“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна. Номын баярыг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулдаг билээ.
Номын баяр 60 гаруй шинэ оролцогчоор бүл нэмэв
Жил бүр болдог “Номын баяр”-ыг уншигч, зохиолчид тэсэн ядан хүлээдэг билээ. Энэ үеэр хүүхэд багачууд утга уран зохиолын ертөнцөөр аялдаг бол оюутан залуус хичээл, мэргэжилтэй нь холбоотой өөрт хэрэгтэй номоо авахаас эхлээд салбар салбарын үнэнч уншигчид тархины богцоо дүүргэхээр төв талбай дээр цуглардаг уламжлалтай. Мөн “Номын баяр”-т ирсний нэг давуу тал нь зөвхөн худалдан авалт хийгээд зогсохгүй номын зохиолчтой нь санал бодлоо солилцож, гэрэл зургаа татуулахаас давуу тал олон. Энэ жилийн хувьд Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр жил бүр тус арга хэмжээнд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог бөгөөд энэ жил 60 гаруй шинэ оролцогч нэмэгджээ. Мөн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг үзэж сонирхохоор дунджаар 250 мянган хүн Сүхбаатарын талбайг зорин ирдэг гэсэн тоон мэдээлэл бий. Анх 2021 онд Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн тавдугаар болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгохоор хуульчилсан билээ.
Энэ удаагийн Номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам болон Соёлын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын төлөөллүүд оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар “Номын баяр”-ыг нээж хэлсэн үгэндээ энэхүү баярын цар хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын фестиваль болсон төдийгүй үндэстнийхээ түүх, соёл, ном судар, түүнийг бүтээгчдийг хүндлэн дээдлэх, уншигч зохиолчдын амьд холбоог бэхжүүлэхэд улам бүр ач холбогдолтой болж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Мөн зөвхөн үндэсний хэмжээний баяр биш, гаднын орнуудаас нэр хүндтэй зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор Монголын уншигчид, хэвлэлийн компаниуд, зохиолчидтой биечлэн уулзаж хамтран ажиллах боломж бүрдэж байгааг тэрээр үргэлжлүүлэн онцолсон юм. Үүнээс гадна Монгол төрийн түүхийг илтгэх 45.000 гаруй ном, бүтээлийн сан хөмрөг бүхий Парламентын номын санг удахгүй уншигч, олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж буй талаар дуулгасан юм. Тус номын санд түүх, бичиг соёлын хосгүй эх сурвалжууд энд хадгалагдаж буйг тодотголоо.
Унгар, Солонгос зохиолчид өөрсдийн бүтээлээ танилцуулжээ
35 дахь удаагийн “Номын баяр”-ын онцлох бүтээлийн нэг нэг нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын бичсэн “Цэгцрэх хөдөлгөөн” ажээ. Тэрээр энэхүү номыг найман жилийн хугацаанд бичсэн бөгөөд хөгжлийн тухай нэгэн онол гэж ойлгож болох юм. Магадгүй номыг гарчгаас нь харахад үйлдлийн тухай өгүүлсэн мэт боловч, агуулгынхаа хувьд бодлогын тухай онцолсон, улс төрчдийн, улстөр сонирхогчдын хувьд ширээний ном байхаар бүтээл болсон тухай уншигчид онцолж байсан юм. Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар “Ардчиллын буруу үйлдэл, эдийн засгийн хямралаас үүссэн энэхүү ажилгүйдэл, ядуурал гэсэн бүх асуудал цэгцэрч, нэг хөдөлгөөнд орохгүйгээр бид гажуудлаас гарч чадахгүй. Үүнээс гарах чиг шугамыг Цэгцрэх хөдөлгөөн гэж томьёолсон. