Н.Жаргалмаа
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгэмд аюултай хэмжээнд хүрч гэмт хэрэгтнүүд өөрийн үйлдсэн хэрэг тохирсон ял шийтгэлийг эдлэхгүй байгаа асуудлаар “Босоо хөх Монгол” НҮТББ-ийн гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. “Босоо хөх Монгол” НҮТББ-ын тэргүүн Г.Ганхуяг “Сүүлийн үед хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа насанд хүрээгүй охидыг хүчирхийлэх, ам насанд нь халдах аймшигтай гэмт хэргүүд ихсэх болсон. Маш олон бяцхан охид хүчирхийлүүлж, амиа алдаж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үндэсний аюулгүй байдал заналхийлэх хэмжээнд хүрсэн. Гэвч хэрэг үйлдсэн этгээдүүд хэдхэн жилийн ял явдаг. Мөн хугацаанаасаа өмнө суллагддаг, өршөөгддөг. Хөвсгөл аймагт 8 настай охиныг хүчирхийлж дараагаар амь насыг нь бүрэлгээд мөчлөн хаясан хэрэг үйлдсэн этгээд одоо суллагдах гэж байна. Нийгэмд онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээд гарч ирэх гэж байна.
Тиймээс бидний зүгээс үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан цаазын ялыг сэргээх нь зөв буюу үндэслэлтэй гэдгийг шалгуулах хүсэлт гаргаж байна. Үндсэн хуульд заасны дагуу хүн амь явах эрхтэй. Гэвч ирээдүй болсон бяцхан охидын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа эдгээр гэмт хэрэгтнүүд нь үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдаж байна. Тиймээс бид цаазыг ялыг халах олон улсын конвенцоос татгалзах хэрэгтэй. Энийг боломжтой гэдгийг шалгуулах болно” гэсэн юм.
Мөн цаазын ялыг халах олон улсын конвенцоос гарах боломжгүй тохиолдолд дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ямар нэг өршөөлд хамрагдах, хугацаанаасаа өмнө суллагдах зэргийг хасах зохицуулалт хийж өгөхийг шаардаж байгаагаа мэдэгдлээ.
Эх сурвалж: www.zms.mn