Базарбямбын НЯМСҮРЭН

АНУ-ын супер од Taylor Swift дэлхийн урлагт төдийгүй эдийн засагт том тоглогч болсныг түүний “The Era Tour” тоглолтын үр дүн харуулсаар байна. “Грэмми” хөгжмийн наадмын шинэ рекорд тогтоосон Taylor Swift  дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх болж, ‘Swiftonomics,’ хэмээх нэр томъёо хүртэл хэдийнэ бий болжээ. Тэрбээр АНУ-ын болон олон улсын хөгжмийн шагналуудыг түүхийн зэрэгцээ улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлсээр байгаа юм. Өөрийнх нь орлого тэрбум ам.долларт хүрч, ганцхан жилд Грэммигийн долоон цомын эзэн болсон гээд олон дээд амжилтын эзэн болоод байгаа 34 настай дуучин өдгөө дэлхийн эдийн засгийн гол нөлөөлөгч гэдгээ дахин нотолсоор байна. 

 

АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн лигийн орлого нэмэгдэв

Олон хэвлэлээр Swift-ийн "The Eras Tour" тоглолт АНУ-ын аль ч урлагийн алдартны үзүүлж байснаас илүү өндөр эдийн засгийн нөлөөллийг бий болгож чадаж байгааг онцолж байна. "Ticketmaster", "Seat Geek" зэрэг тасалбарын томоохон компаниуд нэг тоглолтоос 554 сая ам.долларын орлого олсон нь төсөөлснөөс хэд дахин өндөр үзүүлэлт юм. Ялангуяа дэлхийн хэмжээнд энэ аялан тоглолтын тасалбарын нийт борлуулалт 1.04 тэрбум ам.долларын орлого олсон нь түүхэн дэх анхны тэрбум ам.долларын үнэд хүрсэн аялал болов.

Түүний нөлөө зөвхөн урлагт төдийгүй бүх салбарт байгаагийн хамгийн алдартай жишээг Үндэсний хөлбөмбөгийн лиг буюу NFL-ээс харж болно. Taylor Swift “Канзас Сити Чифс” багийн тоглогч Травис Келситэй болзож байна гэсэн мэдэгдлийн дараа NFL-ын үзэгчдийн тоо болон бараа бүтээгдэхүүний худалдан авалт асар хурдацтай өссөн. Swift хөлбөмбөгчний нэг тоглолтонд оролцсон эхний өдрийн дараа Кельсийн өмсгөлийн борлуулалт бараг нэг шөнийн дотор 400 хувиар өссөн байна.

Түүний өөр өөр улсад хийж буй аялан тоглолт тухайн бүс нутгийн эдийн засагт мэдэгдэхүйц үр дүн авчирч байгаа жишээг олноор харж болно. Одоогийн байдлаар зөвхөн АНУ-д 4.6 тэрбум ам.долларын орлого нэмэгдүүлсэн бол Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлт ч үүнээс дутахааргүй үзүүлэлт харуулсаар байна. Тухайлбал, Японд болсон тоглолтын талаар Токио хотын их сургуулийн багш Мицумаса  Этоу "Эдийн засгийн үр нөлөөгөөр Японы хамгийн том хөгжмийн арга хэмжээ" гэж нэрлэсэн бөгөөд Токиод аялан тоглолт хийх орой бүр орлого нь дор хаяж 25 хувиар нэмэгдсэн хэмээн ярьжээ.

 

Taylor Swift-ын тоглолт Сингапурын ДНБ-ий өсөлтийг 2.7 хувьд хүргэв

Сингапурын эдийн засаг энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар өссөнийг саяхан Сингапурын албаныхан мэдээлсэн. Тэгвэл энэхүү өсөлт нь Америкийн поп од Taylor Swift-ийн тоглолтоор дамжуулан аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжсөнтэй холбоотой хэмээн дүгнэж байна. Сингапурын хувьд энэ оны эхний улирлын өсөлт нь өнгөрсөн оны сүүлийн улирлын 2.2 хувийн өсөлтийг давсан үзүүлэлт болсон юм. “Asianikkai” сайтад бичсэнээр тус улсын үйлдвэрлэлийн салбар эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар унасан бөгөөд автомашины болон үйлдвэрлэлийн чипний эрэлт буурснаас үүдэлтэй электроникийн кластерийн үйлдвэрлэл буурсантай холбоотой гэж албаны хүмүүс мэдэгдэв. Гэвч "Агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар эрэлт ихтэй байсны ачаар үйлчилгээний салбарт бодит өсөлт гарч энэ нь дээрх үйлдвэрлэлийн алдагдлыг торолгүй нөхсөн байна.

Сингапурын аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр тус улс гурван сарын хугацаанд 4.35 сая жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 50 орчим хувиар өссөн байна. Гэхдээ Tylor Swift цорын ганц супер од байсангүй. Нэгдүгээр сард Британийн Coldplay рок хамтлаг тоглож, хоёрдугаар сард Английн дуучин, ая зохиогч Эд Ширан тоглолтоо хийсэн нь ч нөлөөлсөн байна. Харин гуравдугаар сард асар олон тооны жуулчид Сингапурыг зорин ирж, Swift-ийн цуврал тоглолтуудыг үзэхээр ирсэн нь гол орлогын эх үүсвэр болсон юм. Учир нь Swift Зүүн өмнөд Азийн бүс нутагт зөвхөн Сингапурт тоглосон нь ойролцоох олон улсаас жуулчид зорин очих шалтгаан болжээ. Мөн үзэгчдийн талаас илүү хувь нь гадаадаас ирсэн болохыг Сингапурын албаныхан баталсан байна. Шинжээчид тус улсад болсон томоохон хэмжээний концертын аялал жуулчлалын орлогыг 350 сая сингапур доллараас 450 сая сингапур доллар (260 сая ам.доллараас 330 сая ам.доллар) хооронд хэлбэлзэж байна гэж тооцоолжээ. Мөн энэ үсрэлт ойрын үед давтагдахгүй байх хэмээн таамаглаж буйгаа ч илэрхийлжээ. Сингапурын Аялал жуулчлалын зөвлөл 2024 оны төсөөллөө өсгөж, олон улсын жуулчдын тоог 15 саяас 16.5 саяд хүрнэ гэж таамаглаж, аялал жуулчлалын орлого 27.5 тэрбумаас 29 тэрбум сингапур долларын хооронд хэлбэлзэхээр таамаглаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 108 (7352)