Р.ОЮУН

"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ"-ний гишүүн Глоб интернэшнл төв УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-ноос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мониторингийн зорилго нь УИХ-ын 2024 онд сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж байгааг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ баталсан "Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах" журмын хэрэгжилтэд хяналт тавих юм. Сонгуулийн үеэр телевизийн мониторингд МҮОНТ, ТV9, Монгол TV, NTV, Eagle news гэсэн таван телевизийг хамруулжээ. Энэ телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн болон ММGG судалгааны байгууллагын гаргасан мониторингд суурилж олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх албан ёсны эрхтэй гэсэн шалгуурыг үндэслэсэн байна. Мониторингийг энэ сарын 10-26-ныг дуустал үргэлжлэх гурван үечлэлээр хийж буй судалгааны нэгдүгээр үе буюу энэ сарын 10-16-ныг хүртэлх хугацаанд хийсэн урьдчилсан дүнг танилцууллаа.

Судалгааны хугацаанд таван телевизийн 1450 цаг 51 минут 41 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 14 хувь нь сонгуультай холбоотой байжээ.

Сүлжээний гишүүн "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас сонгуульд оролцогчдын зардлын талаар танилцуулсан юм. Тус ТББ нь сонгуульд оролцож буй 21 нам, эвслээс нэр дэвшиж буй 1336 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй мэдээллийн хайлтын санд нэгтгэн, төрийн худалдан авалт болон бусад нээлттэй эх сурвалжуудтай харьцуулах боломжтой болжээ. Үндэсний аудитын газраас Сонгуулийн хуулийн 38.8 болон 38.13-т заасны дагуу нам, эвслийн хандивын тайланд хийсэн дүгнэлтээ энэ сарын 14-ний өдөр буюу хуульд заасан хугацаанаас дөрөв өдрийн дараа www.audit.mn сайтад байршуулжээ. 

Мөн "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын томилсон иргэний нийгмийн ажиглагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгуулийн ажиглагчдад зориулсан цахим сургалтад хамрагдан өнөөдрөөс эхэлсэн санал хураах үйл явцыг ажиглаж  эхлээд байна. Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэгт бүх төв комисс Гадаад харилцааны яаманд ажиллаж байна. 

Эх сурвалж www.polit.mn