гадаад, дотоодын 2000 орчим төлөөлөгч оролцож байгаа хэмээн зохион  байгуулагчид хэлж байлаа.

Монголын эдийн засгийн форумын энэ удаагийн хүндэт зочноор АХБ-ны ерөнхий эдийн засагч Алберт Пак, “Greran group”-ын Рандийп Сингх Гревил, “Envision Energy”-ийн төлөөлөгч хатагтай Лижи Лу, Францын “Орано” группийн Оливер Тюмир нарын гадаадын хөрөнгө оруулагч нар, олон улсын байгууллагын тэргүүлэх төлөөлөгчид оролцож байна. Мөн энэ жилийн чуулганы нэгдсэн хуралдааны онцлох зочноор CNN телевизийн сэтгүүлч Ричард Остин Квест уригдан оролцож, чуулганы нэгдсэн хуралдааны модератор чиглүүлэгчээр ажиллаж байна. Хүндэт зочдын нэг Монгол дахь Европын танхимын гишүүн, Гадаад хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн дарга, хуульч, ноён Даниел Махони юм.

 

Т.Доржханд: ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД НЭГЭНДЭЭ ДЭГЭЭ ТАВЬДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Энэ жилийн эдийн засгийн форум “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна. 2023 оны эдийн засгийн форумаас өнөөдрийг хүртэл Монгол Улсын эдийн засаг дунджаар 6-7 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 53.8 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 5875 ам.долларт хүрсэн байна. Гадаад валютын нөөц таван тэрбум ам.доллар даван Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын өрийг хугацаанд нь бүрэн төлсөн. Цаашид улс төрийн гурван нам хамтран Засгийн газар байгуулснаар эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа хоёр дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон сууцжуулалтын бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах гэсэн олон чухал асуудлыг хамтран шийдвэрлэж ажиллана” хэмээв. Тэрээр хурдтай хөгжлийн төлөө шинээр байгуулагдаж буй Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Монгол Улс парламентын оролцоо, төлөөллийг жигд хангах хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин сонгуулиа явуулж, анх удаа таван намаас бүрдсэн парламент байгуулагдсан. Энэ нь төр хийгээд парламентад шинэ соёлыг бий болгож буйг хурлын индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байв. Хэдийгээр төрийн ордонд мэтгэлцээн, хэлэлцээр хурц байдлаар өрнөх ч нийгэмд, иргэдэд илүү таатай тэр дундаа бизнесийнхэнд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдгийг зарим оролцогч хэлж байсан юм.

Нөгөөтээгүүр, парламентын үр дүнд таван намын төлөөлөл байгаа ч нэгдэж Засгийн газар байгуулах нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Харин үүнд намын дарга нар талцаж, чиний миний хэмээн өмчлөлгүйгээр нэг л эрх ашиг, хүсэл сонирхлын төлөө хамтдаа ажиллах ёстой гэдэгт байр суурь нэгдэж байв. ХҮН намын дарга Т.Доржханд “Хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Эдийн засгийн тогтвортой байдал чухал. Тиймээс хамтраад нэгдсэн бодлого дээр төвлөрч ажиллах шаардлагатай. Засгийн газрын түвшинд нэгэндээ дэгээ тавьдаг байж болохгүй” гэсэн юм. Харин АН-ын дарга Лу.Гантөмөр “Манай улс харагдаж байгаа шигээ биш. Асуудал бий. Хүний нөөцийг чадавхжуулан ирээдүйд дэлхийн зах зээл дээрх томоохон тоглогч болох боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Бид байнга сөрөг хүчин байгаагүй. Хамтарч ажиллаж байсан туршлагатай. Энэ удаа илүү өндөр түвшинд, хурдыг эрхэмлэн ажиллана. Бидэнд асуудлаа шийдвэрлэхийн тулд маргах цаг алга” гэж байлаа. Үндсэндээ сонгуулийн үр дүнд нь нийгмийн салбар бүрийн төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад орж ирж, эмэгтэй гишүүдийн тоо нийт гишүүдийн 25 хувьд хүрч байгаа нь Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давсан юм.

