Эх хүний үрээ гэсэн сэтгэл энэ дэлхийн хамгийн хүчтэй тарни байдаг ажээ. Зөвхөн өөрийнхөө ч бус өрөөлийн хүүхдийн төлөө ч сэтгэлээ чилээж, сүүгээ өргөх нь ганцхан монгол ээжээс л ундрах сэтгэлийн их хайр байдаг. Тиймээс ч “Зууны мэдээ” сонин Монголын эгэл жирийн мянга мянган ээжийг алдаршуулах зорилгоор “Миний ээж” буланг хөтлөн явуулдаг билээ. Хэсэг хугацаанд завсарласан энэхүү булан Дорнод аймгийн эх баригч Д.Хандмаагийн тухай өгүүлснээр эргэн ирж байна. Түүний хүү, “М bank”-ний гүйцэтгэх захирал Л.Соронзонболд ээжийнхээ тухай ийнхүү дурслаа.
Дорнодын эх баригч
Эх хүн бүр өөрөөсөө энэ хорвоод хүн болж төрсний утга учир юу вэ гэж асуудаг билээ. Гагцхүү ихэнх хариулт нь таны хажууд тайван нойрсох тэр бяцхан ертөнц байдаг нь гайхалтай. Нээрээ л эмэгтэй хүн ээж болж, эргэх орчлонг үргэлжлүүлэх гэж ирдэг ажээ.
Төрөх үедээ үхэл амьдралын зааг дээр очдог ч, өөрөөс нь мэндэлсэн өхөөрдөм үрээ хараад тэр их өвдөлтийг хормын төдийд мартчихдаг нь сонин.
Дөнгөж нярайлсан эмэгтэй хүн харц нь дэндүү зөөлөн, хайр татам энхрий байдаг гэж эх барихын эмч нар олонтаа ярихыг сонсож байлаа. Амьдралынхаа бүхий л хугацаанд бүсгүй хүний яг л энэ нандин мөчийг хамгийн эхэнд хуваалцаж, ээж, эгч, найз, дүү шиг нь хамтдаа догдлон, баярын нулимстай зогссон хүн бол Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх баригч Дондогийн Хандмаа юм.Тэрээр Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул ажээ. Насаараа Нэгдсэн эмнэлэгтээ эх баригч хийсэн түүнийг Дорнодынхон “Хүйн ээж” гэдгээр нь андахгүй. Цэл залуугаасаа эхлээд гавьяаны амралтад суутлаа 40 гаруй жил Дорнодын шинэхэн иргэдийг эсэн мэнд эх барьж авсан түүнийг ажил мэргэжилдээ үнэнч, шулуун шударга зантай мөртлөө, уярам зөөлөн сэтгэлтэй хүн байсан гэж нутгийнхан нь одоо ч дурсан ярьцгаадаг ажээ.
Г.Хандмаа дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн одонтой ээж. Энэхүү дугаарт ээжийнхээ тухай дурсамж дэлгэсэн, дунд хүү Л.Соронзонболд нь Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж өсөөд, дунд сургуулиа төгсөөд, оюутан болохоор их хотыг зорьсон ажээ. Ийнхүү МУИС-ийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө “M bank”-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр өөрийнхөө бага нас болоод ээжийнхээ тухай “Миний бага нас Чойбалсан хотод өнгөрсөн. Би Дорнод аймгийн XII цэцэрлэг гэж Ю.Цэдэнбал даргын гэргий А.Филатова гуайн үүсгэн байгуулсан цэцэрлэгийн анхны хүмүүжигч болж байлаа. Өнөөдрийн миний амьдрал, сайн сайхан бүхэн ээжийн минь хүмүүжил, хүүгээ гэсэн чин сэтгэлээс улбаатай гэж бодож явдаг. Миний ээж Дорнод аймагт 2011 он хүртэл төрөх тасагт ажиллахдаа 11 мянга гаруй хүүхдийг эх барьж авсан, буянтай буурал байлаа. Хэдийгээр би эхээс дөрвүүлээ ч 11 мянган ах, дүүтэй гэж бодоод, бэлгэшээж явдаг” гэсэн юм. Л.Соронзонболдын хувьд хүүхэд насаа дурсах бүрийд ээжийгээ дагаж, төрөх эмнэлэгт очдог байсан үе нь сэтгэлд нь тодхон буудаг гэнэ. Ээж нь ажил дээрээ очиж, цагаан халаадаа өмсөөд төрөхийн өвдөлт өгч буй, төрөх дөхсөн, дөнгөж төрчихсөн ээжүүдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч, яг л өөрийн охин шиг хайрлан, халамжилж байхыг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг байсан тухайгаа Л.Соронзонболд ярьж байв. Мөн Д.Хандмаа гуай эмнэлгийн хүн болоод ч тэр үү их цэвэрч, нямбай хүн байсан аж. Хүүхдүүддээ ч үргэлж цэмцгэр байхыг захина. Гэр нь цаг ямагт эмх цэгцтэй, их цэвэрхэн айл байдаг байжээ. Тэднийх гурван хүү, нэг охинтой. Дэрсхэн хүүхдүүд болсон хойно хоорондоо маргалдана, уйлна, нэг нэгнийхээ дээр гарах гэж үзнэ. Тэр бүхэнд ээж нь хөвгүүдээ аль болох даруулгатай, даруухан байхыг захидаг байжээ.
