“Зууны мэдээ” сонин энэ оноос эхлэн сард хоёр удаа нийтийн эрх ашгийг хамгаалсан эрэн сурвалжлах нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд бид бэлэн гоймонгийн зохистой хэрэглээг сануулах үүднээс таван төрлийн бэлэн гоймонг шинжилгээнд өгсөн. Шинжилгээгээр давсны хэтэрсэн хэрэглээ, амт оруулагч, цаашлаад хар тугалга илэрсэн нь Монголд бэлэн гоймонгийн шинжилгээ болоод хяналт шалгалт ямар түвшинд байгааг харуулсан. Үүнээс гадна бэлэн гоймонг ямар ч тусгай зөвшөөрөлгүй, хүнсний бүтээгдэхүүн гэсэн нэрийдлээр хараа хяналтгүй оруулж ирж байгаа нь монгол хүний эрүүл мэндэд заналхийлсэн үйлдэл гэж онцлоод буй. Тэгвэл манай нийтлэлийн дараа Нийслэлийн прокурорын газраас нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бэлэн гоймон худалдаалдаг зах, хүнсний худалдааны газар болон импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад шалгалт хийжээ.
Бэлэн гоймон оруулж ирэхэд тусгай зөвшөөрөл шаарддаггүй
Эрэн сурвалжлах бүтээлээ нийтлэхээр судалгаа хийж байх үед манай улсад жилд 6000 гаруй хүн хавдраар оношлогдсоноос 4600 гаруй нь хожуу шатандаа орчихсон үедээ мэддэг гэж ХСҮТ-ийн эмч нар онцолж байсан юм. Эдгээр хавдрын дийлэнх нь элэгнийх. Харин араас нь ходоодны хорт хавдар зуузай холбож байна. Манай улс ходоодны хорт хавдраас шалтгаалах нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг юм. Ялангуяа, хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, халуун ногоог байнга хэрэглэснээр ходоод шархлах, цоорох цаашлаад ходоодны хорт хавдар үүсэх шалтгаан болж буйг Хүний их эмч Б.Амаржаргал ч хэлж байсан юм. Тэгвэл өнөөдөр бидний өргөн хэрэглээний нэг болсон бэлэн гоймонд халуун ногоо, давсны хэмжээ хамгийн ихээр агуулагддаг. Манай улсад энэ бэлэн гоймонгуудад тавих хараа хяналт байна уу. Улаанбаатар хотын Гаалийн газрын Хорио цээрийн алба нь Гүний гаалийн хяналтын бүсүүдээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын хяналтыг хийж ажилладаг байгууллага. Нийт 42 байцаагч зургаан хяналтын чиглэлээр 14 гүний гаалийн хяналтын бүсэд хяналт тавьж байна гэсэн мэдээллийг бидэнд өгч байв. Эх сурвалжийн хэлж буйгаар “Импортоор орж ирж буй барааг тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэж хоёр ангилдаг. Харин бэлэн гоймон нь тусгай зөвшөөрөлгүй, хүнсний бүтээгдэхүүн гэж орж ирдэг. Бэлэн гоймон импортлохын тулд заавал аж ахуйн нэгж буюу компани байх ёстой гэсэн шаардлага л тавьдаг. Манай улсад импортоор орж ирж буй бүтээгдэхүүнийг гүний, хилийн хяналтын аргаар шалгадаг. Хилийн хяналт гэдэг нь Монгол Улсын зах хязгаар бүс, боомтууд дээр байгаа хяналтыг хэлдэг. Харин Улаанбаатар хотын Гаалийн газар нь гүний хяналтыг 14 терминал дээр хийж байна. Өмнө нь импортоор орж ирж буй бүтээгдэхүүнүүдийг Гаалийн ерөнхий газар дээр шинжилгээнд өгөөд, гүний хяналт хийж оруулдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд их олон нэр төрлийн бараа орж ирдэг болсон учир ачааллаа дийлэхээ больсон. Тиймээс тодорхой бичиг баримтыг нь шалгаад оруулж байна” гэсэн. Тэгэхээр өнөөдөр бидний, ирээдүй болсон хүүхдүүдийн ходоод руу орж буй бэлэн гоймон ямар ч шинжилгээнд хамрагдалгүй, дэлгүүрийн лангуун дээр очиж байна гэсэн үг.
