Базарбямбын НЯМСҮРЭН

 

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерийн шагналтнууд өчигдөр тодорлоо. Энэ жилийн Пулитцерийн шагналтнуудыг тодруулахдаа дайн байлдаантай, сөргөлдөөнтэй байгаа бүс нутагт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтнуудын бүтээлийг алдаршуулахад илүүтэй чиглэсэн байлаа. Тухайлбал, “Нью-Йорк Таймс” сонин өнгөрсөн аравдугаар сарын 7-нд Израилын өмнөд хэсэгт хийсэн ХАМАС-ын довтолгооны талаар өргөн хүрээг хамарсан томоохон сурвалжилга бүтээсэн нь ил тод байдлыг олон нийтэд харуулж чадсан шилдэг бүтээл хэмээн нэрлэгдэж, энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ.

Мөн “Ройтерс” агентлаг аравдугаар сарын 7-ны дайралт болон Израилын хариу арга хэмжээний талаар шуурхай мэдээлснээрээ шилдэг гэрэл зургийн шагналыг хүртсэн байна. Түүнчлэн энэ жилийн хувьд Газ дахь дайныг сурвалжилж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын амжилтыг тусгайлан үнэлжээ. Мөн Пулитцерийн шагналыг Оросын сөрөг хүчний улс төрч, “Вашингтон Пост” сонины нийтлэлч Владимир Кара-Мурзад олгохоор болсон байна.

АНУ-ын Колумбын их сургуулиас уламжлал болгон гардуулдаг Пулитцерийн шагналыг анх 1917 оны зургаадугаар сарын 4-нд гардуулж байсан түүхтэй. Өнгөрсөн зууны эхэн үед амьдарч байсан, сонины сэтгүүлч Жозеф Пулитцер 1911 онд нас барахдаа өөрийн нэрэмжит шагналыг бий болгоход бүх өв хөрөнгөө гэрээслэн үлдээсэн гэсэн домог мэт яриа бий. Тухайн үед шагналын санхүүжилтэд зориулан 250 мянган ам.долларыг хуваарилахдаа "сэтгүүл зүйн дөрвөн бүтээл, захидал, жүжгийн дөрвөн шагнал, боловсролын нэг шагнал, аяллын дөрвөн тэтгэлэг" хэмээн шагналын төрлүүдийг онцгойлон зааж байжээ. Харин өдгөө шагналын төрлийг сонин, сэтгүүл, онлайн сэтгүүл зүй, уран зохиол, хөгжмийн зохиолын салбарт гаргасан амжилтуудад зориулан 23 төрөлд шагнал олгох болжээ. Мөн шагналыг багагүй хэмжээний мөнгөн урамшуулал дагалддаг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 92 (7336)