“Хурим” дуурийн гоцлол дуучин
Г.Хандмаа гуай их сайхан дуулдаг байжээ. Гэрээ цэвэрлэхдээ, хоолоо хийхдээ амандаа үргэлж дуу аялна. Ялангуяа өөрийн буриад үндэсний дуу болох “Гамнаарай”-г хачин сайхан дуулдаг байсан гэнэ.
Намагтай болдогтой харгыдаа
Набтархан бороёо гамнаарай
Намахандаа зорюулхан дураяа
Наханайм ганса гамнаарай... хэмээн ээжийнх нь цангинатал дуулж байгаа төрх одоо ч хүүгийнх нь нүдэнд тодхон харагддаг. Л.Соронзонболд ээжийнхээ дуулах авьяасын тухай “Ээжийн минь хоолой цаанаасаа хүчтэй мөртлөө их сайхан цээлхэн дуугардаг байсан. Мэргэжлийн дуучдаас ялгарах юмгүй сонсогддог байж билээ. Манай Буриад үндэсний Хурим гээд дуурь байдаг юм. Тухайн дуурийг театрт тавихад ээж минь гол дүрд нь дуулж байсан” гэв. Дуулна, тэр дундаа дуурийн дуу дуулна гэдэг амаргүй. Тэгэхээр Д.Хандмаа гуай ямархан хүчтэй хоолойтой, урлагийн өндөр мэдрэмжтэй хүн байсан нь үүнээс харагдах биз ээ. Л.Соронзонболдыг жаахан байхад тэднийх буудлын нийтийн байранд амьдардаг байжээ. Ээж нь ээлжийн ажилтай. Өглөө унтаж байхад нь аль хэзээний ажлаасаа буугаад ирчихсэн, хүүхдүүдийнхээ өглөөний цайг бэлдээд сууж байдаг байжээ. Шөнөжингөө ажилласан ч, ядарсан шинжгүй. Дөрвөн хүүхдийнх нь хувьд ээж нь амарсан өдөр хамгийн сайхан гэнэ. Учир нь ээж нь амрахаараа хүүхдүүдээ дагуулаад дэлгүүр хэснэ. Л.Соронзонболдын хувьд ээжээрээ авахуулах дуртай хамгийн гоё амттан нь зайрмаг байсан аж. Тэрээр 1980-аад оны зайрмагны амт салахын аргагүй сайхан байсан гэж хүүхэд насныхаа тухай гэгээн дурсамжаа дэлгэсэн юм. Л.Соронзонболдыг жаахан байхад тэдний гэр бүл эх үрсийн баярыг үргэлж гэр бүлээрээ тэмдэглэдэг байжээ. Ээж нь гурван хүүдээ яг адилхан хувцас авч өгнө. Зургаадугаар сарын 1-ний өглөө эртлэн босоод гэр бүлээрээ наадмын талбайгаа зорьдог байсан гэнэ. Тэнд өдөржингөө хүүхдийн баярт зориулсан соёл, урлагийн арга хэмжээтэй. Баярынхаа өдөр бяцхан хөвгүүд шавиагаа ханатал тоглож, амттанд умбаж өнгөрүүлдэг байсан тухай нандин дурсамж олон бий ажээ.
