Түмэнжаргалын ИЧИНХОРЛОО
Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө оруулалтын зээлийн эрсдэлийг харуулсан статистик мэдээллийг танилцуулжээ. Энэ үеэр эрэлттэй байгаа өмчийн статистикийн тайланг мөн танилцуулсан байна. “Хөрөнгө оруулалтын зээлийн эрсдэл, эрэлттэй байгаа өмчийн статистикийн мэдээлэл, зах зээлд ашиглагдаагүй боломж, уян хатан байдлыг харуулж байна” хэмээн тэд үзэж буй.
Энэхүү статистик мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосноор эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хийж байгаа ажил хэмээн тайлбарлажээ. Судалгааны тайланд зээлдэгчийн төлбөрийн түүх болон алдагдалд орсон учир шалтгааны талаар дурдсан байлаа. Тодруулбал, алдагдалд орсон улс орнууд дефолт зарлах хэмжээнд хүрч байсныг судалгааны дүн харуулж байгаа юм. Ийнхүү дефолт болж байсан тухай мэдээллийг судалж тайлан болгож байгаа нь анхных хэмээн танилцуулгын үеэр хэлсэн байна. “Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк улс орнуудын 1985 оноос хойших хугацааны дефолт болон зээлийн эргэн төлөлтийн мэдээллийг судалгаанд хамруулсан. Ингэснээр зээлийн үнэлгээний агентлагууд болон хувийн хөрөнгө оруулагчдад тус банкны зээлийн эрсдэлийн талаар илүү гүнзгий ойлголттой болоход тусална” хэмээн тэд онцлов.
Судалгаанаас харахад 1986 онд дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй дефолт болж байсан. Тодруулбал, тухайн жилд дефолт 11.5 хувь болж өссөн. Дараагаар нь 2003 онд ахин өсөж 10.3 хувь болсоныг Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас танилцуулав. Энэ өсөлтүүдэд тухайн улс орны үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бизнес, үйлчилгээний салбар хамгийн өндөр нөлөө үзүүлдэг байна. Тодруулбал хамгийн сүүлийн судалгаанд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бизнес, үйлчилгээний дефолт 5.6 хувь, дэд бүтэц, байгалийн нөөцийн дефолт 3.1 хувь, санхүүгийн байгууллагуудын дефолт хоёр хувьтай гэж гарсан байна.
1981 оноос хойших жилийн дундаж төлбөрийн хэмжээ 0.7 хувь, хамгийн өндөр нь 4.5 хувь байгаа бол хамгийн бага нь 0 хувь байна.
Дэлхийн банкны бүс нутгуудаас Африк 6.7 хувийн дефолттой байгаа нь хөрөнгө оруулалтаас үүдэлтэй гэж үзэж байгаа аж. Харин бусад бүс нутгийн дефолт 3.2 - 4.5 хувийн хооронд хэлбэлзэж буй. Энэ нь орлогын мэдээллээс үүдэлтэй хэмээн үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь бага орлоготой орнууд 8.6 хувь буюу хамгийн өндөр дефолттой байгаа бол эдийн засгийн орлого дундаж болон их улс орнуудын дефолт бага хувьтай гарчээ.
Дэлхийн банкны группийн ерөнхийлөгч Ажай Банга “Өмчийн мэдээлэл дэлхийн нийтийн сайн сайхны төлөө байх ёстой. Тиймээс мэдээллийг олон нийтэд хуваалцах нь ил тод байдлыг хангаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ гэж үзэж байна. Энэ судалгааг ил тод болгох шалтгаан бол эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Үнэн бодит, чанартай судалгааг олон нийтэд танилцуулахын тулд жил гаруй хугацаанд 1985-2023 оныг хамарсан дефолт мэдээллийг сэргээсэн нь энэ юм” хэмээн судалгааны танилцуулгын үеэр хэлжээ.
Олон улсын санхүүгийн корпорацийн хувийн хэвшлийн багц 1986-2023 он хүртэл 4.1 хувьтай байсан нь шинээр хөгжиж буй зах зээлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын ашиглагдаагүй чадавх, уян хатан чанарын байдлыг харуулж байна хэмээн тус судалгааны дүгнэлтэд дурдсан байгаа юм. Түүнчлэн ОУСК-ийн дотоод үнэлгээний системээр "сул" гэж үнэлэгдсэн хөрөнгө оруулалтын хувьд 2017-2023 оны хооронд анхдагч хувь хэмжээ ердөө 2.6 хувь байсан. Энэ нь өндөр эрсдэлтэй гэж үзсэн хөрөнгө оруулалт боловч хүлээгдэж байснаас илүү үр дүнтэй болохыг харуулж байна.
Мөн бүрэн эрхт зээлдэгчдийн хувьд төлбөрөө төлөхгүй байх тохиолдол ховор байжээ. Жилд дунджаар 0.7 хувь байгаа ба Дэлхийн банк үндсэн зээл болон хүүг нь оруулаад өр төлбөрийн 90 гаруй хувийг барагдуулдаг. Энэ нь Дэлхийн банкны зээлдэгчийн статусыг илүүд үзэж, зээлийн эрсдэлийг үр дүнтэй удирдах чадвартай байгааг онцолж байна. Улсын дефолт алдагдал 0.01 - 58.5 хувийн хооронд хэлбэлзэж байгаа нь зээлийн хүүгийн нөлөөлөл болон дефолт үргэлжлэх хугацааг харуулж буй аж.
Дээрх тайлан нь эдийн засгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад эрсдэл, урамшууллын хэмжээг хэмжих арга хэрэгсэл болж байгаа юм. Ингэснээр хөгжиж буй зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх замаар эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга гэж дэлхийн банк тодорхойлов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 75 (7319)