Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ. Ээлжит зочин маань Отгоны Мөнхзаяа. Тэрээр дэлхийн аялал жуулчлал, бизнесийн салбарын томоохон тоглогч АНУ-ын “Гранд Серкл” корпорацын урилгаар арав гаруй жил ажиллаж байна. Анх Монгол Улс дахь төлөөлөгчөөр ажлаа эхэлсэн нь Хойд Азийн бүсийн ерөнхий менежер, Азийн бүсийн гүйцэтгэлийн менежментийн захирал, Ази, Номхон далай, Африкийн бүсийн бизнес хариуцсан дэд ерөнхийлөгч болох карьерын замд хөтөлжээ. Одоо компанийнхаа Бостон хот дахь төв салбарын Ази, Номхой далайн бүсийн бизнесийн захирлаар ажиллаж байна.
Мөн тэрээр АВЖИ паблишн компанийг үүсгэн байгуулагч. Бизнесийн удирдлага болон төслийн менежментээр 23 дахь жилдээ мэргэшин ажиллаж байгаа, эрх зүйч, хууль зүйн ухааны магистр юм.
МОНГОЛЫН ГОВИОС ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРСАН МӨРӨӨДӨЛ
-Өдөр тутамдаа гурван тивийн 10 гаруй оронтой харилцаж ажилладаг гэхээр таны ажил, амьдрал хэрхэн өрнөдөг нь ихээхэн сонирхол татаж байна. Гэхдээ энэ асуултыг азнаад төрж өссөн нутаг уснаас эхлээд манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Би ерөөсөө л говийн хүүхэд. Ээжийгээ оюутан байх үед Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд, аймгийн аварга малчин өвөө С.Пүрэв, эмээ Д.Бор нарынхаа гар дээр олон зуун хонь хурга хариулж өссөн. Нутгийнхан өвөө, эмээг маань Аваа, Өлөө хэмээх авгайлан дууддаг нэрээр нь андахгүй. Манайх малчин удмын хүмүүс. Харин яг хүй цөглөсөн газар маань Дорноговь аймгийн Сайншанд сум. Тэгэхээр Дорнын говьд мэндэлж, өмнийн говьд өссөн хэмээн бэлгэшээдэг.
Өмнөговь аймгийнхаа Даланзадгад суманд дунд сургуульдаа суралцаад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи-орос хэлний багш мэргэжлээр дүүргэсэн. Ажлын гараагаа “Арабеск” орчин үеийн бүжгийн төвийн менежерээр эхлүүлж, нэгэн үе Монголд орчин үеийн бүжгийн төрлийг хөгжүүлэх мөрөөдлөөр жигүүрлэн 21 аймгийнхаа театрын бүжиг дэглээч, бүжигчид, театрын гэрэлтүүлэгч нарт Унгар болон Өмнөд Солонгосын бүжиг дэглэгчдийн ур чадвараас суралцах боломжийг олгох сургалт зэрэг олон сургалт, арга хэмжээг зохион байгуулж байсан.
Тэгж байтал 2003 оноос “Өлсгөлөнгийн эсрэг хөдөлгөөн” Францын хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж эхлээд Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, алслагдсан дүүргүүд болох Налайх, Багахангайд өрхийн амьжиргааг газар тариалангийн үйл ажиллагаагаар дэмжих, хүнсний аюулгүй байдлын судалгаа авах ажлыг хариуцан ажилласан. 2000-аад онд траншейнд амьдардаг олон хүн байсан шүү дээ. Тэдгээр нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийн зовлон бэрхшээлийг ойлгож, амьжиргааг нь дэмжих чиглэлээр судалгааны ажил хийж төслийн саналд тусгуулснаар үр дүнд нь Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдэд газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэх иргэдийн таван холбоо 2006 онд байгуулагдаж, мөн тус дүүргүүдийн зорилтот сургууль, цэцэрлэгүүд иж бүрэн усалгаатай хүлэмжийн аж ахуйтай болж, одоо ч үйл ажиллагаа нь үргэлжилж байна.
