Б.УРАН
Манай улсын уул уурхайн салбар энэ онд улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн орлого оруулна гэсэн тооцоог Сангийн яамнаас гаргасан байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нөөц ашигласны төлбөр зэргийг оруулсан уул уурхайн орлого нь улсын нийт орлогын 24 орчим хувийг эзлэхээр байгаа аж. Өнгөрсөн оныхоос бараг 62 хувиар өссөн энэхүү төсөөллийг Дэлхийн банкнаас хэтэрхий өөдрөг төсөөлөл гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Учир нь Сангийн яам энэхүү тооцооллыг хийхдээ Оюутолгой компанитай дахин хэлэлцээр хийх болон алт, нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж тооцоолсонд учир байгаа юм. Тэдний төлөвлөж байгаагаар энэ онд алт 121.5 тэрбум, нүүрс 466.1 тэрбум, зэс 457.9 тэрбум, бусад ашигт малтмал 170.3 тэрбум төгрөгийн орлого оруулна гэж найдаж байна. Харин Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулснаар тус уурхайгаас нэг их наяд 252 тэрбум төгрөгийг нэмэлт орлогоор олно гэж хүлээж байгаа ажээ.
Ингэж орлого тооцоолоход гол бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнэ суурь нь болдог. Харин энэ үнийг зэс 6328 ам.доллар, нүүрс 131.5 ам.доллараар тооцоолжээ. Өнгөрсөн онд нэмэлт өөрчлөлт орсон төсөвт нэг тонн зэсийн үнэ 7970 ам.доллар, нэг тонн боловсруулсан нүүрсний үнийг 166.6 ам.доллараар төсөөлж байсныг бодвол энэ жилийн тооцоолол нь харьцангуй бодит байх боломжтой гэж судлаачид үзэж байгаа аж.