Алтан гартан
Эх барихын ажил хүнд. Хэн, хэзээ төрөх нь цаг хугацаанд баригдахгүй. Өдөр, шөнө, өглөө, үүрээр ч ээжүүд амаржиж л байдаг. Харин эх, үрийг эсэн мэнд уулзуулах манаанд зогсох, эмч сувилагчдын хувьд алдах эрх байхгүй. Тиймээс ч хамгийн хариуцлагатай мэргэжил гэлтэй. Г.Хандмаа гуайн хувьд олон жилийн ажлынх нь туршлага ч нөлөөлсөн үү, буруу байрлалтай, хүндхэн төрөх ээжүүдийг ихэвчлэн эх барьж авдаг байжээ. Ээж нь төрөхөөр өвдөж буй ээжийн гэдсийг нь илж, гараараа иллэг хийгээд хүүхдийг нь зөв байрлалд оруулчихдаг алтан гартан байсан тухай хүү Л.Соронзонболд нь дурсаж байсан юм. Ээж нь ээлжгүй байсан ч, эмнэлэг дээр хүндрэлтэй хүн төрөхөөр ирэхэд заавал Г.Хандмаа гуайг дуудна. Ээж нь ч эмнэлгээс нь ямар ч үед дуудсан төвөгшөөхгүй л явна. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд томрох тусмаа ааваасаа илүү ээжтэйгээ дотно болдог ажээ. Л.Соронзонболдын хувьд ч долоодугаар ангид орсон жилээсээ ээжтэйгээ илүү аминчхан болсон гэнэ. Бүхий л нууц, чухал асуудлаа ээжтэйгээ зөвлөлдөнө. Энэ үед ээж нь хамгийн зөв, үнэтэй зөвлөгөөг өгч, сайн найзыг нь ч оролдог байсан гэнэ. Энэ тухай Л.Соронзонболд “Бидний хувьд ээжтэйгээ их дотно байсан. Гэхдээ ижий минь хэзээ ч хүсэл мөрөөдөлд минь хориг тавьж, өөрийнхөөрөө байлгах гэж зүтгээгүй. Харин ч бидэнд өөрийнхөө ирээдүйг өөрөө шийдэх бүх боломжийг олгосон. Тиймээс ч бид өөрсдийн мөрөөдлийнхөө дагуу ажил мэргэжлээ сонгож, сонгосон салбар бүртээ үр өгөөжтэй ажиллаж байна” гэсэн юм. Түүнээс “Та ээжийгээ ямар үед хамгийн их баярлуулж байсан бэ” гэж асуухад “Ээж минь миний амьдралын бүхий л сонголт, амжилт бүхэнд минь алга ташиж, урам өгсөөр ирсэн. Үүнээс хамгийн тодхон сэтгэлд үлдсэн нь нэгдүгээр ангид байхаасаа өөрөө биеэ дааж, даалгавраа хийж сурахад минь хамгийн их баярласан болов уу гэж боддог. Учир нь тухайн үед аав минь ОХУ-д сурдаг, ээж л бид хэдийг өсгөж байсан үе. Үргэлж ээлжид гардаг болохоор зав тун бага. Гурван хүүхдийн хичээл хийлгэнэ гэдэг чанга шүү дээ. Яг тэр хэцүү үед нь би гэрийн даалгавраа хэнээр ч хэлүүлж, заалгахгүй өөрөө хийдэг болсон нь ээжийн нуруунаас нэг том ачааг хөнгөлсөн болов уу гэж боддог” гэв. Г.Хандмаа гуай гавьяаныхаа амралтдаа гараад, өөрийн бүхий л ач зээгээ өсгөлцөж, өнөр өтгөн бүлийн гол багана, түшиг тулгуур нь болж байжээ. Өдгөө түүний хамгийн том ач нь 34 настай болсон гэнэ. Ийм л нэг эгэл ээжийн хүү Л.Соронзонболд өдгөө ижий аавынхаа нэрийг сэвтээлгүй, зорьсон бүхнээ биелүүлж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулж явна. Маргааш зургаадугаар сарын нэгэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. “Монголын мянга мянган ээжүүддээ сайн сайхан бүхнийг хүсье” гэж Л.Соронзонболдын хэлсэн үгээр энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 108 (7352)