2007-2013 онд Мерси Кор олон улсын байгууллагад ажиллахдаа иргэний нийгмийн зургаан төсөлд гар бие оролцож, Монгол Улсад иргэдийн оролцоотой сайн засаглалын туршлагуудыг нэвтрүүлэхэд орон нутгийн болон үндэсний хэмжээний төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилласан нь томоохон туршлага болсон. Тухайлбал, 2008-2011 онд Монгол Ралли байгууллагын санхүүжилтээр орон нутгийн 50 гаруй иргэний нийгмийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, үр дүнтэй төсөл хэрэгжүүлж, хяналт үнэлгээ хийх арга зүйгээр хангах чиглэлээр ажилласан. Мөн удирдан ажилласан төслийн маань хүрээнд зудын гамшгийн дараах хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой Нийгмийн хамгааллын сүлжээ төслийн үр дүнд зудад малаа алдаж сум, аймгийн төв бараадсан 3000 гаруй өрх сэтгэл зүйн сургалтад хамрагдахын зэрэгцээ мэргэжил олгох курст суралцаж, ажил олгогч нарын дэмжлэгээр ажлын байртай болж байлаа. 10 аймагт хэрэгжсэн энэ төсөл нийгэм-эдийн засгийн хамгааллын тогтолцоог цогцоор нь бий болгосон сайн туршлага болсон шүү. Мерси Кор байгууллагад миний удирдаж байсан өөр нэг төсөл бол 15 аймагт 2012 оноос хэрэгжсэн APPEAL юм. Авлигатай тэмцэж, сайн засаглалыг бэхжүүлэх зорилготой энэ төслийг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Авлигатай тэмцэх газар, аймгуудын Иргэдийн төлөөлөгчийн хуралтай байгуулах санамж бичгүүдийг төслийн удирдагчийн хувиар боловсруулан батлуулснаар төслийн тогтвортой үйл ажиллагааны суурь тавигдсан. Энэ мэтээр Монголд иргэний нийгмийн тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх чиглэлд арав гаруй жил ажилласан нь залуу хүний хувьд мэдлэг, туршлага хуримтлуулсан, нийгэмдээ хувь нэмрээ оруулсан үнэ цэнтэй аялал байлаа.
- “Өөрчлөлтийг бүтээгч” нарт зориулсан АНУ-ын төрийн департментын хөтөлбөрт таны нэрийг дэвшүүлж байсан юм билээ. Дараа нь Жорж Вашингтоны их сургуульд хүний эрхийн чиглэлээр мастер хамгаалсан гэхээр хүний эрхийн чиглэлээр мэргэшиж ажилласан байх нь. Харин хэзээнээс дэлхийг хэрэн хэсэж олон соёлоос суралцах аялал жуулчлал, бизнесийн салбартай холбогдов?
-Манай төслийн удирдлагын үр нөлөөг үнэлж 2012 онд АНУ-ын Элчин сайдын яамнаас “Өөрчлөлтийг бүтээгч” нарт зориулсан АНУ-ын төрийн департментын хөтөлбөрт нэрийг маань дэвшүүлж байлаа. Мөн Мерси Кор байгууллагын залуу үеийн манлайлагчдыг бэлтгэдэг Entrepreneur Leadership хөтөлбөрийн тэтгэлгийг 2011 онд хүртэж, АНУ-ын Портландын их сургуулийн бизнесийн сургуулийн нэг жилийн хөтөлбөрийг дэлхийн 25 орны Мерси Корын манлайлагч залуусын хамт дүүргэсэн.
Нийгмийн сайн сайхны төлөөх ажлынхаа хажуугаар англи хэлээ сайжруулах, олон соёлоос суралцах хоббитой байсан бөгөөд хааяа нэг жуулчны хөтөчөөр ажилладаг байв. Гэтэл 2013 онд АНУ-ын аялал жуулчлалын салбарын хамгийн том компаниудын нэг болох Гранд Серкл корпорацаас ажлын урилга авч, өнөөг хүртэл 11 дэх жилдээ дэлхийн аялал жуулчлал, бизнесийн салбарт ажиллаж байна. Монгол Улс дахь төлөөлөгчөөр эхэлсэн уг ажил маань Хойд Азийн бүсийн ерөнхий менежер, Азийн бүсийн гүйцэтгэлийн менежментийн захирал, Ази, Номхон далай, Африкийн бүсийн бизнес хариуцсан дэд ерөнхийлөгч болох карьерын замд хөтөлсөн л дөө. Одоо компанийнхаа Бостон хот дахь төв салбарын Ази, Номхой далайн бүсийн бизнесийн захирлаар ажиллаж байна. Азийн 14 орон, Австрали, Шинэ Зеланд зэрэг нийтдээ 16 орныг хамран аялал жуулчлалын бүтээгдэхүүн боловсруулах, хүний нөөцийг чадавхжуулах, хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн асуудлыг зохицуулах, байгууллагын соёлыг бэхжүүлэх, харилцагчийн үйлчилгээг сайжруулах чиглэлд орон орны багт зөвлөн ажилладаг. Бид Гранд Серкл корпорацын дэргэдэх Гранд Серкл сангийн үйл ажиллагааг хариуцан бүс нутагтаа дэмжин ажилладаг бөгөөд 2013 оноос хойш Монгол Улсдаа олон мянган ам.долларын төслийг хэрэгжүүлэх боломж тохиосон. Үүний нэг нь Өнөр бүл асрамжийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Хөвсгөл аймгийн Хатгал сумын сургуулийн охидын дотуур байрны дээврийн засвар, Налайх дүүргийн номын санг тохижуулах, Соёлын төвийн үйл ажиллагааг дэмжих, одоогоор Баянзүрх дүүрэг дэх Ид шидийн орны үйл ажиллагааг дэмжих зэрэг 100 гаруй мянган ам.долларын өртөгтэй төслүүдийг дурдаж болно.
