Н.ЖАРГАЛМАА

Ойрхи Дорнодод өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний асуудал хүндхэн байдалд хүрээд байна. Израилын талаас нээсэн гал  Сири дэх Ираны консулын газар луу онилж ихээхэн хохирол үзүүлжээ. Энэ асуудлаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерриш хүлээцтэй байхыг сөргөлдөгч талуудад уриаллаа.

Тэрээр  ням гарагт зохион байгуулагдсан Аюулгүйн зөвлөлийн яаралтай хурлын үеэр хэлсэн үгэндээ “Ойрхи Дорнодод нөхцөл байдал муудаж, дайны байдалд шилжих эрсдэл ойрхон байна. Бид энэхүү хурцадмал байдлыг нэн даруй намдаах хэрэгтэй. Ингэхдээ дээд зэргээр хүлээцтэй байж бүс нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахад голлон анхаарах шаардлагатай” гэв.

Мөргөлдөөний нөхцөл байдлын талаарх хамгийн сүүлийн мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд талууд олон зуун нисгэгчгүй онгоц, агаарын пуужингуудын харвасан байна. Ираны талаас хөөргөсөн пуужингуудын ихэнхийг сөнөөж чадсан ч Израилын өмнөд хэсэгт байрлах цэргийн баазыг сүйтгэсэн байна. Цөөн тооны хүмүүс шархдаж амь эрсдсэн тохиолдол гараагүй гэсэн юм. НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч Амир Саид Иравани Аюулгүйн Зөвлөлийн даргад илгээсэн захидалдаа “Сүүлд гал нээсэн явдал нь Израйлын удаа дараа үйлдсэн зэвсэгт түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ юм. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-ний Дамаск дахь Ираны консулыг бөмбөгдсөний эсрэг хариу цохилт” хэмээн тодотгосон байна. Энэ тухайд Антонио Гутерриш “НҮБ-ын дүрэмд аливаа нэг улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг  хүч хэрэглэхийг хориглосон байдаг. Түүнчлэн олон улсын хууль тогтоомжийн дагуу дипломат алба нь халдашгүй дархан эрхтэй. Үүнд консулын байр, ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг мөн тооцдог. Аливаа нэг мөргөлдөөнтэй улс орнууд ямар ч нөхцөлд энэхүү дархан эрхийг хүндэтгэж олон улсын ёсзүйн дүрэм холбогдох хууль тогтоомжийг баримтлах ёстой” гэдгийг нийт гишүүн орнуудад дахин сануулъя гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн хурдацмал нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхэд олон улсын хамтын нийгэмлэг бүх талыг татан идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Газын зурваст хүмүүнлэгийн үүднээс галыг нэн даруй зогсоох, барьцааны хүмүүсийг ямар ч нөхцөлгүйгээр суллах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээнүүдийг саадгүй хүрэхэд анхаарах шаардлагатай. НҮБ болон бусад тусламж үйлчилгээ үзүүлж буй олон улсын байгууллага, бусад эрх бүхий талууд Газын зурвасаас үүдэлтэй бүс нутгийн жижиг мөргөлдөөнүүдийг намжаах хэрэгтэй. Ливан-Израилын хил дээрх асуудал, Улаан тэнгисийн хямрал зэргийг онцоллоо.

Эцэст нь “Бид энх тайвныг сахин хамгаалах нийтлэг чиг үүрэгтэй. Дэлхийн аюулгүй байдал өдрөөс өдөрт хангаж байна. Энэ зуунд дэлхий нийт дахин ямар ч дайн мөргөлдөөнийг үзэх ёсгүй” хэмээн хэлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)