Н.ЖАРГАЛМАА
Герман улсын хэт барууны үзэлтэй улс төрийн намууд эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэд өнгөрсөн сард Европын парламентад гаргасан амжилтаа Германы парламентад ахиулна хэмээн олон нийтэд хандсан мэдэгдэлдээ дурдсан. Үүнийг олон нийт тийм ч таатайгаар хүлээж авахгүй байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэд Эссен хотын талбайд хэт барууны үзэлтэй намыг эсэргүүцэн жагслаа. Улмаар олон мянган иргэний жагсаал зам талбайг хааж, цагдаа нартай мөргөлдөв. Жагсагчид хамгаалалтын бүсийг нэвтлэхийг оролдсон тул цагдаа нар нулимс асгаруулагч, бороохой ашиглахад хүрсэн хэмээн Германы хэвлэлүүд мэдээллээ.
Эссен хотод 1000 гаруй цагдаа ажиллаж байгаа ба жагсагчдын эсэргүүцэл нэмэгдсэнээс хэд хэдэн хүн баривчлагдаж, цагдаагийн хоёр албан хаагч хүнд шархаджээ. Албан бус мэдээллээр 100 мянга гаруй жагсагч эсэргүүцлээ илэрхийлж байгаа ба эрх баригчид их хуралд мөргөлдөөн гарахаас сэргийлэхэд анхаарч байгаа аж. Максимилиан Крахын тэргүүлсэн Альтернатив нам Европын парламентын сонгуульд 16 хувийн санал авч, хоёрдугаар байрыг эзэлсэн. Харин тэрээр Италийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нацистын хагас цэрэгжүүлсэн “SS” хүчний гишүүдийг "гэмт хэрэгтэн биш" хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс хэт барууны үзэлтэй тус нам ийнхүү иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Мөн Франц улсад өнгөрсөн сард болсон парламентын дүнгээр хэт барууны үзэлтнүүд тэргүүлсэнд ерөнхийлөгч Эммануэль Макрон их хурлыг тарааж ээлжит бус сонгуулийг зарласан. Одоогоор ээлжит бус сонгуулийн эхний шат явагдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 128 (7372)