Манай байгууллага 1992 оноос хойш 50 гаруй оронд 850 тэрбум төгрөгийн хандив өгснөөс Монголд 2013 оноос хойш 400 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн байх жишээтэй.
Хэдийгээр Англи хэлний орчуулагчийн мэргэжил эзэмшсэн ч хуульч болох зорилгодоо хүрэхийн тулд 2017 онд Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн хуулийн сургуульд олон улсын харьцуулсан эрх зүй, олон улсын хүний эрхийн чиглэлээр магистрын зэргээ 2022 онд хамгаалсан. Сурч байхдаа “Авлигаас үүдэлтэй агаарын бохирдол ба хүний эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг хангахад төрийн үүрэг” чиглэлээр олон улсын эрх зүйн харьцуулсан судалгаа хийсэн нь багш нараас өндөр үнэлгээ авсан л даа. Энэ судалгаагаараа оюутнуудын суралцах үйл явцад оюуны хөрөнгө оруулалт, онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж Жорж Вашингтоны их сургуулийн хуулийн сургуулиас жил бүр хоёр гадаад оюутанд өгдөг шагналыг хүртэж байсан даа. Үүгээр ч зогсохгүй овог нэрийг маань сургуулийн самбарт мөнхөлсөн нь Монгол Улсынхаа нэрийг гаргасан бахархалт мөчүүдийн нэг болсон сайхан дурсамж болж үлдсэн дээ.
ЧАНАРГҮЙ ЗАМ, УТАА, ТҮГЖРЭЛ, АГААРЫН БОХИРДОЛ ЗЭРГЭЭР ТӨРИЙН БУРУУГААС БОЛЖ ХОХИРСОН БОЛ ТӨР ИРГЭНИЙХЭЭ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Монгол шиг утаагаа шийдэж чадахгүй хэдэн арван жил болж байгаа орны хувьд таны судалгааны сэдэв сонирхолтой юм. Агаарын бохирдол авлигаас үүдэлтэй гэдгийг тогтоосон кейс байдаг уу. Судалгаанаас ямар үр дүн гарсан бэ?
-Олон улсын эрх зүйн хүрээнд харьцуулсан судалгаа хийсэн. Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа. Агаарын бохирдлыг байгаль орчны асуудал гэхээсээ хүний эрүүл мэндийн асуудал гэж харж, улс орнууд эрх зүйн системдээ хэрхэн тусгаж байгаа, тэр дундаа авлигатай холбож үзсэн эсэх талаар нь судалсан юм. Монголд өвөл ханиад хүрээгүй хүн хэд байдаг билээ. Тэр болгонд гардаг зардлыг нарийн тооцож гаргаж ирдэггүй. Хүний эрүүл мэндэд нөлөөлж буйг хүн бүр мэддэг, ярьдаг ч төрөөс хариуцлага нэхэж байгаа нь ховор. Гэтэл улс орнууд агаарын бохирдлоос болж хүний эрүүл мэнд хохирч буйг шүүхээр шийдэж эхэлсэн. Үүний нэг кейс бол 2020 оны өвөл Лондонгийн шүүх есөн настай охины нас баралтын шалтгаан агаарын бохирдлоос болсон гэсэн дүгнэлт гаргасан явдал юм. Охин астма өвчнөөс болж нас барсан юм билээ. Охиных Лондонгийн өмнөд хэсэгт автозамын сүлжээ буюу олон замын уулзварт амьдардаг. Гэр бүлийнхэн нь шүүхээр уйгагүй явсны эцэст есөн настай охин автомашины яндангаас ялгардаг хортой бодисоор удаан хугацаанд амьсгалж, удамшлаас гадна төрийн буруутай үйл ажиллагаа буюу агаарын бохирдол хүний амьд явах язгуур эрхийг зөрчсөн хэмээн үзэж анх удаа шүгэл үлээсэн дүгнэлт гаргасан. Хохирлыг мөнгөн хэлбэрээр барагдуулснаас гадна төр автомашины яндангаас ялгарч буй угаарын хийг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Есөн настай охины энэ кейс дэлхийн түүхэнд тэмдэглэхүйц болж үлдсэн төдийгүй 2022 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдаж 161 орны саналаар “Хүн бүр цэвэр агаараар амьсгалах эрхтэй” гэсэн дэлхий нийтэд шинэ хүний эрхийн хамгааллыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, үүнээс өмнө ихэнх улс орнууд агаарын бохирдлыг байгаль орчны асуудал гэж үздэг байснаас хүний эрхтэй холбож авч үздэггүй байсныг өөрчилсөн нь өндөр ач холбогдолтой. Улс орнууд агаарын бохирдлыг хүний амьд явах, эрүүл, цэвэр, тогтвортой орчинд амьдрах эрхтэй холбож хууль эрх зүйн орчиндоо тусгаж эхэлсэн. Мөн ДЭМБ агаарын бохирдлыг тодорхойлоход илүү нарийвчлалтай шинэ стандарт гаргаж мөрдүүлж байна. Улс орнууд энэ стандартад тохирсон байдлаар хуулиа өөрчилж эхэлсэн нь том дэвшил болж байна.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах, цэвэр агаараар амьсгалах эрхийг хангахад хэрхэн анхаардаг талаар бүс нутгуудыг харьцуулж үзэхэд европын холбооны улс орнууд нэлээн ахиц дэвшилтэй явж байна. Европын хүний эрхийн шүүхээс байгаль орчны асуудал, тэр дундаа агаарын бохирдол хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, гэр бүлээрээ амьдрах, мэдээлэл авах эрхийг хэрхэн зөрчиж буйтай холбогдсон 300 гаруй кейс шийдвэрлэсэн байх жишээтэй. Хорт хий ялгаруулж буй химийн үйлдвэрүүд болон төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хүний эрүүл мэнд хохирч буйг шийддэг болсон нь энэ системийн томоохон дэвшил юм.
