Н.Жаргалмаа

Түнхэл тосгоны иргэд өдөр тутмын амьдралаа тулгарч буй бэрхшээл хүндрэлүүдээс үүдэн засаг захиргааны нэгжийн статусыг дээшлүүлж сум болох хэрэгцээ шаардлагатай талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Иргэдийн төлөөлөл “ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг буюу Түнхэл тосгон нь нийслэл хотоос 130 км, Мандал сумаас 45 км зайтай Хараа, Түнхэл голуудын бэлчирт оршдог. Нийт 900 гаруй өрх буюу 3100 гаруй хүн амьдран суудаг суурин юм. Газар зүйн алслагдмал байдлаас үүдэн иргэд, ахмад настны эрүү мэндийн үйлчилгээний хүртээмж сул. Түүнчлэн цагдаа, онцгой байдлын алба зэрэг нэн яаралтай тусламж үйлчилгээ авахад цаг хугацаа алдаж, хохирол сүйрэл гарах өндөр эрсдэлтэй нөхцөл байдалтай байна. Мөн тосгоны иргэд төрийн үйлчилгээ авах боломж хомс, Мандал сумаас алслагдсан байрлалтай учир сумын хөгжлийн бодлого, төсөл хөтөлбөрүүдээс гээгдэх, төсөв, хөрөнгийн ялгаварлалд өртдөг. Иймд дээрх асуудлуудыг харгалзан үзэж багын иргэдийн нийтийн хурлын дөрөвдүгээр сарын 15-ний өдрийн хуралдаанаар 100 хувийн саналаар сумын статустай болохыг дэмжсэн.

Тиймээс зөвлөл Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт хуульчлан баталгаажуулсан "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” хэмээн баталсны дагуу Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг дагуу Түнхэл тосгоны иргэд засаг захиргааны статусаа дээшлүүлэх албан ёсны хүсэлтийг ийнхүү уламжилж байна” гэлээ.

Иргэд сумын статустай болсноор орон нутгийн хөгжил, нийгэм, эдийн засгийн асуудлуудаа өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж цаашлан аж ахуй нэгж, бизнесийн төрөл бүрийн хэлбэр, салбаруудыг бий болгон, төсөв санхүүгээ бүрдүүлэн хөгжих бүрэн боломжтой хэмээн үзэж байна гэв.

Эх сурвалж: www.zms.mn