Р.ОЮУН

Үндэсний баялгийн санг дэмжиж уул уурхайн салбарын төлөөлөл геологич Б.Батсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саначлан өргөн барьж УИХ-аар хэлэлцэн батлуулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 5.1.2 газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх гэснийг зөв хууль гэж дэмжиж байна. Газрын хэвлийн баялаг бол байгалийн жамаар бий болсон тул хэн нэгэн этгээд шууд өмчлөх эрхгүй. Одоо байгаа ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд бол, уг Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж зөвшөөрсөн этгээдэд хайгуул хийх, энэ баялгийг ашиглах эрх өгч байгаа тусгай зөвшөөрөл юм. Түүнээс биш түүнийг эзэмших, өмчлөх эрх өгөөгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл гэж хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг хэлнэ. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил нь хийгдэж нөөц нь тогтоосон олон орд газар бий. Гэхдээ түгээмэл тархацтай ашигт малтмал болох барилгын болон тоосгоны шавар, хайрга, дайрганы орд олон байдаг. Ийм ордуудад төр хувь эзэмших шаардлагагүй. Энэ ордууд стратегийн ач холбогдол багатай гэсэн үг. Харин нүүрс, төмөр болон олон улсад критикал минерал эсвэл критикал металлс гэгддэг эрдсүүдийн ордод төр заавал хөрөнгө оруулж 34 хувь эзэмшинэ гэхгүйгээр яриа хэлэлцээрийн замаар хувь эзэмших шаардлагатай. Ийм төрлийн ордуудын анхдагч нь манай улсад нээгдээд байна. Тухайлбал, Дундговь аймгийн Өлзийт суманд хувийн хөрөнгө оруулалтаар нөөцийг нь тогтоосон Литийн орд байна. Энэ ордын нөөцийг хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоолд ч энэ ордод төр хувь зэмших асуудлыг цаашид шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Бид энэ аж ахуйн нэгжийн удирдлагуудтай санал солилцоход үнэхээр төр хувь эзэмшинэ гэвэл 34 хүртэл хувийн хувьцаагаа өгөхөд татгалзах зүйлгүй" гэсэн юм.

Эх сурвалж www.zms.mn