-Агаарын бохирдлыг авлигатай холбож үзэх ямар үндэслэл байна вэ. Ялангуяа, төр засаг хүлээн зөвшөөрч бодит өөрчлөлт гарсан орон байгаа юу?
-Агаарын бохирдол юунаас болж үүсдэг. Яагаад дэлхий нийтээр анхаарч эхлээд байгааг улс орнууд тэр дундаа БНХАУ авлигатай холбож авч үзэж байна. Манай урд хөрш 2013 оноос авлигатай тэмцэх хөдөлгөөн өрнүүлж агаарын бохирдол хамгийн ихтэй хотуудад хэмжилт хийхдээ авлигатай холбож шинжилж үзсэн байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ногоон бизнес, байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжихгүй байна. Энэ шийдвэрийг гаргуулахгүйн тулд агаар бохирдуулагч томоохон үйлдвэрийн эзэд эрх мэдэлтэй хүмүүст авлига өгдөг. Тиймээс авлигын эсрэг тэмцэл эхлүүлж зургаан жилийн дараа гэхэд томоохон хотуудын агаарын бохирдол 21 хувиар буурсан байдаг. Үүнтэй адил Монгол Улсад агаарын бохирдлыг бууруулна гэж 20 гаруй жил ярьж байгаа ч Улаанбаатар дэлхийн хамгийн их утаатай хот хэвээр байна. Хэчнээн тэрбум төгрөг зарцуулаад ч агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй төрөл бүрийн өвчлөл нэмэгдсээр байгаа. Гэтэл хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнд хүрсэн эсэхийг хянадаг иргэдийн оролцоо, хөндлөнгийн үнэлгээний тогтолцоо сул, ойлгомжгүй. Агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлого, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, арга хэмжээ авлаа гэхэд эхлэхээс нь дуусах хүртэл иргэний нийгэм, иргэдийн хөндлөнгийн хяналт мониторингийг идэвхтэй хийх боломжоор хангах ёстой. Эхний ээлжинд ийм шийдэл хэрэгтэй байна.
Монгол Улс эртнээсээ харьцангуй хүний эрхийн мэдрэмжтэй орон учраас дэлхий нийтийн хүний эрхийн гол конвенциудад нэгдэн орсон байдаг. Үүгээрээ иргэдийнхээ өмнө үүрэг хүлээсэн гэсэн үг. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээнд агаарын бохирдлыг авлигатай уялдуулж тооцож байгаа эсэх, судалгаа хийж байна уу гэдгийг анхаарах ёстой. Хамгийн наад захын жишээ гэхэд ногоон автобусны кейс байна. Ашиглалтаас гарсан автобус үйлчилгээнд явсан бол яндангаас нь гарч буй угаарын хортой хий ямар олон хүн, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх байсан бол. Мөн шахмал түлшнээс болж угаартаж нас барлаа гээд байгаа. Гэтэл шахмал түлшний орц найрлагыг хөндлөнгийн байгууллагаар үнэн зөв шинжлүүлсэн үү, түүний мөрөөр сайжруулах арга хэмжээ авсан уу.
