Н.Жаргалмаа
2024 он эхлээд хэдийн нэг улирал өнгөрлөө. Дэлхийн улс орнууд, Үндэстэн дамнасан корпорацууд эхний улирлын санхүүгийн тайлангаа гаргаад байна. 2024 оны I улирлын дүнд БНХАУ-ын эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарчээ. Сүүлийн жилүүдэд удаашралтай байсан тус улсын эдийн засаг өнгөрсөн оны сүүлээс эхлэн өсөлт ажиглагдах болсон юм. Тодруулбал 2023 оны IV улиралд эдийн засгийн өсөлт 5.2 хувь хүрсэн. Дотоодын болон олон улсын шинжээчид дээрх өсөлтийг сайшааж, I улиралд эдийн засгийн өсөлт 4.5 хувьтай байна хэмээн тооцоолсон юм. Тайлангийн дүн дээрх хүлээлтийг давж, дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг сэргэж байна.
Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хадгалахыг зорьж буй юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт "Morgan Stanley"-гээс тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд 4.8 хувьтай байна хэмээн тооцоолж буй талаараа мэдээлээд байна. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар БНХАУ-ын экспорт болон инфляц буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: www.zms.mn