О.ЭРХЭМ 

Олны танил зарим алдартан зүгээр ч сайхан харагдах, дур булаам төрхийн төлөө жингээ хасдаг бол зарим нь эрүүл мэндийн шалтгааны улмаас үүнийг хийдэг. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн эцсийн үр дүндээ алдартнуудын өөрчлөлт олон хүнд урам зориг, үлгэр жишээ болдог гэдэгтэй маргах аргагүй. Өөрийн дүр төрхийн эрс өөрчлөлтөөрөө олон хүнийг гайхашруулсан зарим алдартан хэрхэн 113 кг-аас бараг тэн хагасыг нь хүртэл хасаж чадсан бэ.

 

Адель

 

Британийн дуучин Адель гайхалтай хүчирхэг хоолой, хит болсон дуунуудаараа үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж эхлэхдээ гадаад дүр төрхөөсөө болж шүүмжлүүлж байсан. Гэхдээ 2020 онд дуучин хэсэг хугацаанд олны өмнө ил гарч ирж харагдаагүй. Дараа нь гарч ирэхдээ... Ёстой бүгдийг алмайруулсан.

Түүний энэ өөрчлөлтийг бүтэлгүй гэрлэлттэй холбоотой гэж гэж өөлж байсан ч үүний цаана мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор хийсэн  маш шаргуу дасгал бэлтгэл, зөв эрүүл хооллох хэв маягийг өөртөө бий болгосон тэсвэр тэвчээр байсан гэдгийг Адель сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байдаг.

 

 Жессика Симпсон

 

АНУ-ын дуучин Жессика Симпсон 2019 онд гурав дахь  хүүхдээ төрүүлсэн. Хит болсон олон дууны эзэн дуучин бүсгүй хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд илүү их цаг хугацаа зарцуулахын тулд хэсэг хугацаанд тайзнаа гарахгүй гэдгээ зарлаж байсан. Гэр бүлдээ өөрийгөө зориулах болсон олон хүүхэдтэй ээж жин нэмж байгаад эхэн үедээ бага ач холбогдол өгчээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь зөвхөн гадаад дүр төрхөөсөө ичих санаа зовох гэдгээс хэтэрч байгаагаа ойлгож арга хэмжээ авч чадсан байна. Дуучин дасгалжуулагчтай болж, биеийн тамирын зааланд дасгал хөдөлгөөнд илүү их анхаарч, өөрийгөө өөрчлөхөөр идэвхтэй ажилласан байна. Жессика Симпсон хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хатуу хоолны дэглэм баримталдаггүй, харин хоолны хэмжээг багасгахыг хичээсэн” гэсэн байна. Дасгал хөдөлгөөн болон хоолны хэмжээгээ багасгах аргыг хэрэгжүүлж чадсанаар тэрбээр 45 кг жин хасаж, гоолиг сайхан бие галбираа эргүүлэн олж авсан байна.

 

Женнифер Хадсон

 

"Их хотын секс" киноны гол дүр Кэрри Брэдшоугийн туслахын дүрд тоглосон Женнифер Хадсон шаргуу хөдөлмөрлөсөн үр дүнгээ хуваалцахаас залхдаггүй бөгөөд түүний жишээ олон охидын хувьд үлгэр дууриал болдог.

Женнифер өглөө бүрийг гүйлтээр эхэлдэг. Долоо хоногт хэд хэдэн удаа усан санд сэлж, хүчний бэлтгэл хийдэг. Жүжигчин хоолны дэглэмдээ нүүрс усыг хязгаарласан. Гэхдээ хязгаарлалт нь бас утга учиртай. Нүүрс ус бүхий хүнсэнд тавьсан түүний хязгаарлалт нь үдээс хойш үйлчилдэг. Үүнээс гадна хүнсний ногоо, жимс жимсгэнэ, загас, өөхгүй махыг хоолны дэглэмдээ илүү оруулж иржээ. Үүнийхээ ачаар хөвсгөр бүсгүй 40 кг жин хасч, Холливудын жинхэнэ дива нарын нэг болж чадсан байна.

 

Лолита Милявская 

 

 Оросын дуучин Лолита Милявская гадаад дүр төрхөндөө төдийлөн санаа зовдоггүй гэдгээ олон ярилцлагадаа дурдсан байдаг. Түүнчлэн бие галбирынхаа өөг ил тод харуулсан задгай хувцастай тайзнаа гарч ирэхээсээ  эмээдэггүй нэгэн. Харин Лолита сүүлд гайхалтай гоолиг бие галбиртай гарч ирсэн нь эмэгтэйчүүдийн талаар бичдэг оросын хэвлэлүүдийн хувьд сонин сэдэв болжээ. Хэвлэлүүдэд бичсэнээр бол, дуучин багаар бодоход 15 кг жин хасаж, 61 настай дуучин илүү гоолиг, илүү залуу харагдаж байна. Лолита өөрчлөлтийн шалтгаанаа эрүүл мэнд тааруу байсан учраас мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авсан гэж тайлбарласан гэж woman.ru-д бичжээ. Эмч нарын зөвлөгөөний дагуу хоолны дэглэм баримталж, дааврын өөрчлөлтийг хэвийн болгосон нь түүнд гайхалтай үр дүнгээ өгчээ.

Эх сурвалж: zms.mn

Алдартнуудын өөрчлөлт танд таалагдаж байна уу? Саналаа өгөөрэй.