Монголд гарц шийдлийг нь арай өөрөөр харж болох бас нэг салбар бол автозамын осол. Автозамын эвдрэл гэмтлээс болж осол аваар гарсан бол тухайн замыг барьсан компани чанаргүй ажил хийснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Хэрэв хувийн хэвшлийн арчилгаа тордолгоог нь хариуцах хугацаа өнгөрсөн бол тухайн замыг шинэчилж засварлаагүй төрийн буруу. Тиймээс автозамын осол юунаас үүдэж гарсан, эвдрэл гэмтлээс шалтгаалсан бол хариуцах эзэн тодорхой байх ёстой. Зөвхөн автозам ч гэлтгүй утаа, түгжрэл, агаарын бохирдол зэргээр төрийн буруугаас болж иргэд хохирсон бол төр хохирлыг барагдуулдаг байх хэрэгтэй. Цөөхөн хүн амтай Монгол орны хувьд хүний амь нас хамгийн үнэ цэнтэй.
ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛЛААС ТАТГАЛЗАХ БУТАНЫ ЗАГВАРЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
-Дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр Монголыг холбох гүүр болж ажиллаж байна. Аялагчдыг Монгол руу татах, сэтгэл ханамжтай буцаах гээд саад бэрхшээл хэр байдаг вэ. Салбарын “гал тогоо”-нд нь ажиллаж байгаа хүний хувьд төрийн бодлого болоод хувийн хэвшилд байгаа асуудлыг нэлээн бодитой олж хардаг байх?
-Нэг үеийг бодоход гадаад ертөнц Монголыг мэддэг болсон байна. Гэхдээ аялагчдыг хүлээж авахад бид бэлэн үү. Нэг хүнийг сэтгэл хангалуун аялуулаад буцаахад тэр хүнээр дамжиж хамгийн багадаа 10 аялагч ирэх боломжтой. Өнгөрсөн аравдугаар сард буюу манайх шиг сэрүүн оронд бараг аяллын улирал өндөрлөж байхад жуулчид олон ирсэн харагдана лээ. Олон хүн ирж байгаа нь сайшаалтай. Гэхдээ нэг удаа Солонгос охид ариун цэврийн өрөөнд орж чадахгүй зогсож байсан. Тэр нь хотын зах руу гардаг манайхны нэлээд гайгүй сүлжээ дэлгүүр байсан л даа. Хажуугаар нь зөрж очоод би ч бас орж чадаагүй. Үнэхээр хүн орох аргагүй бохир заваан. Сэтгэл эмзэглэсэн. Харьцангуй хотын төв шахуу боловсон ариун цэврийн өрөө ийм байхад хөдөө замд нүхэн жорлон ямар байдаг билээ. Хүний наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь “Бид бэлэн” үү гэдэг маш том асуултын тэмдгийг бий болгож байна. Энэ хэвээр үргэлжилбэл хүн нэг л ирнэ, дахиж ирэхгүй, найз нөхдөдөө сурталчлахгүй. Өөрөөр хэлбэл, бид жуулчдыг нэг л удаа авах бодлого баримтлаад байна уу, урт хугацаандаа олон жуулчин авчрах уу гэдэг асуултад хариулт хэрэгтэй.
Дараагийнх нь орон нутгийн нислэг хүндрэлтэй. Хэн аялах мөнгөтэй байдаг вэ гэвэл нас ахисан хүмүүс. Манай компаниар аялагчдын ихэнх нь 50-аас дээш насны америк, канадууд байх жишээтэй. Энэ хүмүүс машинаар явахад ядарна, цаг хугацаа алдана. Тиймээс онгоцоор нисэхийг илүүд үздэг ч орон нутгийн тогтмол нислэггүй, долоо хоногт хоёр удаа ниснэ гэсэн ч хуваарь тогтмол өөрчлөгддөг болохоор олон аяллыг цуцлах шаардлагатай тулгардаг. Аялал жуулчлалын идэвхтэй үе тавдугаар сараас эхэлдэг. Гэтэл манай орон нутгийн нислэг зургаадугаар сарын сүүлчээс тогтмолжоод, есдүгээр сар гарангуут зогсчихдог. Уг нь налгар намартай говийн бүс рүү аялал авч болохоор. Нислэг байхгүйгээс олон аялал цуцлагдаж, тэр хэрээр Монгол Улс маань маш их ашиг орлогоо алдаж байна. Бид тогтмол нислэгтэй болно гэсэн үгэндээ хүрдэггүй учраас нэг талдаа гаднын хамтрагч компаниуд залхаж, дотоодын компаниуд асар их алдагдал хүлээдэг. Энэ асуудлыг мэдэхгүй хүн байхгүй. Гэхдээ шийддэг хүн ч алга. Нислэгээ тогтмол болгоод түүн дээрээ маркетинг хийж чадвал олон тооны мөнгөтэй жуулчдыг татаж болно.