 

Даниел Махони: МОНГОЛД ХОЁР ДАХЬ ОЮУТОЛГОЙ ХЭРЭГТЭЙ

 

National Geographic тэргүүтэй олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд зочлоход тохиромжтой орны нэгээр Монгол Улсыг нэрлэж, үүнтэй холбоотойгоор манай улс руу чиглэсэн жуулчлалын урсгал эрс нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс тус салбар дахь дэд бүтцийг нэмэгдүүлж, жуулчдын аялах таатай орчныг бүрдүүлэх замаар эдийн засгаа дэмжих нөөц, боломжийг эрэлхийлнэ гэдгээ салбарынхан нь илэрхийлж байв.

Энэ өдөр экспортын орлогын 80 хувь, төсвийн орлогын 25 хувийг дангаар бүрдүүлэх уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, дэлхий нийтийн шинэ чиг хандлага болж буй чухал ашигт малтмалыг онцлон хэлэлцэх юм. Эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал бол газрын ховор элемент. Тус зах зээл 2022 онд 2.8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол 2028 онд дөрвөн тэрбум ам.долларт хүрч өсөн нэмэгдэхээр байна. Эрчим хүчний шилжилтийн гол түүхий эд болж буй газрын ховор элемент нь манай улсын геологи, хайгуулын салбарыг эрчимжүүлэх, үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм байна.

Мөн энэ жилийн чуулганы хүндэт зочдын нэг Монгол дахь Европын танхимын гишүүн, Гадаад хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн дарга, хуульч, ноён Даниел Махони “Шинээр эмхлэгдэн байгуулагдаж буй Засгийн газрын тэргүүний мэдэгдлийг таатай хүлээн авч байна. Гадаадын хөрөнгө оруулалтын талаар, түүнтэй холбоотой хууль Монгол Улсад байгаа. Гагцхүү хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүнд шинээр сонгогдсон парламент, дахин байгуулагдаж буй Засгийн газар анхаарч ажиллах шаардлага бий. Өнөөдөр Монголд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой зардал өндөр гарч байна. Мөн татвар олон байна. Татварын шинэчлэлийг хийх тийм хэцүү биш. Гол нь энэ талын буюу гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой бодлогоо оновчтой бөгөөд тодорхой болгох нь чухал” хэмээн онцолсон. Цаг наашилж хууль эрх зүйн орчин хийгээд бодлогын тогтвортой байдал бий болж төр, засаг нь залгамж халаатай ажилласнаар хөрөнгө оруулалт аяндаа хот, хөдөөгүй орж ирнэ. Энд хувийн хэвшлийн орон зай чухал. Бодлого тодорхой бол хувийн хэвшил өөрөө хийж чадна гэдгийг чуулганд оролцогчид хэлж байсан юм.

Түүнчлэн ноён Даниел Махони “Шууд хэлэхэд Монголд хоёр дахь Оюутолгой хэрэгтэй байна. Ингэхийн тулд хайгуул хийх хэрэгтэй. Гэвч амьдрал дээр хайгуулын зөвшөөрөл, лиценз дутмаг байна. Төр, засаг үүнд анхаарч ажиллах байх хэмээн найдаж байна” гэдгээ илэрхийлж байв. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт дээр хувийн хэвшил өөрсдөө хөрөнгөө оруулаад эрсдэлээ хүлээгээд яваг. Эсвэл хөрөнгийн зах зээл дээр гараад хөрөнгө босгоод хөрөнгө оруулалтаа хийгээд явах боломжтой. Оюутолгойн хувьд хөрөнгө оруулалтын гэрээнд улстөрчид нөлөөлсөөр ирсэн. Тиймээс улс төрийн бус эдийн засгийн шийдэл бизнесийн орчинд хэрэгтэй байгааг гадны төлөөлөгчид хэлж байна лээ.

Ямартай ч энэ удаагийн эдийн засгийн чуулганаар төрийн бодлого хэвийн үргэлжилж хамтдаа, эв нэгдэлтэй ажиллахаа намын дарга нар илэрхийлж байна. Энэ нь мэдээж таатай мэдээ гэдгийг гадаадын төлөөлөгчид онцлон тэмдэглэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 134 (7378)