19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонд шалгалт хийв
Нийслэлийн прокурорын газраас нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хийсэн шалгалтын үр дүнг харахад Монгол Улс одоогоор бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог. Өнгөрсөн онд 79 аж ахуйн нэгж 14 улсаас 10212.38 тонн, 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 41 аж ахуйн нэгж 11 улсаас 3111.46 тонн бэлэн хоол, гоймон оруулж ирснээс 75.6 хувь нь Хятад, 19 хувь нь Солонгос, 1.9 хувь нь Индонезоос оруулж ирсэн байна. Шалгалтын хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн 13, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэг, бэлэн гоймон импортлогч есөн аж ахуйн нэгж болон 23 объектын 27 агуулахыг шалгаж, 19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонгийн гарал үүсэл, шинжилгээний дүн, хаяг шошго, сав баглаа боодол, хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдлыг хянан үзэж, зарим нэр, төрлийн бэлэн гоймонгоос дээж авч Стандарт хэмжил зүйн газрын лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ. Шалгалтын явцад хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаагүй, хүнсний агуулахууд холбогдох стандартыг бүрэн хангаагүй, хог хаягдлыг ялган ангилаагүй зэрэг зөрчил гаргасан байна. Мөн нэр бүхий найман газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөхийг даалгажээ. Монгол Улсын хүнсний аюулгүй байдал буюу монголчуудын идэж байгаа “хоол” эрүүл, баталгаатай юу гэдэг нь нэг номерын асуудал. Гэтэл Монголын төр хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд анхаарах бодлого туйлын хангалтгүй, хэрэгжилт “тэг” зааж байгаа нь Үндэсний аудитын газрын шалгалтаар удаа дараа тогтоогджээ. Аудитын шалгалтаар хүнсний аюулгүй байдлыг хангасан олон улсын чанарын стандартад нийцсэн шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд хүртээмжтэй хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн аудитын шалгалтаар хүнсний салбарын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцыг тогтмол хугацаанд үнэлж дүгнэдэггүй, залгамж чанар, уялдаа байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ чухал салбарын бодлого төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын үйл ажиллагаа, судалгаа хийх, сургалт, өдөрлөг зохион байгуулах хэмжээнд хэрэгжиж байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Ганцхан жишээ дурдахадад ХХААХҮЯ-ны “Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын Хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2015 оноос хойш мэргэжлийн бус хүн хүн буюу 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар Физикч мэргэжилтэй хүн ажиллаж байсныг аудитын газрын тайланд дурдсан байв.
Бэлэн гоймонд давтан шинжилгээ хийдэггүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, 2022 оны тавдугаар сард ҮАБЗ-ийг хуралдуулж, энэ талаар зөвлөмж гаргасан. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлсэн. Тэрбээр “...Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдана. Үр дүн ч гарах ёстой” гэсэн. Тэгвэл хүнсний аюулгүй байдлын тухайд түүний хэлснийх нь эсрэг үйл ажиллагаа хэвээрээ үргэлжилсээр байна. Уг нь бэлэн гоймонд чиг үүргийнхээ дагуу ХХААХҮЯ хяналт тавьж байх ёстой. Тэгээд ч Мэргэжлийн хяналт тараад хүнсний хяналт нь энэ яаманд шилжсэн. Яамных нь сайд, дарга нар “Хүнсний хувьсгал” гээд Ерөнхийлөгчийг хаана явна, дагаад л харайлгаад байдаг. Дагаж очоод гоё гоё “эрүүл хүнс” ярина. Гэтэл импортоор орж ирдэг энэ тодорхойгүй бүтээгдэхүүнийг “...Бид мэдэхгүй, зөвшөөрөл өгдөггүй” гээд сууж байна. Монгол Улсын зах зээлд 30 гаруй жил ноёрхож, буй бэлэн гоймон хилээр орж ирээд шинжилгээний бичиг нь бүрэн л бол ямар ч дахин давтан шинжилгээгүйгээр дэлгүүрүүдийн лангуун дээр очдог ажээ. Мөн Монгол Улсын хэмжээнд бэлэн гоймонд тавих тусгай стандарт гэж байхгүй. Зүгээр л хүнсний бүтээгдэхүүн гээд хэдэн зуун вагоноор орж ирсээр байна. Стандартчилал хэмжил зүйн газраас 2014 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 42 дугаар тогтоолоор түргэн болдог бэлэн гоймон “MNS CAC 249” стандартыг баталсан. Уг стандартад бэлэн гоймонгийн орц, найрлага, хадгалах хугацааны талаарх тайлбар, мэдээллийг монгол хэлээр орчуулахыг заасан байдаг ажээ. Гэвч энэ нь хөрсөн дээр бууж, хэрэгжихгүй байсаар 10 жилийн нүүрийг үзжээ. Уг стандарт нь бэлэн гоймондоо тохироогүй, харьцуулах олон улсын стандартгүй байгаа нь анхаарал татаж байна. Хэрэв та бэлэн гоймон идэх гэж байгаа бол уутных нь ард байх найрлага орц нь монгол хэлээр байна уу гэдгийг заавал хараарай, байхгүй. Зөвхөн энэ жишээ л өнөөдөр бэлэн гоймон гээч ямар ч стандарт, хараа хяналтгүйгээр, хаяг шошгоны зөрчилтэй, дураараа авирлаж байгааг харж болно. Тиймээс Нийслэлийн прокурорын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар, цаашлаад харъяа яам, холбогдох байгууллагууд ганцхан удаа шалгалт хийгээд өнгөрөх бус шат дараатайгаар байнга шалгалт, үзлэг явуулж, бэлэн гоймон гээч хоол бус хоронд анхаарлаа хандуулж, Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалаасай гэж хүсэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. Пүрэв ГАРАГ. № 93 (7337)