Манай компаниар дамжин Монголд аялсан жуулчдын сэтгэл ханамж 2023 оны төгсгөлд 92 хувьтай буюу 100 хүн тутмын 92 нь аялал “ маш сайхан” байлаа гэж дүгнэсэн нь манай улсын потенциалыг тод томруунаар харуулж байна. Энэ амжилт нь аялал жуулчлалын зах зээл дээрх тоглогчид. Өөрөөр хэлбэл, малчин айлууд, жолооч нар, тогооч нар, жуулчны баазууд, хөтөч тайлбарлагч нар, үндэсний үйлдвэрлэгчид, тусгай хамгаалалттай газрын захиргаа, морь, тэмээ унуулдаг иргэд гээд бүх оролцогчид баг болж ажилласны үр дүн.
-Монголын онцлогт тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц шийдлийг хэрхэн харж байна вэ. Үйлчилгээгээ сайжруулахаас гадна үзүүлж харуулах зүйлдээ хэрхэн анхаарах вэ?
-Монголчууд нэгдэх хэрэгтэй. Тур операторууд дор бүрнээ таван хүн авъя гэж явснаас нийлээд хүссэн тооны жуулчнаа татаж болно. Үүргэвчтэй аяллаас татгалзах Бутаны загварыг Монголд хэрэгжүүлэх боломжтой. Тус улсын тур компаниуд нэг бодлогоор ажилладаг. Бутанд жуулчны тоо биш, үнэтэй, чанартай, сөрөг нөлөө багатай байх нь сонин байдаг. Бутанд очсон нэг аялагч өдөрт 250 - 400 ам.доллар заавал зарцуулах ёстой. Бутан улс Хятад, Энэтхэг хэмээх хоёр том гүрний дунд оршдог, Буддын соёлтой, нэг сая гаруйхан хүн амтай, зарим талаараа манайхтай тун төстэй улс.
Иймд бид жилдээ хэнийг ч хамаагүй авчирч, ямар ч хамаагүй аялал явуулах юм уу, эсвэл үнэ цэн бий болгох өндөр өртөгтэй, байгаль орчныг бага талхлах аялалд анхаарах юм уу гэдэг бодлогоо эхлээд тодорхойлох хэрэгтэй. Дэлхийд байхгүй зүйлийг Монголд үзэх боломжтой учраас үнэ ханшаас болоод ирэхгүй байна гэж үгүй. Нүүдэлчин соёл иргэншил, амар тайван орчин гээд энэ онцлогоо үнэтэй борлуулж болно. Манайд аялахдаа ямар үнэ төлөх вэ гэдгээ тодорхойлсны дараа тэр мөнгийг юунд зарцуулах вэ гэдгээ тайлбарлах нь чухал. Тухайлбал, таны оруулсан хөрөнгийг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, аялал жуулчлал зэрэг дөрвөн секторт зарцуулна. Та бол аялагчаас гадна манай улсад аялснаараа хүн амын хөгжилд, дэлхийн ямар нэг асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм шүү гэдгийг ойлгуулж чадвал тэр хүний аялал ямар их утга учиртай болох вэ. Гэтэл өнөөдөр аялал жуулчлалаас орж буй мөнгийг бид юунд зарцуулж буй нь тодорхойгүй байна. Ядаж бие засах газрын асуудлаа шийдчихгүй байна.
Визний асуудал бий. Аялал жуулчлалын компаниар дамжуулж виз өгч болно. Ингэхдээ Монголд ирээд хог хаяхгүй, дураараа зорчихгүй, заасан маршрутаас өөр газраар явбал оруулахгүй зэргээр маш тодорхой зохион байгуулалттай байлгаж болно. Хилийн орчмын Ралли аялал хийлээ гэхэд маш нарийн зохион байгуулахгүй бол газар нутгийг хоёрхон жилд талхлаад дуусгана. Тодруулбал, орчин үед эмх цэгцтэй, дүрэм журмаа мэддэг байх аялал жуулчлал трэнд болж байна.
АМЬДРАЛ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ
-Таны “Амьдрал үзэсгэлэнтэй” номыг уншихаар их олон зүйлд эерэгээр нөлөөлөгч боллоо гэж уншигчид бичсэн байсан. Мөн Нью Иорк Таймсын шилдэг зохиолч Колин Хүүвэрийн зохиолыг орчуулсан нь бүсгүйчүүдэд амьдралыг өөрөөр харах цонх нээсэн болов уу?