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг эрх мэдэл булаацалдсан тогтолцооны гажуудлыг зассан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санааг энэхүү номондоо тусгасан. Хөгжлийн гольдролыг цэгцэлж, чиглүүлж, хурдасгахын тулд гадаад, дотоодын эрдэмтдийн олон судалгаанд тулгуурласан бүтээлүүдээс шүүн тунгааж, өөрийн эргэцүүллээ таван бүлэгт багтаан уншигч танд хүргэж байна. Угтаа, хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн юм.” хэмээн номынхоо тухай ярьсан юм. Үүнээс гадна энэ удаагийн “Номын баяр”-т Унгар улсын Кино хорооны дэд дарга Пэшти Акош, кино зохиолч, түүхэн романы зохиолч Бела Трукс, “Andrew Nurnberg Associates” агентлагийн Бангкок дахь салбарын захирал Вийрават Биг Течакижаторн, “Introtema” агентлагийн төлөөлөгч Гульнара Якупова болон БНСУ-ын зохиолч, “Сэтгэл хөдөлгөсөн монгол аялал” номыг туурвигч Шон Пё зэрэг гаднын зохиолч, уран бүтээлчид оролцож, өөрсдийн бүтээлийг монгол уншигчдад хүргэхээс гадна монгол зохиолч нартай санал бодлоо хуваалцсан юм. Жил бүрийн хаврын энэхүү баяраар Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааныг нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ жил “Шилдэг ном” шагналын эзнээр зохиолч, яруу найрагч М.Эрдэнэбатын “Орчлон хэнээр ч дутаагүй” ном шалгарсан бол “Шилдэг хэвлэлийн газар”-аар “Непко паблишинг” тодорч, “Шилдэг номын сан” шагналыг Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн цогцолборын хамт олон хүртлээ.
“Хамтдаа цэг тавья”
“Номын баяр”-ын хоёр дахь өдөр болсон голлох үйл явдлын нэг нь “Хамтдаа цэг тавья” өдөрлөг байв. Энэхүү арга хэмжээг Жендерийн хэвшмэл ойлголтыг халах, олон нийтийн мэдээллийн суурь боловсролыг бэхжүүлэх зорилгоор “Хамтдаа цэг тавья”төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Зохион байгуулагч Г. Мөнхтунгалаг “Жендерийн хэвшмэл ойлголт нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурийн талаар харилцан адилгүй хэм хэмжээг олон нийтийн дунд тогтоон хүлээлт үүсгэж, тодорхой дүрийг хувь хүмүүст тулгаж байдгаараа хувь хүний хөгжил дэвшил, өөрийгөө илэрхийлэхэд саад болж хувь хүний сонирхол, авьяас чадвараа эрэлхийлэх боломжийг хязгаарладаг төдийгүй, сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд сөргөөр төлөлдөг. Улмаар жендерийн хэвшмэл ойлголт нь шударга бус хандлаг, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, шударга бус байдлыг зөвтгөх шалтгаан болж байдаг. Энэ нь нийгэмд сөрөг хэм хэмжээг бүрдүүлж, улмаар хөдөлмөрийн зах зээл, нийгэм, эдийн засгийн хорт үр дагаврыг бий болгосоор байна” гэдгийг онцоллоо. Номын баярт оролцож буй зохиолчдоос сэтгэгдлийг нь сонсоход зохиолч Б.Галсансүх “Би жил бүр Номын баярт оролцдог. Энэ удаад өөрийн шүлгийн түүврүүдээсээ дэлгэлээ. Энэхүү баярыг жилд хоёр удаа зохион байгуулж байгаа нь миний шүлгийг уншдаг залуучуудтайгаа нүүр тулж уулзах ховорхон боломж гэж харж байна” гэсэн юм. Зохиолч Д.Төрмөнх “Номын баярыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болсноор энэхүү баярыг хүлээх уншигчдын тоо нэмэгдсэн болов уу гэж бодож байна. Уншигч зохиолч хоёр уулзана гэдэг сайхан шүү дээ. Ер нь дэлхий дээр ном уншдаг, уншдаггүй гэсэн хоёр төрлийн хүн бий. Тэгэхээр хүмүүс ном уншихгүй байна гэсэн ярианд би дургүй. Учир нь уншдаг хэсэг нь л уншчихсан байхад болно” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 100 (7344)