Н.ЖАРГАЛ

 

Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Олаф Шольц Францын улс төрийн нөхцөл байдалд санаа зовниж буйгаа  илэрхийллээ. Учир нь өнгөрсөн сард болсон сонгуулийн дүнгээр хэт барууны үзэлтнүүд олонхи болсонд ерөнхийлөгч Эммануэль Макрон ээлжит бус сонгуулийг зарласан. Гэвч ээлжит бус сонгуулийн эхний шатны санал хураалтаар хэт барууны үзэлтэй “Үндэсний Ралли” нам дахин санал хураалтыг тэргүүлээд байгаа билээ.

Энэ нь Германы Социал Демократ намын гишүүн Шольц Францын улс төрийн талаар санал бодлоо илэрхийлж буй анхны тохиолдол билээ. Түүний энэхүү байр суурь нь Европын холбооны сонгуульд хэт барууны үзэлтнүүд тэргүүлсний дараа холбооны тэнцвэрийг хадгалах гол хүчин болох Франц, Герман зэрэг улсуудын байр суурийг хадгалахад чухал ач холбогдолтой. Барууны орнуудад хэт барууны үзэлтэй Дойчландын Альтернатив намын үзүүлэлт нэмэгдэж байгаа ч санал асуулгын дүнгээр хоёрт бичигдэж байна. Олаф Шольц “Ямар ч байсан миний хувьд Францчуудад маш их хайртай, тэр ч утгаараа энэ улс бүс нутагтаа их ач холбогдолтой. Тиймээс хэт барууны үзэлтэй популист намаар удирдуулсан засгийн газар байгуулахаас сэргийлж чадна гэж би итгэж байна" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 131 (7375)