-Амьдрал үзэсгэлэнтэй номыг ээжийнхээ дурсгалд зориулан бичсэн. Миний ээж Пүрэвийн Отгон 1958 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд найман хүүхдийн дунд охин болон мэндэлсэн. Илгээлтийн эзэн байхдаа арван жилийн боловсролыг оройгоор дүүргэн, улмаар ХААИС-д эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Ээж маань Өмнөговь аймгийн намын хороонд зааварлагч, хожим аймгийн захиргаанд нийтлэг үйлчилгээний албаны дарга зэрэг төрийн албыг насаараа хариуцлагатай хашсан эмх цэгцтэй, нямбай, олонд хүндлэгдсэн энгийн даруу хүн байлаа. Тэнгэрийн оронд одоод 20 жил болсон ч ээжийг маань дурсан ярих хүмүүс цөөрөөгүй нь үнэхээр бахархмаар санагддаг. Утга учиртай, нэг л зангаараа, хүн чанартай амьдраад буцсан болохоор амьдрал богиноддоггүй ажээ. Тиймээс ээжийгээ зүрх сэтгэлдээ мөнх гэж нандигнадаг.
Харин арав гаруй жил бодсоны эцэст “Амьдрал үзэсгэлэнтэй” номоо намтар зохиол хэлбэрээр олны хүртээл болголоо. Ингэхдээ өөрийнхөө амьдралын сургамжаас сэдэвлэн залуу, аав ээжүүдэд хэрэг болохуйц хүүхдийн хүмүүжлийн аргуудыг шигтгэж, мөн Монголдоо төдийгүй дэлхийн дэвжээнд ажиллахыг хүсэж мөрөөддөг залууст 20 гаруй жилийнхээ ажил мэргэжлийн замналынхаа оносон, алдсан бүхнээ хуваалцан, хязгааргүй мөрөөдөж, чин сэтгэлээсээ хүсэж чадвал боломжгүй зүйл нэгээхэн үгүйг хэлэхийг хичээсэн.
Намайг мөрөөдөлтэй болгосон говийн намхан бор толгод, эрхлүүлж өсгөсөн ээж тэнгэр, өвөө, эмээдээ, орон гэр, оочих аягагүй явахад тусалсан хүмүүс, дэлхий ямар уудам, хүмүүс ямар элгэмсүү байдгийг ухааруулсан олон сайхан ажил, хамт олон, эрдэмтэн багш, найз нартаа чин сэтгэлийн угаас талархаж явдаг.
Хүн бүрд хэлэх дуртай үг байдаг. Олон жилийн өмнөөс шинэ тэмдэглэлийн дэвтэр нээх бүрдээ “Амьдрал үзэсгэлэнтэй” гэж бичин гарын үсгээ зурж хэвшсэн юм. Яагаад ч юм энэ үг намайг өөдрөг болгон, хүч чадал оруулж, миний ертөнцийг илэрхийлж байгаа мэт санагддаг. Амьдрал олон өнгөтэй, тэрхүү өнгө болгон нь бидэнд баяр жаргал, сорилт, боломж, ухаарал, шинэ тэмүүлэл өгч байдгаараа үзэсгэлэнтэй. Амьдралд эргэлтийн цэг олон бий л дээ. Би зөн совиндоо итгэх дуртай. 20 жилийн дараа дэлхийн гурван тивийг хамааран ажиллах хувь заяа тохиох суурь нь Гадаад хэлний дээд сургуулийн Англи-Орос хэлний багшийн ангийн хуваарь байсан л даа. Тухайн үед МУИС-д элсэж орос хэл сурах сонголт байсан ч зөв совингоо дагаж Англи хэлний ангийг сонгосон нь өнөөдрийн цэлгэр урт замыг нээж өгч билээ. Тиймээс зөвхөн чиний мэдэрч чадах тэр дотоод мэдрэмж, зөн совин хамгийн хүчирхэг бөгөөд зөв замд чиглүүлдэг гэж боддог.
Харин Нью Иорк Таймсын шилдэг зохиолч Колин Хүүвэрийн “Эхлэхийн тулд төгсдөг” зохиолчийн бодит амьдралаас сэдэвлэсэн зохиолыг гэр бүлийн хүчирхийлэлд буй бүсгүйчүүд охидод зориулан монгол хэлнээ орчуулж гаргасан нь шилдэг борлуулалттай номын жагсаалтад тогтмол багтсаар байгаа.
-Амьдрал үзэсгэлэнтэй номыг уншихад олон зүйлийг өөрөөр харах, эрэл хайгуул хийх урам зориг өгдөг. Швейцарын Женев хотоос НҮБ-д ажилладаг эмэгтэй таныг Монголын говиос дэлхийн тавцанд өрсөлдөх чадалтай боловсон хүчин гарч ирсэн нууцаа хуваалцсан гэдгийг онцолсон байна лээ. Харин миний хувьд хамгийн сонирхол татсан нь “Дэлхийн цалин дэргэд байдаг, өөрийгөө үнэл” гэдэг хэсэг байлаа?
-Таны онцолсон хэсгийг багахан тодруулж хэлэхэд, ажил олгогч биднийг сонгож авдаг уу, бид ажлаа сонгодог уу гэдгийг эргэцүүлж байсан уу. Олон улс орны буюу Япон, Солонгос, Хятад, Өмнөд Африк, Тайланд, Зимбабве зэрэг Ази, Африкийн хүмүүсээс менежерийн ажлын байранд ярилцлага авах үеэр 80-аас дээш хувь нь цалингийн хэмжээгээ хэлэлцэхгүйгээр шууд хүлээн зөвшөөрч байв. Олон жил ажилласан туршлагатай, чадвартай хүмүүс шүү дээ. Тэгвэл санаа зовохгүйгээр мөрөөдлийнхөө цалинг яаж хэлэлцдэг вэ гэвэл “Алдах юм огт байхгүй” гэж бодвол та чадна. Өөрийгөө үнэлдэг хүнийг бусад хүн үнэлдэг юм шүү дээ. Харин өөрийгөө голох мэдрэмжээс салсан үед л үнэлэх мэдрэмж бий болдог. Том мөрөөдөл, хүссэндээ хүрэх боломж өөрийгөө үнэлж сурахаас эхэлдэг.
Өөрийгөө үнэлэхээс гадна энэ эх орноос бидэнд өгсөн өгөгдөл гэж бий. Дэлхийн 50 гаруй орноор аялан, 16 орны хүмүүстэй өдөр тутамдаа хамтран ажиллаж буй нь миний сайных биш өргөн уудам нутагтай Монгол орондоо төрж, хайрцаглагдалгүй хязгааргүй сэтгэх тэр өгөгдлийг эх орноосоо авсан гэж боддог.
-Тэгвэл таны дараагийн мөрөөдөл юу бол гэдэг маш их сонирхол татаж байна?
-Эхнийх нь дэлхийн бөмбөрцөг атгасан зургаа мөрөөдлийнхөө бэлгэ тэмдэг болгосон учраас номоо бичихээс урьтан дэлхийгээр аялж бага ч болов таньж мэдэх хэрэгтэй болсон мэт. Дараа нь ээждээ зориулж номоо бичиж дуусгалаа. Харин одоо эрх зүйн салбартаа түлхүү ажиллаж, сурсан мэдсэнээрээ Монгол Улсынхаа хүн амын хөгжилд хувь нэмрээ оруулах, хүний эрхийг хамгаалан бататгахад дуу хоолой, олон улсын холбогч гүүр байхыг зорьж байна. Монголын төдийгүй Азийн эмэгтэйчүүдийн хөгжил, боловсролыг дэмжих сангийн үйл ажиллагааг эрхэлж олон охид эмэгтэйчүүдийг аз жаргал өөд хөтлөхийг хүсэж мөрөөдөж явдаг даа. Хүний амьдралын утга учир эд материалд биш, хэн нэгний амьдралд, эх орондоо, энэ дэлхийдээ бий болгосон үнэ цэнд оршдог.
Ээж багаас минь л “Чихэр хуваахдаа томыг нь найздаа” гэж сургаж төлөвшүүлсэн. Ээжийн энэ сургаал сэтгэлд хоногшиж, амьдралын зарчим болжээ. Өгөх зан чанарт багаасаа суралцаагүй бол өнөөдөр миний амьдрал нэлээн доогуур байх байсныг сайн мэдэж байна. Орчин үед хэнд юугаар тусалснаа нийгмийн сүлжээнд бичиж нэр төр хичээгсэд олширчээ. Хүнд өглөг өгсөн бол угтаа чин сэтгэлийнх байж, бусдад зарлах хэрэггүй юм. Буян төөрдөггүй гэдэг. Үүнтэй холбож нэг жишээ хэлэхэд 2021 онд Мерси Кор байгууллага Монгол Улсад ажилласан 22 жилийн ажлаа өндөрлөснөө зарлаж, энэ хугацаанд Монголын төр, иргэний нийгэм болон жижиг дунд бизнесүүдийг чадавхжуулахад 66 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулсан талаар тайландаа тусгасан байдаг. Мерси Кор бол өөрийн эргэлтийн хөрөнгөгүй жирийн нэг төрийн бус байгууллага. Гагцхүү өгөөмөр хандивлагчдын хөрөнгөөр энэ олон жил Монголын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан юм. Мөн одоо миний ажиллаж буй корпорацын маань дэргэдэх Гранд Серкл сан 1992 оноос хойш дэлхийн 50 гаруй оронд 250 гаруй сая ам.долларын хандив өгөөд байна. Хандивлагчид нь жирийн л аялагчид. Ийм л энгийн хүмүүсийн өгөөмөр сэтгэл дэлхийн хүмүүсийн амьдралыг өөрчилсөөр. Өгөөмөр байх сэтгэлгээг хөгжүүлж чадвал эх орон минь хурдтай хөгжиж, үр хүүхдүүд минь илүү сайхан дэлхийд амьдарна. Өгөх тусам өсөн арвиждаг нь бас л ертөнцийн хууль.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 70 (7314)